"Тамгагүй төр жүжгээр Б.Баатар улаан шугам татчихлаа"

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

"Тамгагүй төр жүжгээр Б.Баатар улаан шугам татчихлаа"

"Тамгагүй төр жүжгээр Б.Баатар улаан шугам татчихлаа"

Тэр бол төрмөл жүжигчин. Хэдийгээр түүнийг хошин урлагийн дүрээр нь илүүтэй хүлээж авдаг ч цөөн тайзны бүтээлээрээ өөрийгөө тамгалж, дүрээ амьдруулдаг уран бүтээлч. "Тамгагүй төр" жүжгийг Ачирын дүрд 24 жилийн дараа тоглож буй тэрбээр сэтгүүлчдийн ярилцахыг хүсч буй жүжигчний нэг. Тэр ч утгаараа түүнтэй холбогдож, яриа өрнүүлэхээр Улсын драмын театрыг зорив. 


– “Хэвтрийн хүн”, “Гэм зэм”, “Тамгагүй төр” гээд тайз, дэлгэцийн сор бүтээлүүдэд тоглож, тэсрэлт хийж, тэс өөрөөр өөрийгөө үзэгчдэд таниуллаа. Тэр тусмаа зөөлөн, хошин төрхтэй Дооёо эсрэг дүрд тоглоход хэцүү байв уу?

-Сүүлийн уран бүтээлээсээ эхэлье. Үзэгчид “Тамгагүй төр” жүжгийг маш их өндөр хүлээлт, үнэлгээтэйгээр хүлээн авч байгаад баяртай байна. Миний хувьд “Херо” энтертайнментын жүжгийн Ачир хүүгийн дүрд сонгогдсон нь маш их аз. Амьдралд минь тохиолдсон түүхийн нэг боллоо. Би 24 жилийн өмнө "Тамгагүй төр" жүжигт тоглож байсан бол одоо идэр насандаа энэ дүрд тоглож байна. Залуу хүүгийн дүрд тоогдож, урилгаар тоглож байгаадаа баяртай байна.

Мөн “Хэвтрийн хүн” кино зохиол их өвөрмөц төсөл байсан. Зохиолч Г.Аюурзанын зохиолыг уншиж байхад би жүжигчин хүнийхээ үүднээс нүдэндээ харж, төсөөлж, өвөрмөцөөр хүлээж авсан учраас эцгийн дүрд тоглосон.

Тухайн дүр нь нэг тийм хүйтэн хөндий, зөвхөн тархиараа бүх зүйлд ханддаг, зүрх сэтгэл гэж байхгүй, хоосон эрийн дүр. Тэр дүрийг гаргахын тулд нэлээд ур чадвар шаардсан.

Намайг хошин урлагийн дүр төрхөөр минь хүлээж авчихвий гэсэн бодлоос салгаж, ажил мэргэжлийг маань хүндэтгэн, энэ дүрд сонгосон С.Бямба найруулагчдаа талархдаг. Миний хувьд “Гэм зэм” жүжигт М.Батболдын урилгаар тоглосон. Энэ бол нэлээн хүнд төрлийн жүжиг. Гэхдээ бидний хувьд жүжигчин гэдэг л мэргэжлийг эзэмшдэг болохоос биш инээдмийн, драмын жүжигчин гэж төгсдөггүй. Жүжигчин хүн бүх жанрт хувирч, тоглох ёстой. Сүүлд тавдугаар сарын дундуур нээлтээ хийхээр төлөвлөж буй “Тэгри Чину” кинонд эсрэг талын дүрд тоглосон. Нас яваад хүнд дургүй хүрмээр харагддаг болсон юм байлгүй. Ихэвчлэн эсрэг дүрд тоглож байна даа./инээв/

-Бөхөөр бол эр бяр нь амтагдана гэж ярьдаг. Таны хувьд яг тийм цаг үе чинь ирчихсэн юм шиг?                                                                         

-Жүжигчдийн хувьд нас их чухал байдаг. Амьдралыг үзэж туулж,  элдэв зүйлийг шингээн, жирийн хүмүүсээс илүү тусгаж, хүлээж авч явдаг. Тэр нь тайз, дэлгэцийн бүтээлд тоглоход нэмэр болдог. Ядаж амьдрал үзсэн хүний үг, хоолойн өнгө, нүдний харц хүртэл их өөр болсон байдаг шүү дээ. Тиймээс өөрийн тоглолтын мөн чанарыг илүү бодитойгоор хүргэж чадах насандаа явна гэж ойлгож байна.

Үзэгчид хуурамч, хиймэл зүйлийг огт хүлээж авдаггүй. Тийм болохоор миний мэргэжлийн гол онцлог болсон амьдралын хөрсийг гаргах тэр ажил маань магадгүй миний настай холбоотой байх.

-24 жилийн өмнө “Тамгагүй төр” жүжгийн Ачирын дүрд тоглосон. Залуу Дооёо, ид насны, өмнөөс минь хараад сууж байгаа өнөөдрийн Дооёо хоёр юугаараа ялгаатай байв. Өмнөх дүр дээрээ дахин ажиллаж, амьдруулна гэдэг жүжигчин бүрт заяахгүй ховор боломж, хувь тохиол биз дээ?

-Тэгэлгүй яахав. Залуухан байхдаа их мундаг жүжигчидтэй хамтран "Тамгагүй төр"-д тоглож байлаа. Тэднийхээ хавсарга дунд бас гайгүй л тоглосон юм шиг санагдаж байсан. Эргээд харахад цаг хугацаа их хурдан өнгөрч, бүх юмны чанар танигдаж байна. Жүжигчний ажлыг болчихлоо гэж бодох боломжгүй. Амьдрал үргэлжилж байдаг учраас шинэ дүр төрх, шинэ мэдрэмжийг гаргаж ирэх ёстой болдог.

Залуу насандаа тоглож байсан дүр дээр илүү ажиллаж, жижиг деталиудыг хүртэл найруулагчийнхаа зөвлөснөөр хүргэхийг хүсч байна. Тийм болохоор үзэгчдэд маань их таатай хүрч байгаа болов уу. Насны хувьд ч, амьдрал болон мэргэжлийн туршлагын хувьд ч эрс ялгаа мэдрэгдэж байна.

-Та анх “Тамгагүй төр” жүжгийн Ачирт биш Хүчирт тоглох гэж байсан гэдэг яриа сонсож байсан. Хэрэвзээ Хүчирийн дүрд тоглосон бол гэж бодогдох үе байдаг уу??

-Анх дүр хуваарилалтаар Хүчирийн дүрд 24 жилийн өмнө хуваарилагдаж байсан. Б.Лхагвасүрэн ах зохиолоо өөрөө уншиж, өгөхдөө “Би цэцэг гэдэг үгийг хүртэл харамлаж оруулсан. Хэтэрхий гоёддог гээд байсан учраас хоёр газар л шигтгэж өгсөн.

Тухайн үед Хүчирийн дүр “Ээжээ” гэдэг ганцхан үгтэй байлаа. Жүжигчин хүнд огт үггүй болон ганц үгтэй хэсэг илүү хэцүү байдаг. Илүү ур ухаан шаардаж, тэр богино хугацаанд дүрийг илтгэж гаргах шаардлага үүсдэг.

Миний хувьд бусдын итгэлийг хүлээж, нээлтэд Ачирын дүрд тоглохоор болж байлаа. Гэхдээ би Хүчирт хуваарилагдаж байхдаа огт гомдож байгаагүй. Жүжигчин хүнд оногдсон дүр бүхэн өндөр хариуцлага, аз жаргал байдаг.

-Магадгүй таны настай холбоотой байсан байх?

-Магадгүй. Ер нь Б.Лхагвасүрэн гуай яагаад Хүчирийн дүрд ганцхан үг бичсэн юм бол гэдгийг их удаан бодсон. Жүжигт яагаад энэ хүүхдийн хувь тавилан үргэлжилсэнгүй вэ гэж. Одоо хоёр дахь тавилт дээр Хүчирийн тухай илүү дэлгэрэнгүй болгож, залуу жүжигчин Б.Шинэбаяр маань тоглож байна.

Тэр олон жилийн дараа Хүчирийн үргэлжлэлийг Б.Баатар найруулагчийн жүжгээс харж байгаадаа баяртай байна. Сонгодог жүжгийн дүрээр ярьвал Хүчир бол яг л монгол Гамлет байсан байна.

Тэр бузар булай, муу муухай болгоныг нүдээрээ харж, чихээрээ сонссон ариун нандин чин хүсэлтэй хүү Хүчир. Тэр бол жинхэнэ монгол Гамлет.

-Та яагаад нэг хэсэг театраасаа хөндийрч, хошин урлагийг сонгох болсон юм бэ. Та  драмын л жүжигчин юм байна шүү дээ?

-Би оюутан байхдаа Ч.Найдандорж найруулагчийн найруулсан “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрд хуваарилагдсан. Миний хувьд их том аз завшаан. Тэр дүр их хурц эрэмгий, цайлган сэтгэлтэй, хийх юм ихтэй дүр. Тухайн үед Драмын театрт журмын дагуу төгсөгчдөөс хоёр оюутан сонгогдсоны нэг нь би байлаа. Тухайн үед театрын захирлаар ажиллаж байсан Б.Зориг дарга маань их сайн хүн байсан. Театр маань хэдийгээр хаалгаа хааж, үзэгчгүй болж байсан боловч сор бүтээлүүдийг тайзнаа тоглож байлаа.

Жишээлбэл, Ч.Найдандорж найруулагч “Ромео Жульетта”, Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр”, Б.Мөнхдорж найруулагчийн “Цусан тахилга”, Г.Доржсамбуу найруулагчийн “Өрлөг жанжны өчил”, Б.Баатар агсны “Харанхуйд юу ч харагдахгүй” гэх мэт шилдэг жүжгүүд тавигдсан.

Би амьдралдаа хүн болгонд эрхэлж явсан. Тэр олон сайхан мундаг найруулагч нарт эрхэлж, хайрлуулж, хамт олны хүчээр олон сайхан дүрүүдэд тоглож байсан. Гэхдээ тухайн үед эдийн засаг хямарчихсан, театрын цалин үнэхээр бага байлаа. Нэг сарын цалин 39 мянган төгрөг байлаа шүү дээ. Би эхнэртэй болсон байсан учраас. Театрын цалин тавихаар хоёр талаас оочерлоно. Нэг талаас цалингаа авах гэсэн хүмүүс, нөгөө талаас өрөө авах гэсэн хүмүүсийн оочер тулдаг байлаа. Гэхдээ тэр үед мөнгөнөөс илүү сэтгэл гэдэг зүйл театрт ноёлж, театрт хайртай хүмүүс бэрхшээлийг тоолгүй ажилладаг байсан.

Ч.Найдандорж найруулагч маань“Х-ТҮЦ” хамтлагийг үүсгэн байгуулж, хошин урлагт өөрийн мэдэлгүй хөл тавьсан. Гэхдээ энэ бүхэндээ огт харамсдаггүй. Хошин урлагаар зөв явах юм бол жүжигчнийг маш сайхан задалж чаддаг. Учир нь жүжигчний сэтгэхүй,  ур чадвар, үзэгчтэй харилцах мэдрэмжийг их сайн хөгжүүлж өгдөг. Хүмүүс баргийн юманд инээдэггүй. Тэднийг бодитой зүйл л инээлгэж чаддаг. Тийм болохоор миний жүжигчин болох туршлагын суурь мэдээж хошин урлаг байлаа.

Би хошин урлагт ороод хүмүүст танигдсан гэж боддог. Хүмүүс миний “Нутгийн ганц гацаа” хүүгийн дүрийг их онцолдог. Хамтлагууд тухайн үед дор хаяж жилд дөрвөн шинэ уран бүтээл хийж, ихэнх дүр мартагдаад л өнгөрдөг. Гэтэл тэр дүр одоог хүртэл тод үлдсэнд их баяртай байдаг юм.

-Драмдаа буцаад очиход ямар сэтгэгдэл төрж байна?

-Драмын театр гэдэг тусдаа статустай. Гэхдээ миний зориг эрмэлзлэл, цаашид амьдрах хүч энэ болгоныг Б.Баатар найруулагч маань надад өглөө. Надад өөрөө ч мэдэлгүй маш сайхан урам, сэтгэлийн дэм, уран бүтээл хийх хүсэл тэмүүллийг энэ жүжигтэй хамт бэлэглэлээ. Би тав зургаан жил урлагаасаа завсарлага авсан. Хүн амьдралд алхаж байгаад хэсэг зуур зогсох нь заримдаа зөв байдаг. Өнгөрсөн хугацаанд өөр өөрийгөө ойлгож, мэдэрлээ. Тэр цаг хугацаанд зүгээр суулгүй олон зохиол бичиж, эхнэртэйгээ хамтран бизнес хийж, гэр бүлийнхээ төлөө хариуцлагаа үүрлээ.

Мэдээж драмын театрын тайзан дээр тоглох цаанаасаа өөр байдаг. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг дээ. Зөөлөн оргиж, бүх сайхан дурсамжууд сэргэж, нээлттэй сайхан тайзан дээр эргэн тоглож байгаа нь миний хувьд их сайхан байна.

 Хуучин хүмүүс “Урлагт нэг орсон хүн гарч чаддаггүй” гэж ярьдаг байлаа. Залуу насныхаа аагиар “Тэр нь ч юу юм бэ” гэж боддог байсан үе бий. Гэхдээ тэр тайзаа санаж, зүүдэлдэг гэдэг нь үнэн юм билээ. Энэ театрт буцан ирж, тайзан дээрээ тоглож байхдаа өөрийгөө өчүүхэн гэдгээ мэдэрч байна. Амьдрал үнэхээр баян юм. Цаг хугацаа гэгч бүхнийг мартуулдаг дахин сэргээдэг хүчтэй зүйл байна. Энэ хугацаанд театрынхаа түүхэнд үлдэж хоцрох дүр хийж чадсан уу үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулах байх.

Мэдээж энэ бүхнээс урам авч, “DOZ” энтертайнмент уран бүтээлээ хийнэ. Гэхдээ бид “Тамгагүй төр” жүжгээр Б.Баатар найруулагч улаан шугам татчихлаа. Энэнээс доогуур байх эрхгүйг бүх уран бүтээлчдэд харуулж чадлаа. Үүнээс дээш гарахын төлөөд чармайн ажиллана даа.

-Хань нь АНУ-д урлагийн чиглэлээр сурч байгаа юу. Том хүү нь бас аавынхаа зам мөрийг үргэлжлүүлж, найруулагчаар сурдаг бил үү?

-Хар багаасаа машины ард сууж, ажил дээр ч хамтдаа хонож байсан хүү маань өөрийн мэдэлгүй урлагийн зам руу ордог юм байна. Бид хоёр жүжигчин учраас ген гэж байна. Манай бага охин гэж их даруухан гэмгүй царайтай хэрнээ ахынхаа богино хэмжээний кинонд тоглодог. Охиныгоо их мундаг тоглож байна гэж харж байгаа. Мэргэжлийн зүгээс харсан ч их зөв замаар явж байна гэж харж байна.

Манай хүү найруулагчийн чиглэлээр гадаадад сурдаг. Одоо эх орондоо ирчихсэн байгаа. Бид хоёрын зарчим бол одоо болчихлоо гэж сэтгэл ханаж, биеэ тоогоод хүний хийж чаддаггүйг хийсэн юм шиг зан гаргадаг хүн биш.

Тийм болохоор ч тэр үү өшөө суралцах хэрэгтэй гэдэг үүднээс эхнэр маань АНУ-д жүжигчин, продюсерын чиглэлээр суралцаж буй. Миний хувьд ч гэсэн дахин суралцах бодолтой байгаа. Үргэлжлүүлэн суралцаж, олон сайхан дүр бүтээхийг хүсч байна.

-Ер нь гэр бүлд нь урлагийн хүн бий юу. Энэ цаг мөчид аав, ээж нь хүүгээрээ бахархаж суугаа байх?

-Манай гэр бүлийнхэн дотор жүжигчин хүмүүс байхгүй. Ээжийн минь тал их уран хүмүүс байсан гэдэг. Миний ах бол зураач хүн. Мэдээж гэр бүлийн хувьд намайг эргэн тайзан дээр гарч, олон хүмүүсийн баярын алга ташилт, шүүмж сонсч байгаад баяртай ханддаг. Манай хадам аав маань миний олон зүйлийг тэмдэглэж үлдээгээд бичиж, үлдээсэн байдаг. Одоо ээж маань өндөр настай хүн бий. Хүүгээ тайзан дээр гарч байгааг сонсоод их баяртай байгаа.

Бидний сонгосон зам бол олны нүдэнд ил байдаг. Миний хувьд магтаал, шүүмжлэлийг олон удаа сонссон. Тэр тусам нь даруу байж, хүнд зөв сэтгэлээр хандахыг хичээдэг. Зэмлэлээс илүү ажил мэргэжлийн буянаар олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж байгаадаа баяртай байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Эвлүүлэгч Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж