"Гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгана"

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

"Гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгана"

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2022.05.02/ мэдээлэл хийлээ. 


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд бизнес эрхлэхэд дарамт болдог зарим  хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сард уг асуудлыг хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарсан. Анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдийн саналын зөрүү их буюу бүх төрлийн хяналт шалгалтыг зогсоох нь буруу гэх байр суурь давамгайлсан. Тиймээс уг асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан. Засгийн газраас өргөн барьсан хуулийн гол зорилго нь эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан.  Тодруулбал, хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжих юм

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг түр  зогсоох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгосон. Энэ хуулийн төслийг яаралтай өргөн барина. Хуулийн төслийг өргөн барьсны дарааа Төрийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийг хамтатгаж хэлэлцэхгүй бол олон хяналт шалгалт дундаас нь тодорхой хяналт шалгалтыг сугалж авч ярих нь өрөөсгөл байна гэж намын бүлэг үзсэн. Засгийн газар ойрын хугацаанд Төрийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих, үүний дараа хэлэлцэх эсэхийг нь шийдээд хоёр хуулийг хамтатгаж хэлэлцэнэ. 

Хоёрдугаарт, хүүхдийн эрхийг хамгаалах талаар мэдээлэл сонссон. Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хүүхдийн эрхийн талаар шийдвэрлэх асуудлын талаарх танилцуулга мэдээллийг гишүүдэд өгсөн.

Мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асуув.

-УИХ нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Баасан гаригт хэлэлцээд татгазсан. Шалтгаан нь юу байв ?

Д.Тогтохсүрэн: Өнгөрсөн Даваа гаригт Улсын Ерөнхий прокуророос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн. УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийн дагуу асуудлыг хэлэлцэж Халдашгүй байдлын дэд хороо хоёр удаа хуралдаж гишүүдээс тодруулга авсан. Баасан гаригт уг асуудлыг УИХ хэлэлцсэн. Гол нь Халдашгүй байдлын дэд хороо мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай танилцах эрхтэй ганц хороо. УИХ гишүүдийг шалгуулахгүй гээгүй. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах бүрэн боломжтой байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дэгийн тухай хуулиар гишүүдээс нууцаар цаасаар санал хураадаг. Тиймээс гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр дэд хороо болон байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэж саналаа өгсөн байх.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж