"Х.Баттулгыг намын даргаар бүртгэх үндэслэл байхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

"Х.Баттулгыг намын даргаар бүртгэх үндэслэл байхгүй"

"Х.Баттулгыг намын даргаар бүртгэх үндэслэл байхгүй"

Ардчилсан намын 330 сумын намын дарга нар Их хурлаар батламжлагдсан намын дарга Х.Баттулгыг бүртгэх асуудлыг Улсын дээд шүүхэд шаардлага хүргүүлжээ. Эл асуудлаар 330 сумын намын дарга нар  өнгөрсөн Бямба гаригт /2022.04.30/ хуралдаж тамгаа дарж гарын үсгээ цуглуулсан байна. Мөн энэ сарын 8-нд улс орон даяар сумын намын дарга нар хуралдахаар товложээ. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнээс тодрууллаа.


 –Ардчилсан намын 330 сумын дарга нар Х.Баттулгыг дэмжиж тамгаа дарж, Улсын дээд шүүхэд ханджээ. Тэгэхээр танай намын тамга хүчингүй болсон гэсэн үг үү?

-Юуны өмнө тамгатай холбоотой асуудлыг эхлээд тайлбарлъя. 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуучин тамгыг хүчингүй болгож шинэ тамга хийх захиргааны акт гарсан. Энэ дагуу хүчин төгөлдөр шинэ тамга хийгдсэн. Хуучин тамгыг Ц.Туваан авч явснаас хойш олдоогүй тул хүчингүй болгох захиргааны акт гарсан. Ер нь тамга, тэмдэг хоёр өөр ойлголт. Тамга бол төрийн захиргааны төв байгууллага буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрээр олгодог. Энэ бол байгууллагад нэг л байдаг учраас Ардчилсан нам ганц л тамгатай. Энэ нь Ардчилсан намын даргад хадгалагддаг. Харин намын даргын тамгыг үндэслэж гарын үсэг бүхий тэмдэг  есөн дүүрэг 21 аймгийн салбар намд бий.

Дээр нь 330 суманд байгаа тэмдэгүүдийг хүчингүй болгож шинээр тэмдэг хийх тушаал гарч эхнээс нь олгож байгаа. Яагаад гэвэл, хуучин тамга хүчингүй болсон учраас дагаад тэмдэгүүдийг хүчингүй болгож шинэчилж байгаа юм. Тиймээс биш хэсэг бүлэг хүмүүс тамга хүчинтэй, хүчингүй тухай ярьж шийдэгддэг асуудал биш.

Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн хуралдаанаар намын даргыг сонгох эсэхийг шийднэ. Тиймээс 330 сумын дарга нар хуралдаж намын даргаар хэн нэгнийг сонгодог асуудал биш. Хэрэв ингэж намын даргаа сонгодог бол Ардын намын 100 гишүүн ч бас тусдаа цуглаж нэгийгээ намын даргаар зарлаж Улсын дээд шүүхэд ямар ч баримтгүй шаардлага тавибал бүртгэх үү. Тэгэхээр өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч тэр, миний бие ч тэр Улсын дээд шүүхийн тогтоолоор, намын даргад улсын бүртгэлийн гэрчилгээтэй, тамга тэмдгийг нь олгосон, Улс төрийн намын тухай хуулийн дагуу бүрэн эрх нь хэрэгжиж байгаа. Хуулийн дагуу Ардчилсан намын тухайд Улсын дээд шүүхийн бүртгэлийн гэрчилгээтэй, хүчин төгөлдөр тамга тэмдэгтэй ганц л нам бий. Гэтэл Х.Баттулга би Ерөнхийлөгч байсан гээд дураараа аашилж,  хүмүүст мөнгө тарааж, хэсэг бүлгээр нь  цуглуулаад явж болохгүй.

Тэгэхээр 330 сумын дарга нар Х.Баттулгыг бүртгүүлэх тухай асуудлаар Улсын дээд шүүхэд хандсан нь хууль бус гэсэн үг үү?

-Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хурлаар нийт 100 гаруй хүн л цугласан юм билээ. Улсын дээд шүүх ч бас хуралдаандаа хамаагүй хүмүүс оролцуулдаггүй. Мөн хуралдаанаар Х.Баттулгыг ямар асуудлаар авч хэлэлцэх юм. Түүнийг Ардчилсан намын даргад дэвшүүлсэн гэх этгээдүүдэд намыг төлөөлөх эрх бүхий ямар итгэмжлэл төлөөлөл байгаа юм. Жишээ нь, Улсын дээд шүүхийн тогтоол шийдвэр бий юу, улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа юу.

Хууль ёсны тамгатай юу. Тэдэнд юу ч байхгүй. Хүчингүй болсон тамгатай, эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэргүй хэсэг бүлэг хүмүүсийн гарын үсэгтэй цаасыг Улсын дээд шүүх авч хэлэлцэх нь Улс төрийн намын тухай хууль, хуулийг дагаж баталсан Улсын дээд шүүхийн журамд бүрдүүлбэр хангах гэсэн шаардлага бий.

Дахиад хэлэхэд, улсын бүртгэлийн гэрчилгээ, хүчин төгөлдөр тамга зэрэг аль нь ч байхгүй. Тиймээс бүрдүүлбэр хангахгүй материалыг Улсын дээд шүүх авч хэлэлцэх үү. Хэрэв ийм материалыг хэлэлцдэг бол хууль гэж яах вэ. Ийм бол ширэнгийн хуулиараа л яв.

Та өмнө нь тамганы маргааныг эцэслэсэн гэдгийг хэлж байсан. Гэтэл дахин  хуучин, шинэ тамганы асуудал яригдаж байна. Тамганы маргаан албан ёсоор дууссан уу?

-Нийслэлийн давж заалдах захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хоёрдугаар сарын 16-нд гарсан. Нөгөө талаас манай тамгыг хүчингүй болгох хүсэлтийг гаргасан байсан. Үүнийг авч хэлэлцээд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс хүчин төгөлдөр тамга болохыг тогтоосон. Гэтэл дахин давж заалдсан. Улмаар Нийслэлийн давж заалдах захиргааны хэргийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэртэй адил шийдвэр гаргасан.

Тодруулбал, манай тамгыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзсэн бөгөөд эцсийн шийдвэр гарсан. Иймд нөгөө талаас дахиж тамганы маргаантай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргах эрхгйү болсон. Тамганы маргаан эцсийн байдлаар шийдэгдэж, хүчин төгөлдөр тамга надад бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж