УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан. Энэ асуудлаар өчигдөр /2022.04.29/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан таван цаг гаруй хаалттай хуралдаж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагаас оруулж ирсэн хүсэлтийг хүлээн аваагүй.
Өөрөөр хэлбэл, Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын дагуу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар дөрвөн гишүүн тус бүр дээр гишүүд нууцаар санал хураалгахад олонх нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Энэ талаар Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан "Мөрдөн шалгах ажиллагаа явуулах буюу нэгжлэг хийж, албадан саатуулъя гэхээр гишүүний халдашгүй байдал асуудал үүсгэж байна. Тиймээс мөрдөх шалгаж ажиллагааг бүрэн явуулахын тулд Халдашгүй байдлын дэд хороонд нэрсийг оруулж ирсэн. Гишүүдийг түдгэлзүүлэхгүй аваад үлдвэл мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учрахыг үгүйсгэхгүй. Би уржигдар 42 хүнийг яллагдагчаар татагдсан байна гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр 43 хүн яллагдагчаар татагдсан байна. Яг прокурорын зөвшөөрөлтэй Хөгжлийн банкны хэрэг дээр битүүмжлэх, үзлэг, нэгжлэг зэрэг бүх процессыг хийх 202 зөвшөөрлийг өгсөн байна. Одоо гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ саад болох талтай" гэв.