Орос дайны хүрээгээ тэлэхээр төлөвлөсөн үү?

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

Орос дайны хүрээгээ тэлэхээр төлөвлөсөн үү?

Орос дайны хүрээгээ тэлэхээр төлөвлөсөн үү?

Украины хөрш, хуучин ЗХУ-ын харъяа байсан Молдавт өнгөрсөн долоо хоногт гурван удаа томоохон дэлбэрэлт болсон. Уг дэлбэрэлтийг Орос, Украины талууд бие бие рүүгээ чихэн булзааруулж байна. Харин олны дунд Донбассын түүх энд давтагдах вий гэсэн болгоомжлол үүсэв. Үүнтэй зэрэгцэн уг дэлбэрэлтүүдийн дараагаар дөрөвдүгээр сарын 27-нд тус бүс нутагт нисгэгчгүй онгоц үзэгдэж, буун дуу сонсогджээ. Дэлбэрэлтийн улмаас орос хэлээр мэдээ дамжуулдаг радиогийн хоёр цамхаг гэмтсэн ч хүний амь нас хохироогүй. Одоогоор халдлагын хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна.

Украины тал Оросын цэргүүдийг цаашдын ажиллагааныхаа шинэ байршил болгох зорилгоор зориуд шалтаг гарган, дэлбэрэлт үүсгэсэн гэж үзэж байна. Молдавын засгийн газрын эх сурвалжуудын мэдэгдсэнээр хэрвээ агуулахыг дэлбэлсэн бол дотор нь 2000 гаруй тонн тэсрэх бодис байжээ. Тэгвэл энэ нь 2020 оны Бейрутын дэлбэрэлтээс даруй 10 дахин том дэлбэрэлт болох юм.

Приднестровь болон Молдав нь хоёулаа Украины баруун талд байрладаг. Приднестровь нь Молдаваас салан тусгаарласан жижиг бүс нутаг бөгөөд Молдав, Украины хооронд оршдог. Зүйрлэвэл, Украины Донецк, Луганскийн бүс нутагтай адилтгаж болно. Приднестровь нь албан ёсоор Приднестровийн Молдавын бүгд найрамдах улс гэж нэрлэгддэг. 500 мянга орчим хүн амтай. 1990 онд ЗХУ задран унасны дараа Молдаваас тусгаарласан боловч хүлээн зөвшөөрөгдөөгүй бүс нутаг юм. Приднестровийн засгийн газар дефакто тусгаар тогтнолтой боловч олон улс болон НҮБ-д Молдавын нэг хэсэг гэж ойлгодог.

Энэ асуудал дээр зүүн Европын улс төрийн шинжээч ямар дүгнэлт өгснийг доор сийрүүлье.

Орос улс Приднестровийг тусгаар улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч тус бүс нутагт өөрсдийн цэргээ байрлуулдаг. Өнөөдрийн байдлаар Оросын 1500 орчим цэрэг Приднестровьт байрлаж байна. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл Приднестровь тусгаар тогтнолоо хадгалсаар байна. Приднестровь дахь цэргүүдийн 50-100 нь л орос, харин үлдсэн хэсэг нь ОХУ-ын пасспорт авсан Приднестровийн иргэд аж. Тэд бүгд Приднестровийн нутаг дэвсгэрт гэр бүлтэй, байнгын оршин суудаг.

Молдав улс Оросын цэргүүдийг Кишиневийн олон улсын нисэх буудлаар нэвтрэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Украин улс ч мөн 2015 оноос хойш нутаг дэвсгэрээрээ нэвтрүүлэхээс татгалзсан. Эдгээр тээврийн хязгаарлалтын улмаас Орос, Приднестровь хоёр тусдаа гэрээ байгуулсан гэхэд болно. Приднестровийн арми харьцангуй жижиг, ердөө 4500-7500 цэрэгтэй. Оросын цэргийн командлагч Рустам Миннекаев саяхан хийсэн мэдэгдэлдээ, “Орос улс Украины өмнөд нутгийг дайран Приднестровь хүртэл хуурай замын корридор байгуулахаар төлөвлөж байна” гэсэн.

Цэрэг байршуулаад зогсохгүй бусад талаараа ч тэд нягт холбоотой. Тэнд амьдардаг хүмүүсийн ихэнх нь орос хэлтэй бөгөөд засгийн газрыг нь Оросыг дэмжигч, салан тусгаарлагчид удирддаг. Түүнчлэн Орос улс Приднестровийг үнэ төлбөргүй байгалийн хийгээр хангаж, ахмад настнуудад нь тэтгэврийн нэмэгдэл олгодог аж.

ОРОС ЯАГААД ПРИДНЕСТРОВИЙГ СОНИРХОХ БОЛОВ?

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Молдавыг улс төрийн нөлөөллийн хүрээндээ байлгахыг Орос улс эртнээс эрмэлзэж ирсэн. Молдав улс өнгөрсөн гуравдугаар сард Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргажээ. Тэгвэл Приднестровь дахь Оросын цэргүүд Молдавыг айлгаж, барууны хүсэл эрмэлзлийг хязгаарлаж буй. Оросын цэргүүдээс хамаараад Молдав өөрийн хилээ бүрэн хянаж чадахгүйд хүрчээ. Хэрвээ бодлогогүй хөдөлвөл Приднестровь дахь Оросын цэргүүд байлдаанд бэлэн байгаа учир бүс нутгийг тогтворгүйтүүлж магадгүй гэсэн болгоомжлол бий. Гэтэл хил, нутаг дэвсгэрийн хяналтгүйгээр Молдав улс Европын холбоонд элсэх боломжгүй. Энэ нь Европын холбоонд элсэх нэг нөхцөл юм.

ПРИДНЕСТРОВЬ ОРОСТ ЯГ ҮНЭНЧ ҮҮ?

Мэдээж үнэгүй хий авч байгаа нь Приднестровь Орост үнэнч байхын нэг баталгаа болно. Гэтэл нөгөө талдаа Европын холбоо ч мөн адил шинэ худалдааны хэлэлцээрүүдээр дамжуулан Приднестровьт эдийн засгийн баталгаа олгосон. 2014 онд Орос улс Крымийг өөртөө нэгтгэсэн явдал нь Приднестровийн эдийн засгийн чиг хандлагыг баруун Европ руу хандуулжээ. Өдгөө Украины тал хилийн бодлогоо мөн чангатгаад буй тул гучин жилийн турш хууль бус бараа худалдаалахад ашиглагдаж байсан Приднестровийн гарц боломжгүй болов. Молдав улс 2014 онд Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулж, Приднестровийн нутаг дэвсгэрээс худалдаа явуулахыг зөвшөөрсөн.

Приднестровь болон Орос хоорондын худалдаа багассанаар тэд баруун Европ руу илүү чиглэх боллоо. Өнөөдрийн байдлаар Приднестровийн экспортын 70 гаруй хувийг баруун Европ эзэлж байна.

МОЛДАВЫН АРМИ ХЭР ХҮЧТЭЙ ВЭ?

Украинаас ялгаатай нь Молдавын арми Преднестровийнхоос хамаагүй цөөн бөгөөд сул юм. Молдавын идэвхтэй цэргийн алба хаагчдын тоо 6000 бөгөөд Оросын цэргүүдтэй тулгарах боломжгүй гэсэн үг. Тус улс нь 3.5 сая орчим хүн амтай, Европын хамгийн ядуу буурай орны нэг юм.

Молдавын хамгийн эмзэг салбар бол эрчим хүч. Оросын хийнээс 100 хувь хамааралтай тул Молдав улс Европыг мянга дэмжлээ гээд Москвагийн тойрог замаас гарч чадахгүй болоод байна. Цаасан дээрээс харахад Приднестровь нь Украин юм уу Молдав руу халдлага үйлдэх тун тохиромжтой цэг шиг харагдаж буй. Гэсэн хэдий ч Приднестровь дангаараа Украинтай тэмцэж дийлэхгүй ба Молдавын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэл ч байхгүй гэж болно. Хэдийгээр эдийн засгийн хувьд хүчгүй байгаа ч Молдав улс Украины 95 мянга орчим дүрвэгчийг хүлээж аваад байна. Энэ нь тус улсын хүн амынх нь 3.5 хувьтай тэнцэж буй.

Ямартай ч Молдав, тэр дундаа Приднестровийн иргэд дайныг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Цаашид илүү олон дэлбэрэлт, халдлага ч гарч болзошгүй тул хаана юу болох бол гэж хүлээх тийм ч хөгжилтэй биш байна гэж нэгэн иргэн хэлжээ. Украины хил давж Оросын цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдах эрчүүдийг дайчлана гэсэн цуу яриа ч мөн газар авлаа. Тиймээс олон хүн Турк, Польш, Чех зэрэг орнууд руу хэдийнэ дүрвээд эхэлсэн байна.

Эх сурвалж: THE CONVERSATION, THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж