Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Хуучирсан мэдээ: 2022.04.30-нд нийтлэгдсэн

Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 27-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэснийг эргэн сануулъя. 


Нөөцийн мах борлуулах цэгийн тоог нэмж, хонины махны үнийг бууруулав. Тодруулбал, нөөцийн махны 60 хувийг бүрдүүлж байгаа хонины махны кг тутмын үнийг Засгийн газраас  250 төгрөгөөр, бэлтгэн нийлүүлэгч нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр, нийт 350 төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэв.

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ӨРШӨӨЛ, УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах, мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байхаар хуулийн төсөлд тусгав.

Түүнчлэн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор  хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа.

Хууийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан гэмт хэргийн гаралт буурах, аввлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна гэж үзэж байна.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ  ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар: 
 -Төр нь эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан дэглэм бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
-Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрэлдэнэ.
– Төр үйлдвэрлэл эрхлэгчийн хувиар бус мэргэшлийн түвшинд хөрөнгө оруулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлснээр төрийн аж ахуй эрхлэлтийн арга механизм тодорхой болно.
– Үйлдвэрлэлийн тодорхой салбарт хутгалдан орж өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учрах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНААР ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД

Засгийн газрын ээлжит бус хуралдаан  дөрөвдүгээр сарын 29-нд болж хүнсний салбарынхны  Засгийн газарт тавьсан саналыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах шуурхай ажлын хэсэг байгуулсан.
 Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
-Хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, үнийг тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдээс гарсан саналыг судлах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий шуурхай ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд долоо хоног бүр танилцуулж байх,
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Хүнсний тухай, Хөдөлмөрийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж танилцуулах,
-Экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулж, бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны гуравдугаар улиралд багтааж Монгол Улсын хилээр нэвтрүүлэх арга хэмжээ авах,
-Хүнсний сав баглаа боодлын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг судалж танилцуулах
-Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх асуудлыг Эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн, шийдвэрлэж танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж