"Шүүгч, прокурорын хандлагыг өөрчилж байж шүүхийн шинэчлэл хийнэ"

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

"Шүүгч, прокурорын хандлагыг өөрчилж байж шүүхийн шинэчлэл хийнэ"

"Шүүгч, прокурорын хандлагыг өөрчилж байж шүүхийн шинэчлэл хийнэ"

Улсын Ерөнхий прокурорын орлогч асан, УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаттай цаг үеийн асуудал болон анхаарал татсан хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.


-Ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлэх нь зүйтэй санагдлаа. Өнгөрөгч долоо хоногт нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос оруулж ирсэн ч УИХ хүлээж авсангүй.  Та хуульч хүн, парламент үнэхээр гэм буруутай хүмүүсийг аваад үлдчихэв үү?

-Шүүхийн шийдвэр гарч байж хүнийг гэм буруутайд тооцно. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй.  Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  ямарваа нэг хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж ярьсаар байгаад нөгөө хүнийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө нийгэмд ялтан мэтээр ойлгуулдаг. Шүүх дараа нь тухайн хүнийг буруугүй гэсэн шийдвэр гаргахад “шүүх буруу шийдвэр” гаргачихлаа гэдэг нийгэмтэй болчихлоо. Энэ бол харамсалтай асуудал.

Шүүхийн шийдвэр гараагүй байхад тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгтэн мэтээр тооцож болохгүй л дээ. Монгол Улсын мөрдөгдөж буй хуульд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тохиолдолд прокурор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах зохицуулалттай.

Прокурор үндэслэл байгаа гэж үзсэн учраас УИХ-д саналаа хүргүүлсэн. Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Мэдээж хэрэг гишүүд өөрийгөө буруугүй гэдгээ илэрхийлэх нь тэр хүний эрхийн асуудал.

-Авлигын хэргийг олон нийтэд ил мэдээлэх нь зөв үү. Үнэндээ АТГ зарим хэргийг хэргээ олон нийтэд ил зарлачхаад заримыг нь хав дарах нь хэвийн зүйл болчихлоо?

-Төрийн болон Албаны нууцын тухай хуулиар дээрх хэргийг ил болговол асуудал үүснэ. Жишээлбэл, би хэрэг мөрдлөө гэж бодоход “надад ийм баримт байна. Цаашаа би ийм зүйлийг шалгана” гээд олж мэдсэн баримтаа хавиар нэг зарлачихъя л даа. Тэгвэл гэмт хэрэгтнүүдийн хувьд мөрдөгч ийм зүйл мэдэж байгаа юм байна хариу үйлдлээ тооцоолно.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгалт үргэлжилж байхад хэргийг зарлаад байж болдоггүй. Тэр утгаараа нууцалж байгаа юм.

Прокурор тухайн хүнийг яллагдагчаар татах хардаж сэрдэх үндэслэлээ ярина. Тэгэхээр хардаж сэрдэх үндэслэл, ямар баримт нотолгоо олсон түүнийгээ танилцуулна. Үүнийг ойлгох хэрэгтэй. Түүнээс биш шүүх шийдвэрээ нууцлах нь утгагүй.

ШҮҮХИЙН ХУУЛИА ӨӨРЧИЛСӨН Ч САЙХАН ШИЙДВЭР ГАРНА ГЭЖ НАЙДАХ ЭРТ БАЙНА

-Шүүхийн тухай багц хууль 2020 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Эрх баригч намынхан уг хуулийг сайн хууль болсон гэж магтаж байгаа. Шүүхийн багц хуулийг шинэчилснээр шүүхийн салбарт  бодит  реформ болж чадсан уу?

-Нийгмийн өөрчлөлт их удаан явдаг юм байна. Хүмүүс шүүхийг сая шинэчиллээ гэж яриад байна. Үгүй л дээ. Үндсэндээ анх 1992 онд Үндсэн хууль баталсан цагаас шүүхийг шинэчилсэн, өөрчилсөн. 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноосоо хойш шүүхийг шинэчлэхийн төлөө ажилласан. Шүүхийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн хараат бус байдлыг хангах зорилгоор шүүхийн захиргааны байгууллагыг бие дааж байгуулсан. Энэ өөрчлөлтүүд яваад байгаа. Гэвч олигтой хөгжил дэвшил авчрахгүй, шүүгч нар өөрсдөө хэрэгт холбогдох, ёс зүйгүй авирлахаас авахуулаад олон сөрөг үр дагавар гарч ирлээ.

Эндээс харахад шүүхийн шинэчлэл бахдам амжилттай явсан гэж хэлэхэд хэцүү байна. Шүүхийн тухай хуулиудыг өөрчилчихлөө. Шүүхээс “сайхан” шийдвэр гарна гэж найдах эрт байна. Дан ганц шүүх бус прокурорыг шинэчлэх ёстой. Шүүхэд хэрэг барьж очдог прокурор шинэчлэгдэж байж шүүхээр шийдэгддэг хэргийг шударгаар шийдэгдэх бодит нөхцөл бүрдэх юм. Прокурорын байгууллага шинэчлэгдэхгүй даалгавраар хөдлөөд байвал шүүхийн шинэчлэл хэлбэр төдий, хэрэг шударга зөвөөр шалгагдсан уу гэдэг эргэлзээтэй болж эхэлж байна.

Прокурорыг шинэчлээд зогсохгүй цагдаа, АТГ гэх хэрэг мөрддөг байгууллагуудыг шинэчлэх ёстой. Тэгснээр хүний эрх зөрчдөг, бүдүүлэг ханддаг, ялгаварлан гадуурхдаг, хүч хэрэглэдэг байдал арилж, цогцоороо шүүх эрх мэдлийн салбар өөрчлөгдөх юм.

Иймээс цагдаа, прокурор, АТГ буюу мөрдөх байгууллагыг шинэчилж, хууль эрх зүйн орчныг сайжруулж чадаагүй тохиолдолд шинэчлэлийн тухай ярих боломжгүй. Дээрээс нь мянган сайхан хууль гарсан ч гэсэн тэр хуулийг буруу толгойгоор уншаад, буруу аргаар хэрэгжүүлж, зарим нь бүр хуульд болохгүй гээд бичсэн асуудлыг илэрхий шууд, зөрчөөд ажиллаад байна. Энэ тохиолдолд бид шүүхийн шинэчлэл ярих нь утгагүй.

Шүүх эрх мэдлийн салбарыг шинэчиллээ гээд хууль гаргасан ч тэнд байгаа хүмүүс хуучнаараа ажиллаад байна. Хуулийн байгууллага, шүүгч прокурорын асуудалд хандах хандлагыг өөрчилж, хөгжүүлж байж бид шүүхийн шинэчлэл хийлээ гэж ярих цаг ирэх юм шиг байна даа.

-Парламентад байгаа хуульч гишүүд гэм буруугийн шүүхээс хэрэг буцдагийг болиулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байна. Өөрчлөлт орсноор ял завших, наймаалдаг байдал арилна гэж тайлбарлаж буй. Энэ үнэн үү?

-Зуун хувь санал нийлнэ. Шүүхээс хэрэг буцаах гэдэг янз бүрийн өнцгөөс тайлбарлахыг оролддог боловч үнэн хэрэг дээрээ “шүүх тухайн хүнийг хангалттай сайн яллах баримт бүрдэж ирсэнгүй, дахиад нэмээд шалгаад ир” гэдэг л санаа. Шүүх уг нь тэр хүнийг шалгаагүй. Тухайн хүнийг шалгасан байгууллага нь мөрдөх байгууллага. Тухайн хүнийг хууль зүйн дагуу буруутгах үндэслэл байна гэж үзсэн хүмүүс нь  прокурор.

Ингээд хэргийг “боогоод” шүүх рүү бариад ороод ирэхэд нь “энэ хүнийг гэмт хэрэгт буруутгах хангалттай үндэслэл алга” гэж шүүх үзвэл шүүх тухайн хүнийг цагаатгах ёстой.

Прокурорын ажлаа хийж чадаагүй хариуцлагыг шүүх хэргийг буцааж алдааг нь засуулах, АТГ, цагдаагийн байгууллагын ажилдаа хайнга залхуу хойрго хандсаныг зөвтгөх гэсэн үйлдэл болж хувирч байна. Ер нь дэлхий даяар шүүх нь гэм буруугийн асуудал хэлэлцчихээд дахиад сайн шалгаад ир  гэж буцаадаг тохиолдол байхгүй.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗАСАХГҮЙ ЯВБАЛ  БИЗНЕСИЙГ БООМИЛОХ ЭРСДЭЛТЭЙ

-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд зарим төрлийн зөрчилд торгох шийтгэх бус сануулах арга хэмжээ авахаар орж ирсэн байна лээ. Мэдээж хуульч хүний хувьд хуулийн шинэчлэлийг судлаж, уншсан байх. Хуулийн төслийн онцлох зүйл заалтыг та юу гэж харж байна вэ. Зөрчлийн тухай хуулийг яаж амьдрал ойрхон өөрчлөх ёстой юм бэ?

-Зөрчлийн хуулийг засч, сайжруулах хэрэгцээ бий. 1993 онд  Захиргааны хариуцлагын тухай хууль гэж байсан юм. Захиргааны  хариуцлагын тухай хууль болон Монгол Улсад мөрдөгдөж байсан 220 гаруй хуулийг эмхтгэн нэгтгэж бий болсон хууль бол Зөрчлийн тухай хууль юм. Хүмүүс ойлгохдоо Зөрчлийн хуулийг 2017 онд шинээр гаргаад ирсэн мэт ойлгодог. Гэтэл үнэн хэрэг дээрээ Монгол Улсын хууль бүрийн төгсгөлд “энэ хуулийг зөрчсөн хүмүүст хүлээлгэх хариуцлага” гэсэн бүлэг байдаг.

Жишээлбэл, Цөлжилттэй тэмцэх тухай хуулийн төгсөлд “хээр хөдөө салаа зам гаргасан газраар явсан бол торгоно” гэж заасан байх жишээтэй. Гэтэл амьдрал дээр хөдөөний олон салаа замд хэн хэзээ гаргасан юм бүү мэд, аль замгүй газраар явахад хэн тэрнхий араас хөөцөлдөж, торгууль, шийтгэл хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй. Энэ байдлаас улбаалан хүмүүс ерөөсөө хуулийг тоодоггүй болсон. Өөрөөр хэлбэл хуулиудад “дагаж мөрдөөрэй, зөрчвөл хариуцлага хүлээлгэнэ шүү” гэсэн заалт ард нь байдаг боловч хөөцөлдөх хүнгүйн улмаас тухайн хуулийн зүйл заалтыг хэн ч мөрддөггүй байсан. Ингээд хуулиудыг нэгтгэн бүртгэлтэй болгоё, чухам ямар төрлийн зөрчлийг хэн хариуцаж шалгах уу, хэн хариуцлага хүлээлгэдэг болох вэ гэдэг олон асуудлыг шийдвэрлэхийн тулд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэдэг тухай хууль боловсруулж баталсан түүхтэй. Үндсэндээ 2017 онд олон хуулийг эмхтгэснээр уг хуулийн аль заалт нь амьдралд нийцэж байна уу, аль заалт нь хэрэгжих боломжтой эсэхийг гаргаж ирсэн.

-Зөрчлийн хууль бизнесийнхэнд том дарамт болдог шүү дээ?

Зөрчлийн хууль гарч ирснээр зарим хүний эрх ашиг хөндөгдөж, хүмүүс шүүмжилж эхэлсэн. Энэ бол зөв. Зүй ёсны асуудал. Одоо энэ хуулийг амьдралд нийцүүлэх хэрэгтэй. Хэрэггүй, ажилладаггүй заалтыг нь болиулах хэрэгтэй. Яг амьдрал дээр зөрчлийг үйлдүүлэхгүй байхын тулд илүү нарийвчилж, зөрчлийн бүрэлдэхүүнийг нарийн зааж, тодорхой шийдэх ёстой. Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, хуулийн хэрэгжилт үр нөлөө сайжирвал, хүмүүс хуулиа биелүүлдэг болно, нийгэм эмх цэгцтэй дэг журамтай болно. Энэ талаасаа зөв зүйтэй ажил юм.

Хэрвээ Зөрчлийн тухай хуулийг засахгүй явбал нийгмийн хөгжилд саад тотгор учруулж,  бизнесийг боомилох эрсдэлтэй. Зөрчлийн хуулийг мөрдүүлснээрээ илүү ноцтой үр дагавраас хамгаалах сайн талтай. Засгийн газар Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга хэлбэрээр өргөн барьсан байна. Хуулийн төсөлд анхаарч засах ёстой асуудал ч байна.

-Үзэл бодлоо илэрхийлсний төлөө торгуулах нь иргэдийг зөрчил гаргасан гэж торгодог болоод удаж байна. Одоо хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “доромжлох” заалт дахиад орж ирж байна. Тэгэхээр энэ хууль шинэчлэгдэх биш, ухарч  байгаа юм биш үү. Намайг доромжилсон гээд шүүхэд ханддаг, иргэдийн үг хэлэх эрх чөлөөг улам боомилдог болох вий гэсэн болгоомжлол байна?

-Иргэд гүтгэх, доромжлох гэдэг үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдгийг шүүмжлээд байхаар 2020 онд Зөрчлийн хуулиас "гүтгэх, доромжлох" заалтыг хассан. Гэтэл үүнтэй зэрэгцээд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх иргэний үүрэг” гэсэн заалтад “хүний нэр төр алдар хүндийг хүндэтгэн, худал мэдээлэл тарааж, гүтгэж, доромжилж болохгүй” гэсэн заалт оруулчихсан. Иймээс одоо үзэл бодлоо илэрхийлсэн, шүүмжилсэн иргэнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гээд торгоод байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үүнийг засахын тулд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, хүний нэр төр алдар, хүндийг хүндэтгэж, гүтгэж доромжилж болохгүй гэдэг нь ерөөсөө ч гэмт хэргээс урьдчилан сэргийлж буй үүрэг биш байна. Үүнийг хасах агуулгатай хуулийн төсөл өргөн барьсан.

Харамсалтай нь, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгад дахиад гүтгэх, доромжлох заалтыг сэргээсэн агуулгатай зүйл оруулж ирж болзошгүй байна. УИХ чуулганаар хэлэлцэх үедээ засч, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах байх гэж найдаж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэн, эсвэл сэтгүүлч хардаж бичсэнийг хүн доромжиллоо, нэр төрд халдлаа хэмээн хуулийн аргаар хязгаарлаж, боомилоод байвал маш том хүний эрхийн зөрчил болно.

ХӨГЖЛИЙН БАНК ТӨРД БАЙВАЛ ДАХИАД Л ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮН ХУВААРИЛАЛТ ХИЙНЭ 

-Залуус жагсахдаа авлига албан тушаалын хэрэгт ял шийтгэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 22.1 дах заалтыг өөрчлөх тухай шаардлага тавьсан. Одоо Засгийн газраас Х.Нямбаатар сайд уг хуулийг ахалж, авлига албан тушаалын гэмт хэргийг чангатгах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Авлигын гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгаснаар гэмт хэрэг буурах уу?

-Ялын бодлого нийгмийн хөгжлөө дагадаг. Улс орны байдал сайжирч, нийгэм хөгжихийн хэрээр хатуу чанга ялын бодлогоор биш өөр зүйлээр нийгмээ удирдаж, хөтөлж авч явдаг л даа. Авлига нийгмийн толгойн өвчин болчихсон нь үнэн. Авлигатай хатуу ширүүн аргаар тэмцээд үр дүнд хүрэх эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Залуус авлига албан тушаалын гэмт хэргийн төлөө санаа зовсонд гайхаж байна. Залууст нийгмийн шударга бус байдал таалагдахгүй байгаа. Энэ бүхний буруутан нь авлигачид гэдэг хэн хүнд ойлгохоор нийгэмд амьдарч байна. Тэр утгаараа залуус шаардсан байж магадгүй.

Би энэ салбарт олон жил ажилласан мэргэжилтний хувьд хатуу ширүүн ял заналхийлэлд ямар нэгэн гэмт хэргийг дарж дийлж байсан түүх байхгүй. Эсрэгээр нь хачирхалтай кейс яръя. Одоо шүүмжлээд буй Зөрчлийн хуульд анхаарвал зохих нэг асуудал бий. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн асуудал. Гэр бүлийн хүчирхийллийг авч хэлэлцэхгүй 2015 он хүртэл явсан. 2015 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаж, гэр бүлийн хүчирхийллийг зөрчил, гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэж ирсэн. Ямар үр дүн гарсан бэ гэхээр ноцтой хүний биед гэмтэл учруулах гэмт хэрэг буурсан. Урьд нь гэр бүлийн хүчирхийлэлд хаалганы цаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж даамжруулсаар байгаад хүний амь насанд хүрдэг байсныг багасгасан. Одоо ч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлогод алдаа байна.

-Тухайлбал?

-Тухайлбал, олон хэлэлцүүлэг хийсэн боловч гэр бүлийн хүчирхийлэл бол зөрчил гээд хуульд ороод ирж байна. Зүй нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг гэмт хэрэг байхгүй юу. Заавал чанга ял шийтгэх албагүй. Гэхдээ бүртгээд хариуцлага яриад, хуулийн байгууллага үүний араас явбал гэр бүлийн хүчирхийлэл буурдаг. Үүнтэй адилхан авлигын үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох урьдчилан сэргийлэх ажил хийгдэх ёстой. Бид авлига үйлдэгдэхгүй байх орчин нөхцөл, ил тод байдлаа хангах ажлаа хийхгүй байна. Жишээ нь Шилэн дансны тухай хуулиа мөрдөхгүй байна.

Төрийн байгууллагын шийдвэр хэзээ яаж гарсан нь мэдэгдэхгүй байна. Төрийн нууцад хамруулаад баахан ажил хийгээд байна. Ийм тохиолдолд авлига байж л таарна.

Асар их хэмжээний мөнгө төвлөрүүлж төр бизнес хийж байна. Авлигаас салсан улс орнуудад төр бизнес хийхээ больчихсон байдаг. Авлигаас салсан улс орнууд аливаа шийдвэрийг олон нийтээр хэлэлцүүлж ил гаргадаг. Бид олон жилийн дараа Хөгжлийн банкаар их хэмжээний мөнгө эргэлджээ. Ийм их мөнгийг хүмүүс авчээ гэдгийг сүүлд нь мэдлээ. Хэрвээ анхнаасаа олон нийтийн хяналтад байлгасан бол ийм асуудал гарах уу. Тиймээс авлигатай тэмцэхдээ хатуу чанга бодлогоос илүү иргэдийн хяналтад, нээлттэй байлгах ёстой. Төр бизнес хийхээ больчих хэрэгтэй. Төрд банк байх хэрэггүй. Хөгжлийн банк төрд байвал дахиад л эрх мэдэлтэй хүн хуваарилалт хийнэ гэсэн үг.

-Та олон жил багш, судлаач, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж хуулийн салбарт чанагдсан хүн. Хуулийн салбарыг эрх баригчдад биш иргэдэд үйлчлүүлэхийн тулд таныхаар ямар шинэчлэл хийх ёстой вэ. Сүүлийн үед хуулийнханд иргэд, олон нийт итгэхээ больж, энэ салбарын нэр төр шороотой хутгалдах боллоо?

-Улиг болсон зүйл хэлэх байх уучлаарай. Ямар нэгэн зүйлийг дутуу зүйл үлдээлгүй цогцоор нь хийх ёстой. Бид хуулийн салбарын шинэчлэлд хууль тогтоомжийн шинэчлэл хийсэн хирнээ хууль тогтоох байгууллагуудад хагас дутуу шинэчлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, цагдаа, прокурор шүүхийг бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэх ёстой.

Хүний нөөцийн бодлого, ажлын байрыг шинэчлэх ёстой. Ерөнхийлөгч энэ асуудал руу анхаарчих вуу гэж олзуурхаж хараад байгаа. Ер нь хэн ч ярихгүй байгаа асуудал бол хуульч, хууль сахиулахын ажилтан бэлддэг салбар, сургуулиудаа шинэчлэх ёстой.

Цагдаа, мөрдөгч бэлддэг сургуулиа шинэчлээд тэнд зөв зүйл хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах арга барил, хандлагыг заах ёстой. Бүх хуулийн сургуулийн хичээл өөрчлөгдөх ёстой. Тэгж байж ирээдүйн хуульчид ажиллах ёстой. Манай нийгэм эрх чөлөө, шударга ёс гэсэн үнэт зүйлтэй. Монголын нийгэмд шударга ёс тогтчихвол нийгмийн хөгжил аяндаа ирнэ. Шударга ёсыг тогтоохын тулд хуулийн байгууллагаа шинэчлэхээс өөр аргагүй. Дэлхий ийм дүрмээр явдаг.

-Таныг С.Зоригийн хэрэгт ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шүүхээс ял оноосон. Та шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй давж заалдсан ч олигтой үр дүн гараагүй шүү дээ. Одоо уг хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Тэр хэрэг үндсэндээ зүтгүүлсээр байгаад намайг буруутгаж аваад дууссан. Маш олон хуулийн зөрчилтэй шүүхийн шийдвэр гарсан. Аль хэдийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хуулийг барьж аваад огт хамааралгүй асуудалд буруутгаад шийдвэрлэсэн. Одоогоор шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гээд хуулийн дагуу гомдол гаргаад явдаг. Хад мөргөнө гэдэг шиг үр дүнгүй заргалдаад явж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж