Тоон гарын үсгийг иргэдэд олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

Тоон гарын үсгийг иргэдэд олгож эхэллээ

Тоон гарын үсгийг иргэдэд олгож эхэллээ

Улсын бүртгэлээс байгууллагаас иргэдэд тоон гарын үсгийг тавдугаар сарын 1-нээс эхлэн олгож эхэлээ. Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталж, 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэхээр тогтсон. Хуульд зааснаар Улсын бүртгэлийн байгууллага нь гэрчилгээжүүлгэх байгууллага бөгөөд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгохоор тусгагдсан аж.

Өнөөдөр/2022.05.02/ танилцуулах арга хэмжээний үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан ярихдаа “Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаж, тавдугаар сарын 1-нээс эхлэн хуулин хэрэгжилт эхэллээ. Орчин цагийн иргэний байгууллага үүсч хөгжөөд одоогоор 82 жил болж байна. Энэ хугацаанд хийгдсэн томоохон ажлын нэг бол иргэдэд тоон гарын үсгийг олгох. Арав арван жилээр томоохон ажлууд хийгдсэн байдаг. 2011, 2012 онд шинэчилсэн бүртгэлд иргэд маань хамрагдсан. Үүнээс арван жилийн дараа тоон гарын үсгийг олгох ажлыг өнөөдрөөс эхэлж байна. Энэ ажил үндсэндээ гурван үе шаттай хийгдэнэ гэж харж байгаа. Нэгдүгээрт, 21 аймаг, есөн дүүрэг дэх салбар нэгж,, зургаан үйлчилгээний төвөөрөө дамжуулан иргэддээ тоон гарын үсгийг үнэгүй, таван жилийн хугацаатай олгож байна. Хоёрдугаарт, КИОСК машинаар дамжуулан олгоно. Энэ хоёр ажил маань 100 хувь хийгдсэн байна. Гуравдугаарт, энэ тавдугаар сардаа багтаан гар утасны аппликейшн ашиглан “cloud” байдлаар олгох ажлыг хийнэ. Иргэдийн хувьд иргэний үнэмлэх, гар утасны аппликейшн дэрээ тээгч байдлаар тоон гарын үсгийг хэрэглэнэ” гэв.

Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны 2.2 сая гаруй иргэнд тоон гарын үсгийг олгох юм.

Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжид хүсэлт гаргаснаар авах бөгөөд ингэхдээ өөрт хамгийн ойр байрлах нэгжид хандаж болно. Өөрөөр хэлбэл, иргэн тоон гарын үсэг авах хүсэлтийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй гаргаж болно.

Тоон гарын үсэг нь эх баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангадаг бөгөөд цахимаар зурсан этгээдийг найдвартай таньж баталгаажуулах механизм ажилладаг учраас хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд хүчин төгөлдөр хэмээн авч үздэг байна.

Түүнчлэн тоон гарын үсэг нь өндөр нууцлал бүхий нарийн технологийн суур бүтэцтэй байдаг ч энгийн хэрэглэгчдийн хувьд өдөр тутамдаа шууд ашиглаж болохуйц байдлаар бүтээгдсэнээрээ хэрэглэхэд хялбар, олон төрлийн зардлыг хэмнэдэг давуу талтай.

Хувь хүмүүс болон албан байгууллага орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломж бүрдэж байна. Мөн төр, хувийн хэвшлийн байгууллагын цаасны хэрэглээг эрс бууруулах, үр нөлөөтэй арга юм. Жишээлбэл, интернэт банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл, E-Mongolia системд өөрийгөө таниулан нэвтэрч олон төрлийн лавлагаа үйлчилгээ авах, цаашлаад гэрээ хэлэлцээр, өргөдөл хүсэлт гаргах, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээнд ч тоон гарын үсгийг нэвтрүүлэх бүрэн боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж