МАН-аас, Л.Оюун-Эрдэнээс хүлээх ёсгүй шударга ёс!

Хуучирсан мэдээ: 2022.05.02-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

МАН-аас, Л.Оюун-Эрдэнээс хүлээх ёсгүй шударга ёс!

МАН-ын 30 дахь их хуралдаан
МАН-ын 30 дахь их хуралдаан

Монгол Улсын Ерөнхий прокурор нэр бүхий дөрвөн гишүүнийг эгүүлэн татах санал оруулж ирснээр өнгөрсөн долоо хоног парламент, улс төр энэ хүрээнд л өрнөв. Г.Занданшатар дөрвөн гишүүнээ авч үлдэх үү, шүд сугалуулах уу гэдэг улс төрийн тохироо, хэлэлцээ улс төрийн хөшигний ард өрнөж, парламент олонхоороо авч үлдэв. Угаас улс төрийн хөшигний ард Ерөнхий сайд, Засгийн газар парламентын эрх мэдэл рүү хэт их орсон, парламенттайгаа ярилцахгүй, хэт хүч түрсэн шийдвэрүүдийг гаргах болсон талаар хаалттай хуралдаанууд дээр яригдах болсон нь нууц биш ээ.

Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх баригч намын даргын сүржин мэдэгдлийн хариуд “Бид ч бас чадна шүү” хэмээх сануулгыг намын удирдлагадаа өгөв. Намын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар том байж болох ч парламент хүчтэй гэдгийг харуулав. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, сайд нараа чөлөөлөх, томилох гээд олон эрх мэдлийг гартаа авсан. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнэ авлигачидтай тэмцэнэ, түүний дотор өөрийн намынхан байсан ч хамаагүй хэмээж байсан зориг нь энэ удаад лав хүч дутав.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д олон орж ирж байсан. Гагцхүү чөлөөлж, явуулж байсан нь тун ховор бөгөөд зөвхөн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдлуудад чөлөөлж байв.

Өөрөөр хэлбэл, өөрөө л хүсэхгүй бол УИХ бүрэн эрхээс нь чөлөөлж байсан түүх байхгүй. Улсын ерөнхий прокурор, хуулийн байгууллага нь “Бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байгаад шалгахгүй бол болохгүй байна” гэж оруулж ирсэн тохиолдолд авч үлдэж байсан нь олон. Олонх, цөөнх гэхээс илүү УИХ-ын нэг гишүүнийг л эгүүлэн татвал дараагийнх нь гэх байдлаар шүд сугалах боломжтой гэдэг хандлагаар парламент, УИХ хандаж ирсний илрэл.

Мэдээж гэм буруутай эсэхийг нь тогтоохын тулд хуулийн байгууллага хэмжээлшгүй бүрэн эрхийг нь түр түдгэлзүүлэхийг л хүсч буй. Буруутай бол хариуцлагаа хүлээгээд, буруугүй бол эргээд л УИХ-д ирэх боломж нь бий.

УИХ буруутай хүмүүсээ хамгаалаад байгаа ч юм шиг, гэм буруутай эсэхийг нь улс төр шийдээд байгаа юм шиг, гэм буруутай ч УИХ-ын гишүүн болчихвол бүрэн эрхээр хамгаалагдаад байх уу. Ийм л эргэлзмээр дүр зургийг парламент, МАН харуулав. Өмнө нь ЖДҮ-ийн асуудлаар мөн л прокурорын газраас түдгэлзүүлэх санал оруулж ирж байхад олонхоороо авч үлдэж байв. Тухайн үед Ерөнхий прокурор нь “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой”-г сануулж байв. Одоо ч түүний хэлсэн шударга ёс энэ парламентаас, эрх баригч МАН-аас эхлэхгүй бололтой. Ерөнхий сайд, намын дарга нь шударга ёс ярьж, авлигчдын эсрэг ажиллая гэхэд парламент нь олонхоороо аваад үлдэж байхад, түүний хэлсэн, хийх гэж байгаа шударга ёсыг бий болгох гэдэг үг хэтэрхий их цуурайтаад байх шиг.

Цаашид Ерөнхий сайдын авлигатай тэмцэх зориг нь үргэлжлэх үү, прокурор нь дахин гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирэх үү гэдэг ирэх өдрүүдийн бас л сонирхол татсан сэдэв байх биз.

МАН дотроо үл ойлголцолтой багагүй хугацаанд явсаар ийн тэсэрч, эгүүлэн татах гэж байсан тодотголыг нь ч өөрсдийн “хүслээр”, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирсэн дөрвөн гишүүнээ ч авч үлдсэнээр үндсэндээ ил гарч байна.

Цаашид улс төрийн хувьд эрх баригч намын хуваагдал бүр ч илүү томорч мэдэх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж