УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үед төсвийн мөнгөөр гэр хорооллын айлуудын жорлонг шинэчлэх асуудал шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нарын санаачилсан "Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт" багтсан байв. Гишүүд маргалдсаны эцэст олонх нь уг төслийг дэмжсэн учраас Улсын төсвөөс санхүүжүүлэхээр болж байна. Ингээд эсрэг байр суурь илэрхийлсэн гишүүдийн байр суурийг хүргэе.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хэмнэлт ярьж байхад айлын жорлон руу орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Популист гэхэд арай хэтэрнэ шүү. Айл өрхийн цэвэрлэх байгууламжийг жорлон гэж ойлгож болохгүй шүү.
Сангийн сайд Б.Жавхлан:
-М.Оюунчимэг гишүүний хэлж буйгаар улсын төсвөөр айлын хашаанд жорлон бариад тухайн айлд нь бэлэглээд явах юм байна л даа. Тийм зүйл байж таарахгүй. Улсын төсвөөр ийм хөрөнгө оруулалт хийж болохгүй. М.Оюунчимэг гишүүн та энэ саналаа буцааж татах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Хэмнэлтийн хууль хэрэгжихгүй юм байна. Оруулж ирсэн хуулийн төсөлд хэмнэсэн зүйл алга. Юугаа хэмнэсэн гэж та нар ярих гээд байгаа юм бэ. Гишүүд нь хот, хөдөөгөөрөө хуваагдаад, Төсвийн байнгын хорооны даргатайгаа үзэлцээд, үр дүнд нь хэмнэлт алга болжээ. Би өөрөө Сангийн яаманд төсвийн бодлогын газар мэргэжилтнээс нь эхлээд 15 жил ажилласан. Нийт эдийн засагт орж байгаа төсөв чинь 40 хувь, төрийн өмчит компаниуд 20 хувь байна. Хамгийн том татвар төлөгчид нь төр.
Хамгийн сайн бизнес хийдэг нь төр. Төрөөр л орж байж тендер авдаг хөгийн, Хойд Солонгосын систем рүү орчихоод, гишүүд нь алга ташаад байх юм.
Энд сууж байгаа хүмүүс ичих хэрэгтэй. Бодлого ярьдаг парламенттай болох талаар ярьж байхад жорлон яриад суух юм. Агуулгаа ойлгохгүй. Эдийн засгаа, онолоо судла л даа. Олон улсынхаа түвшинг мэдэрч шийдвэрээ гарга. Уучлаарай, би бүх саналаа татаж авлаа. Хэмнэлтийн бодлого чинь ёстой бүтэхгүй юм байна. Засгийн газрынхаа бодлогыг дэмжихгүй УИХ-ын гишүүд нь баг болж хуваагдаад, бүгдийг нь унагаад явчихдаг болжээ. Зарчмын зүйл ярихаар ойлгохгүй. Ийм ажил хэрэгч биш, мэдлэггүй, мэдээлэлгүй байж болохгүй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Нийслэл хотод тулгамдсан асуудлын нэг нь агаар, хөрсний бохирдол. Төсвийн хэмнэлтийн хуулиар иргэд рүү гээ чиглэсэн айл өрхийн дундын шугам буюу хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц байгуулахаас биш айлын хашаа руу ороод жорлон барина гэсэн үг биш. Гэр хорооллыг барилгажуулахад ариун цэврийн байгууламжийг шийдэхгүй бол цаашид бүр том асуудал болох вий. Төсвийн байнгын хороон дээр би үүний томьёоллыг сайжруулахаар татаж авсан. Энэ бол бохир, цэвэр усны шугамын асуудал. Дундын гэдэг нь 200-300 айлын дунд байдаг гудамж руу нь татдаг шугам. Түүнээс өөрийн хашаа руу оруулах нь айлуудын асуудал. Энэ тухай ярьтал жорлон болгож хувиргасан.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ