Оросын тагнуулын онгоц агаарын орон зайг зөрчиж, Дани, Швед улсуудын дээгүүр нисчээ. Тиймээс тус улсуудад оршин суух Оросын элчин сайдуудад нутаг буцах шаардлага хүргүүлэв.
Дани, Шведийн эрх баригчдын мэдээлснээр, Оросын онгоц Баасан гаригийн орой Балтын Борнхольм арлаас зүүн тийш нисч, улмаар Швед рүү нэвтэрсэн гэв.
Балтын Борнхольм арал нь Данийн нутаг дэвсгэр юм. Оросын "АН-30" сэнстэй онгоц хоёр улсын агаарын орон зайд нэвтэрснийг Шведийн Батлан хамгаалах яам батлав.
Уг хэрэгтэй холбоотойгоор Дани улсын Гадаад хэргийн сайд Жеппе Кофод Оросын элчинг дуудаж уулзсан байна. Ийн уулзах үеэрээ Оросын элчин сайдад нутаг буцах шаардлага хүргүүлжээ. Шведийн Гадаад хэргийн яам ч мөн Оросын элчин сайдыг Стокгольмд дуудаж уулзана гэдгээ мэдэгдсэн. Ийм хэргийг шийдвэрлэх тогтсон журам байдаг аж. Мөн өнөөгийн нөхцөл байдалд Оросын энэ үйлдэл нэн анхаарал татаж байна гэж хоёр улс үзэв.
Оросын түрэмгийллээс улбаатайгаар Швед, Финланд зэрэг Нордикийн орнууд хадгалж ирсэн төвийг сахисан байдлаа эргэн харж, НАТО-д элсэх талаар хэлэлцэх болсон.
Дээрх улсууд НАТО-д элсэх хүсэлтээ тавдугаар сарын дундуур зарлах төлөвтэй байна. Энэ нь АНУ-ын зүгээс дэмжлэг үзүүлж буй учраас гаргасан шийдвэр гэж эх сурвалжууд мэдээлэв. Тэгвэл Европын холбооны хамгийн хойд хэсэгт байрлах хоёр улсад ийм шийдвэр гаргахгүй байх талаар Москвагаас удаа дараа анхааруулж байжээ.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ