Орон даяар тавдугаар сарын 1-нээс эхлүүлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.04.29/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгөхдөө "Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулна. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан. Эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш үргэлжилнэ. Мөн орон нутагт 15 аймгийн нэгдсэн эмнэлэг дээр дэмжих төвийг байгуулсан байгаа. Зарим аймгуудад мөн адил дэмжих төвийг ашиглалтад оруулж ажиллана. Дэмжих төв гэдэг нь эрүүл мэндийн тоног төхөөрөмжөөр хангагдсан өрөө гэж ойлгож болно.
Малчин, оюутан зэрэг тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд 2019 оноос хойш даатгалаа төлснөөр эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэг тогтсон хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.
Харин эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авах гэж байгаа бол бусад эрүүл мэндийн үйлчилгээний төвүүд үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа. Эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 хүнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Багцын шинжилгээ нь нас наснаас хамаарч 60-150 мянган төгрөгийн өртөгтэй байна" гэдгийг хэлэв.
"УРИЛГА ИРСЭН, ТОВЛОСОН ӨДӨРТӨӨ ОЧИЖ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА"
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:
-Энэ удаагийн эрт илрүүлгийн үзлэгээр үүссэн датаг нэгдсэн платформд хадгална. Тодруулбал, өрх, тосгоны эрүүл мэндийн төв буюу анхан шатны нэгжүүд шинжилгээний мэдээллийг хадгалж, нийгмийн эрүүл мэндийн чухал ажил болох өвчнөөс сэргийлэх, архаг өвчин илэрсэн тохиолдолд хяналтдаа авч, хүндрэхээс сэргийлэх бодлого баримтлах боломж нээгдэж байна. Зохион байгуулалтын тухайд нийслэлийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд штабууд байгуулсан. Энэ нь хүртээмжийг сайжруулах, графикийн дагуу шинжилгээнд хамрагдаж буй эсэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.
2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 1-н хүртэл хугацаанд аль хорооны иргэдийг хаана хамруулах төлөвлөлт хийсэн. Иймд хуваарилагдсан эрүүл мэндийн байгууллага дээр очиж шинжилгээнд хамрагдана.
Өөрөөр хэлбэл, урилга ирсэн, товлосон өдөртөө очиж шинжилгээнд хамрагдах ёстой. Нэг зүйл тодруулж хэлэхэд, тухайн иргэний цөс, ходоод өвдөх гэх мэтчилэн бие тавгүйрхэх буюу эрүүл мэндийн тусламж авах шаардлага гардаг. Энэ үедээ товлолоос урдуур орж үзлэг шинжилгээ хийлгэх боломжгүй. Эрүүл мэндийн төвүүдийн үндсэн үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул тусламж үйлчилгээгээ аваад явна. Харин урьдчилан сэргийлэх багц шинжилгээ бол тусдаа.
Холбоотой мэдээ