Тойм: МАН гишүүддээ "хайртай"

Хуучирсан мэдээ: 2022.05.01-нд нийтлэгдсэн

Тойм: МАН гишүүддээ "хайртай"

Тойм: МАН гишүүддээ "хайртай"

Эрх баригч нам төсвийн хэмнэлт гэж хүүхдийн тоглоом тоглож байгаа аятай иргэдээр даажигнаж байна гэж хүмүүс шүүмжлэв. УИХ дахь бүлгүүд, байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан. Үүнээс гадна авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй УИХ-ын дөрвөн гишүүний асуудлыг ч авч хэлэлцээд, тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв. МАН гишүүддээ "хайртай" юм. Хайрлахгүй аваас ямар ч "дарьтай торх" дэлбэрч мэдэх аюултай.

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

ДӨРВӨН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАВ

Энэ долоо хоногийн дуулиан УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал байв. Эрх баригч нам авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ гэж улиг болтол ярьсан. Гэвч бодит байдал дээр ярьсан хэлсэн нь зөрж буйг харуулсан жишээ дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэрээс тод харагдаж буйг хэлэх хүн олон байна.

Энэ долоо хоногт УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ. Дээрх гишүүдийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр хуулийн байгууллага яллагдагчаар татан шалгаж буйгаа танилцуулсан.

АТГ-аас мэдүүлэг авахаар гишүүдийг нэг удаа дуудсан бөгөөд тэд дуудсан хугацаанд нь очиж байгаа тул мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулаагүй хэмээн дэд хороо үзсэн байна. Мөн уг асуудлыг прокуророос нууцын зэрэглэлтэй ирүүлсэн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.

МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ БАТЛАВ 

Энэ удаагийн төсвийн тодотгол гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй байгаа хүнд цаг үед иргэдийнхээ бодит орлогыг хамгаалахад чиглэж буй юм. Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө, орон нутагт бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зохицуулалтыг тусгажээ.

2022 оны төсвийн жилээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, театр, чуулга, музей, номын сан, сумын соёлын төв зэрэг байгууллагын байрны үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн албан хаагчдын цалинг ялгаатай эх үүсвэрээс олгодог болсон. Ингэснээр салбар салбарын хэмжээнд ажиллагсдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, түүнтэй уялдсан цалин хөлсний бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн тул үйлчилгээний албан хаагчдыг үндсэн байгууллагадаа харъяалагддаг байх өөрчлөлтийг тусгав.

Түүнчлэн төсвийн тодотголд тусгасан төрийн өмчийн засаглалын шинэчлэл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогуудыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төслийг дагалдуулж тогтоолын төслүүдийг боловсруулжээ.

Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголд Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг 425.5 сая төгрөгөөр нэмэх, гадаадын зээл тусламжийн ашиглалтын зардлыг 16 тэрбум 400.2 сая төгрөгөөр бууруулах, улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх төсөлд жагсаалтад өөрчлөлт хийснээр хөрөнгийн зардал 15 тэрбум 974.6 сая төгрөгөөр нэмэх болжээ. Энэ нь зарлагын болон алдагдлын дүнг нэмэхгүй байх хуулийн шаардлагыг хангаж байгаа аж.

НИЙТ 43.9 МЯНГАН ХҮНИЙ ТӨЛСӨН НДШ-ИЙН 50 ХУВИЙГ
БУЦААН ОЛГОХОД 34 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгасныг онцолсон. Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодитоор дэмжих үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлийн даатгуулагчийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалт бий болгохоор, нийтлэг төрийн үйлчилгээний ажилчдын цалинг шатлалын тавдугаарт хүргэхээр болжээ. Үүнд нийт 43.9 мянган хүн хамрагдаж нийтдээ 34 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Ирээдүйн өв санд төвлөрч байгаа хүүхдийн хуримтлалыг хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 он дуустал 100 хувь мөнгөн хэлбэрээр авах эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэхээр тусгажээ.

Засгийн газар хэмнэлт хийхийн тулд бүх аймаг, сумын машиныг судалж үзсэн байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж “Бас л машингүй, эсвэл муудсан, актлагдсан байна. Барилгын асуудалтай адилаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үе шаттайгаар шийдвэрлүүлэх протокол гаргуулсан. Цаашид шийдвэрлээд явах байх. Ер нь энэ хоёр асуудал олон жил урсгалаараа явсан.

Хөрөнгө мөнгө гайгүй аймаг асуудлаа шийдчихдэг, хөрөнгө татуу аймаг хэвээрээ байж байдаг. Хэмнэлтийн хууль батлагдахаар Засгийн газрын албаны автомашинуудын тоог гарган, илүү гарсан машинуудыг орон нутагт шилжүүлж, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бодолтой байгаа. Эхний ээлжинд орон нутагт сэлбэлт хийх чиглэлийг барина" гэв.

 ИРГЭНИЙ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАСАН ЖИЛИЙГ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАСНААР ТООЦНО

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн. Төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх, иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд 1 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох зохицуулалт тусгасан байна.

НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулсан бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцох журмыг Төрийн албаны зөвлөл батлахаар оруулжээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг "ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын баг 11 аймаг, яам, агентлагуудын ажилтай танилцсан. Олон жил яригдсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалтантай хэрхэн адилтган дүйцүүлж болох вэ гэсэн асуудлыг судалсан.

2800 албан хаагч удирдаж байсан их сургуулийн захирал төрийн захиргааны төв байгууллагад хэлтсийн даргаар ирэхэд хүндрэлтэй байна. Орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн эмч буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан төрийн захиргааны албан тушаалыг хашихад адилтгаж болдоггүй, шилжиж болдоггүй бэрхшээлүүд байна. Энэ харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд өөрчлөлт тусгасан. Түүнчлэн НҮБ болон олон улсын байгууллагын сонгон шалгаруулалтын босгыг даван үр дүнтэй ажиллаж байгаа олон хүн байдаг. Энэ иргэдийн ажилласан жилийг төрийн захиргааны зарим албан тушаалтай дүйцүүлэн тооцох зохицуулалтыг тусгасан" гэв.

ТОРГОХООС ӨМНӨ НЭГ УДАА САНУУЛДАГ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТ ТУСГАЖЭЭ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Манай улсад хариуцлагын тогтолцоо, хууль зөрчиж буй үйлдлийг шалган шийдвэрлэх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай,Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад хуулийн уялдаа холбоог  хангах зайлшгүй шаардлага  байна” гэж мэдээлсэн.

Зөрчлийн тухай хуульд тусгасан зөрчлийн үйлдлүүдийг цөөрүүлэх, хэт ерөнхий заалтаар шууд торгох шийтгэл оногдуулдаг байдлыг багасгах, зөрчлийн үйлдлийг тодорхой болгох, тухайн зөрчлийг аль болох төрийн хяналтын шалгалтын хүрээнд шийдвэрлэх замаар зөвлөн туслах, сануулах, зөрчлийг хор уршгийг арилгах боломжийг олгох тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн үр дагаврыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгохыг сануулахаар тусгасан аж. Ийнхүү торгохоос өмнө нэг удаа сануулдаг байх зохицуулалт нь нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг эзэлдэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн үйлдэлд бараг бүхэлдээ хамрагдахаар тусгасан нь иргэдэд учирдаг  хүндрэл бэрхшээлийг багасах, нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзжээ.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 2 дахин хөнгөрүүлдэг байх зохицуулалтыг шинээр тусгажээ.

Харин нийтийн эрх ашгийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, ФАТФ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагаар Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад заасан зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх зохицуулалтад мөн хамааруулахгүй байхаар тусгасан байна.

Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа 70, түүнээс дээш хувь алдсан хүн, хүнд өвчтэй хүнийг асран хамгаалж байгаа хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай хүнд оногдуулахгүй байхаар тусгасан бөгөөд энэ хэсэгт заасан “хүндэтгэн үзэх бусад шалтгаан”-ыг шүүхээс тогтоон хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой болсон байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийн тоо 10 байсан. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс хөрөнгө завших, хулгайлах зөрчлийг хасч, Эрүүгийн хуульд тусгах болсонтой холбоотойгоор, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан зөрчил оногдуулах баривчлах шийтгэлийг хасч, харин түүх, соёлын дурсгал зүйлийг эвдсэн, гэмтээсэн, устгасан зөрчлийг баривчлах шийтгэл хүлээлгэхээр тусгаж боловсруулсантай холбогдуулан нийт долоон зөрчилд баривчлах шийтгэл хүлээлгэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж