УИХ Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг өчигдөр /2022.04.29/ эцэслэн батлав. Улмаар Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй компаниас бусад этгээдийг тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглолоо. Мөн Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглов.
Түүнчлэн Төсвийн захирагч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллагаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болох юм байна.
“Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор цэцэрлэгийн хүртээмж багатай, төрийн өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулж, хамран сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн тохиолдолд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүхдийн хоолны зардлын хамт санхүүжилт олгохоор боллоо.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би бас дүүрэгт ажиллаж байсан. Орон нутгийн зовлонг мэднэ. Аймгийн Засаг дарга хоёр орлогчтой бол нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой. Энэ нь 11 болж нэмэгдэнэ. Төлөөлөгчдөө орлогчид хуваах ийм л зовлон байгаа. Төсвийн байнгын хорооны саналаар гишүүд хэлэлцүүлгийн явцад олон талаас мэтгэлцсэн гэдгийг ойлгож байна. Гэхдээ Засгийн газрын саналаар дэмжих зайлшгүй шаардлага байна. Яагаад гэхээр нэг уут үлдээхээр цаашдаа буруу жишиг болж байна. Мэдээж, өөрчлөлт "өвдөлт" өгнө.
Зарим агентлагийн дарга нар, төрийн өмчит компанийн дарга нар УИХ-ын гишүүд рүү ингэж хандахаа болих хэрэгтэй. Ёс суртахуунтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд энэ саналаас ухрахгүй. Хэрвээ санал унавал төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд дахин оруулж ирнэ. 200 орчим хүн байгаа. Энийг том агуулгаар нь хүлээж авчих л хэрэгтэй. Машины асуудал дээр ч гэсэн. Ер нь хандлагаа олон улсын жишигт нийцүүлмээр байна. Гишүүд тэгш хандах ёстой гэдгийг хэлж буй. Би энийг дэмжиж байгаа. УИХ, шүүх засаглал, Засгийн газрын харьяа байгууллагууд тэгш зарчмаар хандах шинэчлэлээ хийгээд явах нь зүйтэй. Болохгүй бол хуульд нэмэлт өөрчлөлт хийж болно. Тийм учраас УИХ-ын гишүүдээ Засгийн газраас гаргасан саналын дагуу эцсийн хэлэлцүүлэг дээр дэмжихийг хүсье" гэдгийг онцолсон удаатай.
2024-2025 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
Дашрамд дурдахад, Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар нийт 23.5 их наяд төгрөгийн 643 арга хэмжээний санал ирүүлснээс Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн нөөц боломжтой уялдуулан нийтдээ 15 их наяд 137 тэрбум 7 сая төгрөгийн санхүүжилт бүхий 18 зорилт 75 арга хэмжээг тусгагдсан. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг, гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум 452 сая төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум 196 сая төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум 236 сая төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгийн санхүүжилт бүхий арга хэмжээг төлөвлөсөн байна.
Холбоотой мэдээ