Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2022” өдөрлөг өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болж байна. Тус өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын тамгын газар (НЗДТГ), Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчид зэрэг төрийн захиргааны болон хуулийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлж буй юм.
Тухайлбал, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас шинэ ажлын байрны мэдээлэл өгч, ажилд зуучилж, Нотариатчдын танхимаас зарим төрлийн нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. Мөн НЗДТГ-аас иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авах бол Архивын ерөнхий газраас 1929-1956 оны хүн амын тооллогын лавлагааг үнэ төлбөргүй олгож буй.
Монголын Хуульчдын холбооны хуульчид 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж буй юм.
Холбоотой мэдээ