"Монгол хүүхдүүд анимэ их үздэг учраас япон хэл заахад хялбар байдаг"

Хуучирсан мэдээ: 2022.04.29-нд нийтлэгдсэн

"Монгол хүүхдүүд анимэ их үздэг учраас япон хэл заахад хялбар байдаг"

"Монгол хүүхдүүд анимэ их үздэг учраас япон хэл заахад хялбар байдаг"

Монгол хүүхдүүдэд япон хэл болон шинэ тутам хөгжиж буй тийболын спорт зааж сургаж буй
Кэийчи Сато багштай ярилцлаа.


-Монгол оронд анх ирсэн дурсамжаар тань ярилцлагаа эхлүүлье. Та манай улсад анх хэдэн онд ирж байв?

-Би таван жилийн өмнө “Номт наран” хувийн сургуулийн япон хэлний багшаар ажиллахаар ирж байлаа. Өмнө нь намайг Японд бага сургуулийн багшаар ажиллаж байхад манай сургуульд нэг монгол сурагч байсан юм. Тэр сурагч японоор сайн ярьж чаддаггүй байсан.

Тиймээс монгол хүүхдүүдэд япон хэл зааж сургах хүслээр, залуу хүний хувьд Монголыг сонгож ирж байлаа. Одоо энд япон хэл зааж сургахын зэрэгцээ бэйсбол заадаг.

-Монголд ирэхээс өмнө ямар төсөөлөлтэй байв, ирээд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Хамгийн анх ирэхэд их хэцүү байсан. Монголын талаар ойлголт багатай. Улаанбаатарын сурагчид сургуульдаа морьтой ирдэг байх гэж бодож, төсөөлж байсан. Гэтэл үнэтэй үнэтэй машин ихтэй, зөндөө олон өндөр барилгатай хот байсан. Хүмүүс нь их дэгжин, гоё хувцасладаг.

Япончуудтай төстэй царайтай. Ёс заншлын хувьд Азиуд ер нь төстэй. Гэхдээ монголчуудад Европын соёл бас байдаг юм билээ. Тийм учраас би их гайхаж байсан. Эхний нэг, хоёр сар Японоо, гэр бүлээ их санасан. Буцаад харих уу гэж их бодсон (инээв.сурв). Одоо Монголын амьдралд дасаад, олон ч найзтай болсон.

-Анх ирж байсан шигээ нутаг руугаа явъя гэсэн бодол төрөхөө больсон гэсэн үг үү?

-Яг шууд явна гэж бодохоо больсон (инээв.сурв) шүү. Хааяа Японд байгаа гэр бүлээ, хоол, ялангуяа загасны махаа санаж байна.

ЯПОНД СУРАГЧ НЭГ САРД 10 НОМ УНШДАГ

-Та хэдээс хэдэн насны хүүхдүүдэд япон хэл заадаг вэ? Монгол хүүхдүүдэд япон хэл заахад ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Би Монголд ирээд, жаахан хүүхдүүдэд япон хэл заадаг сургууль олон байгааг мэдээд их гайхсан. Монгол хүүхдүүдэд япон хэл заах хэцүү биш. Яагаад гэвэл монгол хүүхдүүд наруто, ван пис гээд анимэ их үздэг учраас сонсгол сайтай, сайн ярьж сурдаг. Харин бичиж, уншихдаа жаахан тааруу. Энэ нь ном уншилттай холбоотой болов уу. Яагаад гэвэл, Японд нэг сурагч нэг сард 10 ном унших ёстой. Өдөр бүр 10 юм уу, 15 минут ном уншаад, хичээлдээ ордог. Нэг хичээлийн жилд бараг 100 ном уншдаг.

Би сая хувийн болон улсын сургуулиудын сурагчдын дунд “Ном унших дуртай юу? Нэг сард хэдэн ном уншдаг вэ?” гэсэн асуулга явуулсан юм. Ихэнх нь “Маш их дуртай” гэж хариулсан. 60 хувь нь “сард 1-2 ном уншдаг” гэж хариулсан байсан. Тиймээс сурагчдад зориулан номын сан байгуулж өгөхийг хүссэн. Өнгөрсөн онд би “MonJi-Shand” төрийн бус байгууллага байгуулсан. Надад Сайншанд их таалагдсан учраас ийм нэр өгсөн юм. Одоо “Адмон”, “Мон судар” компанийнхан болон 28 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдтэй хамтран энэ чиглэлээр ажиллаж байна. Би өөрөө багш учраас хүүхдэд хичээлийг хэрхэн сонирхолтой аргаар зааж сургах вэ гэсэн сэдвээр багш нарт зориулсан сургалт зохион явуулдаг.

-Монгол хүүхдүүдэд ямар арга барилаар япон хэл заадаг вэ?

-28 дугаар сургуулийн нэг ангид 60 хүүхэд хичээллэж байна. Олон хүүхдэд хичээл заадаг болоод ч тэр үү, багш нар “Чимээгүй бай” гэж чанга хашгирдаг. Японы багш нар ер нь “Чимээгүй бай” гэж хэлдэггүй. Ингэж хэлэхгүйгээр хичээл заах арга бий. Жишээлбэл, монголчууд морь, тэмээ, үхэр, ямаа, хонь гээд таван хошуу малаа дээдэлдэг. Намайг тэмээ гэж хэлвэл хүүхдүүд чанга ярьдаг.

Хонь гэвэл чимээгүй байх юм байна, ямаа гэвэл хажуугийн хүнтэйгээ ярьж болохгүй, үхэр гэвэл зөөлөн ярьж болно гэж ойлгодог байх гэсэн, амьдралд илүү ойр аргаар япон хэл зааж сургаж байна. Энэ арга хүүхдүүдэд ч хөгжилтэй байдаг.

-Монголын боловсролын системийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Сурах бичгийн хувьд өөр юм билээ. Би Монголын нэгдүгээр ангид үздэг сурах бичгийг судалж үзсэн. Зарим нь нэгдүгээр ангийн хүүхдэд арай хүнд биш үү гэсэн бодол төрсөн. Японд зургаан настай хүүхдүүдийн онцлогт тохирсон хичээл заадаг. Би монгол сурагч байгаад мөнгөтэй байсан бол магадгүй улсын сургуулиас илүү хувийн сургууль сонгох байсан. Монголд улсын, хувийн сургуулийн ялгаа их байна.

-Та өнгөрсөн таван жилийн хугацаанд монгол багш нарын ажиллах орчин, ахуй хангамжийн талаар тодорхой ойлголттой болсон болов уу. Японы багш нартай харьцуулбал ямар санагддаг вэ?

-Японд багш нарын цалин өндөр, хангамж сайтай байдаг. Тэр хэрээр хийх ажил их. Би Японд багшилж байхдаа шөнө гурван цаг л унтдаг байсан. Бусад бүх цагийг хичээл заах, бэлтгэл ажлаа хангах зэрэгт зарцуулдаг байсан. Монгол багш нарын хувьд цалин хангамж тийм сайн биш, ажлын ачаалал ихтэй санагддаг.

МОНГОЛ СУРАГЧДАД МАШ САЙН НОМЫН САН БАЙГУУЛЖ ӨГЬЕ ГЭЖ БОДОЖ ЯВДАГ

-Монгол хүүхдүүдэд номын сан байгуулж өгөх хүсэлтэй явдаг гэж хэллээ. Японы сургуулиудын номын сан ямар байдаг талаар сонирхуулахгүй юу?

-Монгол, Японы номын сан их ялгаатай. Японы бүх сургууль маш том, гоё номын сантай, мянга мянган номтой. Японы Боловсролын яамнаас сурагчдын номын санд маш их анхаарал хандуулж, тодорхой хэмжээний санхүүжилт олгодог. Тиймээс монгол сурагчдад зориулаад маш сайн номын сан байгуулж өгье гэж бодож явдаг.

-Япон хэлнээс гадна та бэйсбол заадаг тухайгаа ярилаа. Бэйсбол хүүхдэд ямар үр өгөөжтэй спорт вэ?

-Би анх Монголд ирээд, өвөл ийм их утаатай байдаг гэж бодоогүй. Манай сургуулийн сурагчдын дийлэнх нь эмнэлэгт хэвтсэн. Олон сурагч уушгины өвчтэй байсан. Сургуулийн талбай бага, сурагчид биеийн тамирын хичээлд тэр бүр хамрагдаж чаддаггүй байдал ажиглагдсан. Улаанбаатар хотод чөлөөтэй гүйх газар ч байгаагүй. Сагс, хөлбөмбөг гээд сонгох спортын төрөл цөөхөн. Би өөрөө бэйсболд дуртай, тоглодог байсан. Тиймээс “Номт наран” сургуулийн сурагчдадаа бэйсбол зааж эхэлсэн. 120 мянгатад япон хүний хийсэн талбай байдаг. Тэнд очиж тоглодог болсон.

Уулзаагүй хоёр жил болсон сурагчид хүртэл “Багш аа, би хамт тэнд очиж, бэйсбол тоглож сурмаар байна” гэсээр ирдэг болсон. Ер нь 6-12 насны улсын, хувийн сургуулийн сурагчид хамрагдаж болно.

Бэйсболоор дамжуулан хүүхдүүдэд бие биенээ хүндэлж хайрладаг, нэг хог байсан ч аваад түүх сэтгэлтэй, зөв хүн болж төлөвших зэрэг зан үйлийг давхар төлөвшүүлж байгаа юм. Мөн бэйсбол тоглож байхдаа японоор яриад, тухайлбал “Цохих” гэдэг үгийг японоор ингэж хэлдэг, япончууд хогоо сайн дураараа түүдэг, хотоо цэвэр цэмцгэр байлгахад санаа тавьдаг тэр соёлыг түгээхийг зорьдог. Тоглож байхдаа япон хэл давхар сурах боломжтой учраас хүүхдүүд их дуртай байдаг.

-Манай хүүхдүүдийн төлөвшилд анхаарч ажиллаж байгаад баярлалаа!

-Баярлалаа. Хичээж ажиллана аа. Миний бодлоор монголчууд жүдо, бокс гээд ганцаарчилсан спортын төрлөөр маш өндөр амжилт гаргаж байна. Саяхнаас л багийн спорт сайжирч байна гэж бодож байна. Одоо 6, 7 настай хүүхдүүд багийн спортоор хичээллээд, амжилттай суралцаж байна. Японд багш нар “Ганцаараа тоглох биш, талбай дээр гараад найздаа, бие биедээ туслах, өөрөөр хэлбэл багаараа амжилтад хүрдэг” гэж зааж сургадаг. Тиймээс бид багийн амжилт чухал болохыг монгол хүүхдүүдэд зааж сургахыг хүсч байгаа юм.

Бэйсбол тоглосноор хүүхэд бусдадаа хүндэтгэлтэй ханддаг, эелдэг харьцаатай, соёлтой, боловсон, зөв хүн болж төлөвшдөг учраас бид монгол хүүхдүүдэд энэ зорилгоор зааж сургаж байна.

ТАВДУГААР САРЫН 1-НД СУРАГЧДЫН ДУНД ТИЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

-Удахгүй хүүхдүүдийн дунд бэйсболын тэмцээн зохион байгуулах юм байна. Хэдэн насны хичнээн хүүхэд хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Тавдугаар сарын 1-нд бэйсболын анхан шатны гэж хэлж болох, шинэ тутам хөгжиж буй спорт Тийболын тэмцээнийг Сүхбаатар дүүргийн 6-р сургууль дээр зохион байгуулна. Нийт 10 сургуулийн сурагчид оролцох юм. Тэмцээнд Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль, 6-р сургууль, Баянзүрх дүүргийн 44, 68, 69 дүгээр сургууль, Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор 78 дугаар сургууль, Налайх дүүргийн 119-р сургууль, “Алтан бээлий” клуб, “Нарны Чонос” багуудын нийт 10-12 насны 150 гаруй хүүхэд багачууд анхдугаар цомын аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

-Тийбол тоглож сурах нь хүүхдүүдэд ямар үр өгөөжтэй талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Монголд хоёр жилийн өмнөөс тийбол хөгжиж байна. Ирэх наймдугаар сард Японоос тийболоор хичээллэдэг хүүхдүүдийн баг ирнэ. Тэр үед бид Сүхбаатарын талбай дээр тийболын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Бид хүүхдүүдэд тийбол гэж юу болох талаар тодорхой ойлголт, мэдлэг олгохыг зорьж байна. Японы 3-6 дугаар ангид тийбол заадаг. Тийболыг настай хүн, эмэгтэй эрэгтэй ялгалгүй бүх хүн тоглох боломжтой. 10 хүн байлаа гэхэд бүгд жигд тоглоно, нэг ч муу тоглогч байхгүй, бие биенээ дэмжээд, хамтдаа тоглодог багийн спорт юм.

Тийболыг хүүхэд бүр, тэгш эрхтэй, инээд, баяр хөөр дүүрэн байж, гэр бүл, найз нөхөд, анги хамт олон, сургуулиараа тоглох боломжтой. Тиймээс Монголын хүүхдүүдэд тийбол зааж сургая гэж бодсон. Тийболын анхны сургагч багш нар бэлтгэгдэж, улс орон даяар тархаж, шинэ түүхийн анхдагч нар төрөн гарах цаг удахгүй байх гэж бодож байна. Миний хувьд зургаан настайгаасаа эхэлж бэйсбол тоглосон.

-Хүүхдүүд тийбол сурахын зэрэгцээ бусад соёлд суралцдаг гэж та хэлсэн. Токиод япончууд өглөө ажлын цагаасаа хэдхэн минутын өмнө ирээд, оффисынхоо гадуур яваад, хог байвал түүгээд ордог юм билээ. Маш зөв төлөвшил, соёл санагдсан шүү?

-Баярлалаа. Япончууд орчноо цэвэр цэмцгэр байлгах соёлд багаасаа суралцдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж