"Херо хэв маяг" буюу Хүн тайзтай нүүдэлчин драм

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

"Херо хэв маяг" буюу Хүн тайзтай нүүдэлчин драм

"Херо хэв маяг" буюу Хүн тайзтай нүүдэлчин драм

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” үндэсний сонгодог жүжгийг Херо Баатар найруулсныг хоёр ч удаа үзээд агуу ах Лхагвасүрэн гуайн цэцэн, цэлмэг зохиолыг задлах гэдэг молхи миний үг дутах ажил болохоор зураач, найруулагч Баатар уг жүжгийг хэрхэн дүрс болгон зурсан талаар өгүүлэх гэж  оролдоё.

“ТАМГАГҮЙ ТӨР” хэмээх 3 бүлэг, 6 үзэгдэлт эмгэнэлт туульсын жүжиг эхлэхдээ нүсэр том тулааны дараа амсхийхдээ Хүннү гүрний их хаан Арчуг;

…Эрхэт тэнгэр төрд минь

Хэрүүлийн үр цацаж

Энэ барс жилд

Хоёр нуган үр заяав …

гэж хэлээд эхлэх бөгөөд  хаан өөрийн үр гэдэгт итгэхгүй, хайрт бага хатныхаа үрийг хаан ширээнд залах буй тухайгаа өрлөг жанжин Эгэрэгт өгүүлж буйгаар эхэлдэг.

Хаан өрлөгтөө өгүүлэхдээ;

…Эхний бодсон зөв байдаг

Эргэцүүлэх ихдэхээр тэнэг болдог

Ингэхэд би их хатантайгаа

Янаглаж, халаглах нь битгий хэл

Яаж инээдгийг нь хүртэл мартсан билээ…хэмээн хэлдэг.

Эгэрэг жанжин хааныхаа их хатантай хайр дурлалын холбоотой болж хааны их бага хоёр хатан зэрэг шахуу нуган үр төрүүлж Эгэрэг өөрийнхөө хүүг бага хатны үр болгон сольж орхиод драм улам ч хурц болж дараа дараагийн үзэгдлүүд өрнөдгийг мэргэн  үзэгчид өөрсдөө үзээд ойлгох нь дээр учир орхиод  найруулагчийн шийдлийн  талаар л цааш задлах гэж оролдъё.

СҮҮ ШИГ ЦАГААН, ЦУС ШИГ УЛААН ӨНГӨНИЙ ШИЙДЭЛ…

 Уг нь энэ жүжгийн гол дүрүүд цөөхөн юм. Арчуг хэмээх хаан (СТА, Г.Эрдэнэбилэг), хааны өрлөг Эгэрэг (МУГЖ, С.Болд-Эрдэнэ), Их хатан Цэцэр ( МУГЖ, У. Уранчимэг ), түүнээс төрсөн Ачир (СТА, Ш.Доржсүрэн) хэмээх Эгэргийн нууц хүү, бага хатан Гүргэл (СТА,О.Дөлгөөн), түүнээс төрсөн Хүчир (СТА, Б.Шинэбаяр) хэмээх хүү гэсэн хэдэн хүний л дунд болох атал нийт жүжигт 130 хүн тогложээ.

Тэр олон хүн яаж тоглох билээ, тэгээд тэр их хүн гол дүрүүдтэйгээ зөрчилдөөд хачин юм болно шүү дээ гэж үзээгүй хүн бол гайхна. Тийм ээ маш гайхалтай.

Бүжигчин, жүжигчин, циркчин нийлсэн тэр олон хүн  үзэгдэл бүр дээр өөрөөр хувцаслаж, өөр өөр баг зүүж биеэр, үйлдлээр, хөгжим бүжгийн хэлээр гол дүрүүдийнхээ сэтгэлийг   тоглож байна. Ийм найруулгатай драмын жүжиг дэлхий дахинд байдаг эсэхийг би мэдэхгүй. Би л лав ийм тавилт огт харж байсангүй.

 Тэгээд жүжиг бүхэлдээ цагаан улаан хоёр л өнгөнд хуваагджээ.

Эхний үзэгдлүүдэд их хатан Цэцэр  улаан хувцастай, түүний дотоод сэтгэлийг гаргаж буй бүжигчид арьсгүй махан улаан биетэй байгаа нь махан бодийн жаргал гэдэг утгыг  үзэгчдийн далд ухамсарт суулгах аж. Могойн чуулган мэт олон бүжигчид махан биеэр ороолдохыг харах  аймшигтай .

Цаашид их хатан Цэцэр үзэгдэл бүрд шахуу  гарч ирэх бүрдээ улаан өнгийн хувцастай л байх нь цус мэт. Бага хатан Гүргэл эхнээсээ дуустал сүүг билэгдсэн цагаан хувцастай цагаан өнгийн сэтгэлийн дагуулуудтай жүжиг үргэлжилнэ.

Гуравдугаар хэсгийн тав дугаар үзэгдэлд Ачир хаан  Хүннү гүрнээ аврахын тулд хүүгээ ч цаазлахдаа.

Хар толгойгоо бодвол

Хүүгээ уучилж болно

Хаан төрөө бодвол

Уучилж үл болно

Төрийн дор

Хаан хатан хоёр буй

Тэнгэрийн дор

Хилэнц-аврал хоёр буй хэмээгээд хүүгээ цаазлах хэсэг бол сайн  гэхэд үг багадаж агуу гэхээс өөр үг олдохгүй тавилттай байлаа.

Дараа нь бүр хайртай бага хатнаа цаазлахдаа

Удаан гээч нь хоёулаа

Духаа нийлүүлье

Уураг тархинууд минь ясаа нэвтлэн үгээ ололцог …гээд хаан хатан роёр духаа нийлээлүүлээд

“Боллоо ёсоор болго!” гээд бага хатнаа цаазалхад сүү шиг цагаан даашинзтай хатан тэнгэр өөд явж одохыг үзээд алмайрч суув.

Гэхдээ бүр яг тайзны дээш цагаан даашинзаа намируулсаар тэнгэр болж одох ажгуу.

Ийм тансаг хийгээд уран шийдэл би л лав өмнө ямар ч жүжигт харж байгаагүй юм.

Гэтэл бага хатныг цаазалсны дараа гарах үзэгдэлд их хатан Цэцэр анх удаа цагаан хувцастай гарч ирж байх юм. “Бүсгүй хүний буруу гэж байдаггүй юм…” гэсэн найруулагчийн шийдэл. Зураач, найруулагч Баатар эх хүнийг хайрлах нинжин сэтгэлээ ингэж энэрэнгүй сайхан гаргаж дээ хэмээн бодлогошрон үзэж суулаа би.

ЗУРААЧ, ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛЧИЙН ДҮРСЛЭХ ЧАДВАР…

 Тайзны урлагт гол зүйл мэдээж тайз билээ. Дэлгэцээр бол  эхнээсээ дуустал ганц обший план буюу нэг л өргөн өнцөгт дэлгэц бөгөөд харин гэрэл, сүүдэр, хөшиг, тайзны наад хийгээд цаад тал буюу тайзны  гүн зэргээс хамаарч дотроо хөдөлдгийг урлагийн хэлээр мезансцена гэж нэрлэдэг.

Гэтэл энэ жүжгийн шал буюу тайз ар талруугаа босоо налуу ажээ. Тэгээд бүр сайтар анзаарвал жүжгийн сүүлийн үзэгдлүүдэд өнөөх тайз сэмээрхэн улам бүр дээш болж ирэх тийм тайзыг зориуд энэ жүжигт тусгайлан хийж тоногложээ. Жүжгийн ерөнхий продюсер М.Есөнмөнхийн сэтгэл, зүтгэл, хөрөнгө, мөнгө энэ бүхнээс тодрон үзэгдэх нь гайхалтай!

Хүннүгийн их хааны төр улсаа хайрлах сэтгэл дээд цэгтээ хүрч үрээ цаазлаад зогссонгүй  хатнаа цаазлах үед өнөөх тайз хүнээр дүүрч бүр ч сүрлэг болж ирнэ.

Товчхондоо бол тэнд тайзны чимэглэл  огт байхгүй бөгөөд жүжигчид  өөрсдөө тайзны чимэглэл болон сүндэрлэх ажгуу. “Махан овоо, цусан далай” гэсэн хэллэгийг санагдуулам тэр олон жүжигчдийн дээр хаан гишгэлэн гарч ирэх тавилт олон агаад тэр нь төрт ёсны тухай үзэгдэл дээр л тийм шийдэл гарах аж.

Жүжиг эхэлсэн цагаас Бавуугийн Лхагвасүрэн ахын дүрс гарч жүжигчид мэхийн ёслоод хаах хүртэл таны нүд ,чих хоёр огт завгүй байсаар дуусах төдийгүй таны далд ухамсар ч мэдрэмжээр бялхаж уйлахдаа уйлж сүрдэхдээ сүрдсээр гурван цаг үргэлжлээд дуусах ажгуу.

Жүжгийн төгсгөлийн зургадугаар үзэгдэлд хаан Эгэрэг түшмэдээ цаазлахын өмнө

…Үхэхээс чинь өмнө

Үг чамд шигтгэж өгье

Балархай санагдаж байгаа биз энэ бүхэн

Бага хатныхаа цээжин дотор

Би тамгаа хийгээд онголчихсон…

Умайд нь хаан багтаж болсон юм

Цээжинд нь тамга багтаж болноо доо

Энэ төрийн тамгыг би

Эхийн сүүнд ороогоод булчихсан…

Сүнс нь саамшихын цагт

Сүү үнэртсэн энэ газар дээр

Хүннү улсын

Хаан тамгаа атгаж төрнө… хэмээн хэлэх үед тайз буюу тэр олон бүжигчид жүжигчид хэрхэж буйг өөрөө харсан нь дээр байх гэж молхи бичээч би бодлоо.

Бүхий л жүжгийн санаа хийгээд хувцаслалт тоглолт найруулгыг ярьж тайлбарлавал  барагдахгүй юм билээ. Хувцаснуудыг ч би сайтар анзаарч харлаа. Бүгд Хүннүгийн үеийн олдворууд дээр түшиглэж хийжээ. Хаад хийгээд түшмэдийн барьж буй сэлэм гутал хувцас ч бүгд эх сурвалжтай болохыг олж үзээд бүр ч бахархах сэтгэл төрлөө.

Өөрийгөө идэх өт

Биен дотроос гардаг шиг

Төрийг идэх өт

Түшмэл дотроос гардгийг

Ихийн их мэддэг мөртлөө

Эгэрэг чамайг гэж мэдээгүй минь алдас болж

Хэн хаан суусныг

Тэнгэр бууж ирж үздэг юм.

Хэрэггүй амьтан байвал

Тэрнийг булчхаад буцдаг юм…гэсэн энэ агуу үгэнд энэ жүжгийн сүнс оршиж буй болов уу гэж мунхаглаад  энэ бичвэрээ жаргаая.

Нүүдэлчдийн хэв маягт жүжиг гэж үүнийг л хэлэх болов уу. Үзэгч та бүхний таалал оршино гэдэгт огтхон ч үл эргэлзэнэ. Үзээд баяс, үзээд бахарх, үзээд гунь, үзээд жарга!

МУСГЗүтгэлтэн, зохиолч ,нийтлэлч  Доржхандын Төрмөнх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж