Тойм: "АН-ын даргын сунгаанд орохоо шийдээгүй байна"

Хуучирсан мэдээ: 2022.04.30-нд нийтлэгдсэн

Тойм: "АН-ын даргын сунгаанд орохоо шийдээгүй байна"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.


"АН-ЫН ДАРГЫН СУНГААНД ОРОХОО ШИЙДЭЭГҮЙ БАЙНА"

АН-ын гишүүн М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан нам хоёр талд үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа үдлээ. АН-ын тамга яг аль талд нь байгаа вэ. Шүүх аль АН-ыг жинхэнэ гэж үзэв. Учир нь, хоёр тал хоёулаа өөрсдийгөө АН гэж яриад байгаа болохоор энэ талаар ярилцлагаа эхлүүлье.?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тамгатай холбоотой шүүхийн процесс өрнөж эцэслэгдэн, шийдэгдсэн. Ц.Туваанд байсан тамга хүчингүй болсон. Эргэн сануулахад өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр талд, хоёр сунгаа болсон. Миний хувьд намын даргын сунгаанд орох үедээ аль нь яг зөв, албан ёсных юм гэдгийг судалсан. Ингэхдээ АН-ын дүрэм, Улс төрийн намын тухай хууль, шүүхийн процессыг судалж Ц.Тувааны талыг хууль ёсных гэж үзэх боломжгүй юм байна гэж дүгнээд С.Эрдэнийн талын сунгаанд оролцсон. Хүмүүс намайг С.Эрдэнийг дагаад явж байна гэж ярьдаг. Угтаа бол хууль ёсны намыг дагаж буй асуудал юм. Аль нэг дарга, лидер, хувь хүнийг дагаж навсганаж явах ёстой гэдэг сэтгэлгээг хаях хэрэгтэй.

-Тэгвэл АН-ын даргыг одоо ямар процессоор сонгох юм бэ?

-Улсын дээд шүүх  /УДШ-/ээс өнгөрөгч сард хууль ёсны АН-ын дүрмийн өөрчлөлтийг баталж, бүртгэж авсан. Өмнөх Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуулиудад Ч.Өнөрбаяр генсекийн гарын үсэгтэй нэр дэвшигчийг бүртгэж авсан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд нэг талдаа албан ёсны АН гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүний маш том илрэл нь УДШ дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авсан явдал байлаа. Шинэ дүрмээр хэд хэдэн өөрчлөлт орсон. Үндэсний бодлогын хорооны үүрэг роль нэлээд нэмэгдэж байна. Намын даргын асуудлыг Үүндэсний бодлогын хороо болон Их хурлаар шийдэгдэнэ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИНЭ ГЭВЭЛ ТӨР ӨРСӨЛДӨГЧ БАЙЖ БОЛОХГҮЙ"

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Төрийн хэмнэлтийн хуулийг та хэрхэн харж байна вэ. Хэмнэлтийг таны хувьд хэрхэн хийж байна вэ?

-Энэ хууль арай эрт батлагдах ёстой байлаа. Орлого нэмэгдэх төдийд төсвийн зарлагаа нэмэгдчихдэг. Жишээ нь, нэг газрын дарга нар бизнес ангиллаар нисээд байхад иргэдийн дургүйцэл төрөлгүй яах вэ. Тиймээс хэмнэлтийн бодлого зайлшгүй шаардлагатай.

Хувийн хэвшил “ядраад”, төр нь зарлагадаад байх нь зохисгүй. Төрийн хэмнэлтийн бодлого бидэнд үгүйлэгдэж байсан. Үүнийг урт хугацаанд хэрэгжүүлэх ёстой.

Гэхдээ судалгаатай хандах ёстой. Жишээ нь, төрийн өмчийн компаниудын хэмнэлт рүү орох ёстой. Төрийн өмчийн компаниудын төсөв нэлээд тэлэлттэй байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээтэй ойролцоо болчихсон. Түүнийг, үр өгөөжийг нь хянадаг механизмтай болох ёстой. Мөн зардал талаас нь хянадаг байх ёстой. Төрийн өмчийн компаниуд удирдлага нь эцсийн өмчлөгчийн удирдлага нь ойлгомжгүй. Тиймээс тухайн хуулийг эргэж харах хэрэгтэй.

-Засгийн газар дүр эсгэсэн арга хэмжээ авч байна гэж иргэд буруутгаж буй. Жишээ нь, НДШ-ийн 50 хувийн буцаан олголт байна?

-НДШ-ийн 50 хувийн буцаан олголт дээр эсрэг байр суурьтай байна. Инфляци хүнсэн дээр хамгийн их мэдэгдэнэ. Түлш болон газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэчихлээ. Тиймээс хүнс худалдан авахад буцаан олголтыг найман хувь болгочихвол шууд эзэндээ хүрнэ. Тэгэхгүй үнэ тогтворжуулах хөтөлбөр бодитой хэрэгжих эсэхийг хянахад хэцүү. Иргэнд шууд чиглэсэн бодлого байх хэрэгтэй гэдгийг Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ч хэлсэн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"НЭГ УДААГИЙН ХЭМНЭЛТИЙГ ОЛОН ЖИЛ МӨРДӨХ БОЛОМЖГҮЙ"

2022 оны төсвийг хоёр дахь удаа тодотгох гэж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


Улсын төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийх гэж байна. Төсвийг өмнө нь хэт өөдрөгөөр харсан учраас өнөөдөр орлого тасрахад хүрсэн. Энэ удаад тодотгол хийхдээ өмнөх алдаагаа давтаж болохгүй байх. Ялангуяа богино хугацаанд үр дүнгээ өгөхгүй төслүүдийг царцаах, төр хэмнэлтийн горимд шилжих талаар ярьж байна. Тодотголд төр хэмнэлтээ хэр зэрэг тусгаж, оруулж ирсэн гэж харж байна?

-Засгийн газар, Сангийн яамнаас улсын төсвийг оновчтой төсөвлөх гэж хичээж байна. Гэхдээ Монголын хувьд түүхий эдээс хамаарсан онцлогтой. Иймд түүхий эд экспорт өндөр болохоор эдийн засаг савладгийг Олон улсын валютын сан, Дэлхийн банк 2010 оноос хойш удаа дараалан  сануулсаар ирлээ. Жишээ нь, бид жил бүр 30-40 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргаж байна. Энэ нь бидний л бодол байхгүй юу. Үүнийг худалдан авах уу, үгүй юу гэдэг нь биднээс хамаарахгүй. Худалдан авагч улсаас хамаарна. Хоёрдугаарт үнэ ханш. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ хэд хүрэхийг төдийлөн оновчтой таамаглаж чадахгүй байна.

Жишээ нь, БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо түүхий эдийн үнийг хэт өндөр өсгөхгүйн тулд дотоодын үнийн хяналт тавьж байна. Үүнийг бид урдьчилан мэдэхгүй. Ийм тодорхойгүй нөхцөлд айхтар өндөр зорилт тавьж болохгүй.

Үүнийг ОУВС анхааруулаад байгаа юм. Хоёрдугаарт, олж буй орлогоо зайлшгүй хуримтлуул гэдгийг мөн л олон жил сануулж байгаа. Үүгээр хүндэрсэн үед төсвийн алдагдлаа нөхөхөд нэмэр болно. Бүгдийг нь битгий зар л гэж анхааруулдаг. Харамсалтай нь бидэнд хуримтлуулсан зүйл маш бага. Иймд улсын төсвийн төлөвлөлтийг өмнө нь баталсан хуулиудын дагуу маш бодитой төлөвлөх ёстой. Хэт өөдрөгөөр төсөвлөж байгаа учраас дараа нь бид дахин дахин тодотгол хийх шаардлага гарч байна. Гол алдаа нь энэ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж