Монголд Covid-19 цар тахлын анхны тохиолдол батлагдсанаас хойш нийт 2110 хүн нас баржээ. Энэ тоо бага мэт боловч цөөн хүн амтай манай улсад их тоо. Улсын хэмжээнд өнгөрсөн хоёр сард Covid-19-ийн шинэ тохиолдол харьцангуй багассан ч энэ нь шинжилгээний тоон үзүүлэлт буурсантай холбоотой аж.
Эмнэлгийн зарим ажилтнуудын мэдээлж буйгаар, Халдварт өвчин судлалын үндэсний төвд Covid-19-ийн шинжилгээ үнэ төлбөртэй болсноос хойш иргэд зорьж очих нь эрс багасчээ. Тиймээс цар тахлын халдвартай хүн бидний дэргэд, гэр бүлд байгааг үгүйсгэх аргагүй юм. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт Covid-19-өөр өвчилсөн хүний тоо өдөр өдрөөр өсч 25-78 болж нэмэгдсэн, улмаар хоёр хүн нас барснаас харахад цар тахлын аюул занал биднээс холдоогүйг сануулж байна.
Төр засаг эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс үүдэн хөл хориог цуцалж, хорио цээрийн дэглэмийг бууруулсан ч амны хаалтаа тайлах “тушаал” өгөөгүй байгааг санахад илүүдэхгүй биз ээ.
Хүмүүсийн дийлэнх нь амны хаалтаа тайлжээ. Хэнэггүй зан хэнд ч хэрэггүй юм. Хэнэггүй байлаа гээд үхлийн аюулт цар тахлаас зугтах боломжгүйг дахин сануулъя. Учир юун гэвээс хаяанд буй хөрш оронд Covid-19-ийн тохиолдлын тоо өдрөөс өдөрт эрс нэмэгдэж байна. Бээжин, Шанхайд хатуу хөл хорио тогтоож, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг иргэддээ анхааруулж байгаа аж.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос өнгөрсөн Ням гаригт Хятадад Covid-19-ийн 846 шинэ тохиолдол батлагдсанаас 727 нь Шанхай хотод бүртгэгдлээ гэж мэдээлснийг Даваа гариг (2022.05.02)-т “Xinhua” агентлаг уламжлав.
Цар тахлыг тэглэх бодлого барьж буй Хятад улсад манай улстай харьцуулбал техник технологи өндөр хөгжсөн. Гэвч буурах битгий хэл халдварын тоо нэмэгдэж буй нь цар тахлын аюул тааж болшгүй эрсдэлтэйг харуулж буй юм. Бидний ихэнх хоол хүнс, бараа бүтээгдэхүүнээ авч буй их гүрэн цар тахлыг намжааж чадахгүй байгаагаас бид ч бас нэгийг дүгнэж, дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж мөрдөх хэрэгтэй болов уу.
ДЭМБ дэлхий даяар Covid-19-ийн шинэ тохиолдол, нас баралт үргэлжлэн буурч буй нь сайн мэдээ боловч шинжилгээний тоон үзүүлэлт багассаныг дурдаад, цар тахал дуусах болоогүйг онцгойлон анхааруулав. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх хэрэгтэйг сануулж байна.
“Xinhua” агентлагийн мэдээлснээр, “ДЭМБ-д өнгөрсөн сарын сүүлийн долоо хоног (2022.04.27)-т Covid-19-ийн улмаас дэлхий даяар 15 мянга гаруй хүн нас барсан мэдээлэл ирсэн нь 2020 оны гуравдугаар сараас хойш долоо хоногт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт боллоо” гэж мэдэгджээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусийн хэлснээр, олон улс орон шинжилгээний хүрээгээ хумьж буйн зэрэгцээ тус байгууллагад ирүүлж буй халдварын тархалт, генийн дарааллын талаарх мэдээлэл улам бүр багасч буйг харгалзан, сонор сэрэмжтэй байх шаардлагатайг анхааруулсан байна.
Тэрбээр “Сонор сэрэмжээ багасгаж буй нь халдварын тархалт, хувьслыг судлах нөхцөл боломжийг хязгаарлаж буй бөгөөд вирусийг шинжлэн илрүүлэхээ зогсоолоо гээд устаж үгүй болохгүй. Эсрэгээрээ улам тархаж, хувьсан өөрчлөгдөж, хүмүүсийн амь насыг авч одсон хэвээр байна” гэж онцолжээ. Ялангуяа аминд халтай вирусийн хувьд үл тоомсорлох нь аюултай учраас ДЭМБ улс орнуудад шинжилгээ оношилгоогоо үргэлжлүүлэхийг уриалсаар байна.
ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майк Райан ч вирус болон түүний хувьсан өөрчлөгдөх эрсдэлийг анхаарлын гадна орхих цаг болоогүйг онцгойлон сэрэмжлүүлжээ.
Тус байгууллагын Covid-19-ийн асуудал хариуцсан дарга Мария ван Керхове дэлхийн хэмжээнд бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоон үзүүлэлтэд төдийлөн итгэлгүй байгаагаа хэлээд, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг улам чангатгаж, хүмүүсийн амь насыг хамгаалж, эдийн засгаа хэвийн байдалд оруулж, хүмүүсийн амьжиргааг аврах цаг болсныг онцлон тэмдэглэсэн байна.
Төр засаг ч гадна, дотнын экспертүүдийн анхааруулгыг хүлээн авч, иргэддээ Covid-19-ийн тархалтын талаар илүү ил тод, нээлттэй мэдээлэл хүргэж сэрэмжлүүлэх нь зүй биз ээ.
Миний эрх чиний эрхээр хязгаарлагддагийг санаж, ядаж амны хаалтаа зүүж, бусдадаа Covid-19 цар тахлын халдвар тарааж “төвөг” удахгүй байхыг уриалъя!
Холбоотой мэдээ