Манай парламент муу дээрээ муухай!

Хуучирсан мэдээ: 2022.04.29-нд нийтлэгдсэн

Манай парламент муу дээрээ муухай!

Манай парламент муу дээрээ муухай!

Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцээд хоёр долоо хоног өнгөрөв.

  Чухам л унаа тэрэг, утасны мөнгөө хэмнэхээ амлаж асан тэд хот, хөдөөгөөрөө хэрэлдсээр байгаад хэмнэлтийн бодлогыг самарч орхилоо. Эндээс харвал “эрхэм гишүүд”-эд эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт, иргэдийн амьжиргаа түй ч хамаагүй бололтой. Тойргийн мөнгөө /дөрвөн тэрбум төгрөг/ бүрэн  бүтэн авч байвал тойргийнх нь сонгогч хоосон, нойтон хонох нь гишүүдийн асуудал биш юм байна.

Хэмнэлтийн хүрээнд энэ онд хийхээр төлөвлөж байсан шинэ хөрөнгө оруулалтуудын талыг нь буюу 550 тэрбум төгрөгийг  “тойргийн мөнгө”-нөөс хэмнэсэнд гишүүд уурлажээ. Экспорт тэг зогсч, импорт таг гацсан энэ үед аймаг, суманд айрагны өргөө, усан бассейн, соёлын төв, наадмын талбай барих ямар ч шаардлагагүйн дээр  бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагын газрын даргын орлогч, туслах, зөвлөх гээд 80-хан орон тоог цөөлөхөд л төсвийн 1.3 тэрбум төгрөг хэмнэгдэнэ.

Бас болоогүй, эрх ямба, эдлэх хангамжийг нь бууруулах дургүй, зарим  нэг нь Ерөнхий сайдтайгаа хүртэл барьцаж ч байх шиг. “Бүх төрийн албан хаагч нар бизнес ангиллаар нисэхийг хориглосон мөртлөө төсвийн ерөнхийлөн захирагч, Ерөнхий  сайд нар өөрсдөө бизнес ангиллаар  нисч болно гэсэн заалтыг оруулж байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн мөртлөө ийм ялгавартай заалт оруулж ирж болохгүй” гэдэг нь би ч гэсэн бизнес ангиллаар нисмээр байна гэсэн үг биз дээ.  Хэзээ байтлаа, манай гишүүд хуулийн өмнө тэгш эрхтэй гэдгээ мэддэг байлаа.

“Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү эрхтэй” л гэцгээдэг хүмүүс шүү дээ. Төрийн албаныхан гэхээр тусгай эрх ямба эдлэх ёстой гэсэн ойлголтоосоо эхлээд салчихмаар.

Хэмнэлтийн хүрээнд “Төрийн болон төсөвт байгууллагуудын албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглээний зардлыг 20 хүртэл хувиар хэмнэх, гадаад албан томилолтын зардлыг бууруулах, төсвийн хөрөнгөөр бизнес ангиллын нислэгээр зорчихгүй байна” гэсэн заалт төрийн олон том даргад таалагдаагүй нь тодорхой. Татварын мөнгөөр тансаглаад сурчихсан тэд нэг бол өөрийнхөө мөнгөөр бизнес ангиллаар зорчино, үгүй болон энгийн суудлаар үйлчлүүлнэ. Иймээс эхнэр, хүүхдүүд нь “эрхэм гишүүд”-эд ховлосон байх, “бид энгийн ангиллаар нисмээргүй байна” гээд. М.Оюунчимэг гишүүн бүр сая төгрөгийн цалин авдаг хүмүүс бол тэнгэр харж цаг өнгөрөөдөг гээд бараг хэлчихнэ лээ. НДШ-ийн 50 хувийг сая төгрөгөөс доош цалинтай хүмүүст өгнө гэсэнтэй “эрхэм гишүүд” арай барьцаагүй байх. Гол нь цалиндаа биш “цавчаа”-г нь бууруулсанд Засгийн газарт гомдоод байгаа юм даг уу даа.  П.Анужин гишүүн тойргийн мөнгөнөөс танахаар төрийн данхар бүтцээ тана гэж санаагаа ил цагаан илэрхийлчихэж байсан. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг шинээр барьснаас болж төрийн алба данхайгаад байна л гэх. Дээгүүрээ юу ч болоод байгаа юм бүү мэд ээ.

Ер нь тойргийн мөнгө бол гишүүдийн биш татвар төлөгчдийн хуруу хумсаа хуйхлан байж төсөвт төвлөрүүлсэн хөрөнгө. Хотын гишүүд түгжрэлийг бууруулах LRT төслийг оруулж ирээгүйд бүр их ууртай байгаа. Ч.Хүрэлбаатарыгаа барьж аваад зодох нь холгүй, өнгөрсөн долоо хоногт хэрэлдэцгээсэн.

Хотын түгжрэл Улаанбаатарын том зовлон мөн үү гэвэл мөн. Үүнтэй хэн ч маргахгүй. Авчиг LRT төсөл амин чухал хэрэгцээ мөн үү гэвэл биш. Нийтдээ 3.5 тэрбум ам.долларын өртөгтэй, нийслэлийн төсвөөс жил бүр 47  сая ам.долларыг татаасанд өгөх энэ төслийг хэрэгжүүлмээр байгаа бол эхлээд ядаж эрчим хүчний эх үүсвэрээ нэмэх ёстой юм байгаа биз дээ. Эрүүл, саруул ухаанаар бодоход. Ирэх өвөл Улаанбаатар хот эрчим хүчний хомсдолд орно, лаа шүдэнзээ бэлдээрээ гэх нь холгүй Эрчим хүчний сайд нь зовлонгоо яриад байхад л LRT төслийг хэрэгжүүлнэ гээд улайраад байгаа Б.Энхбаяр гишүүний хувьд  “нүд улаан, мөнгө цагаан” болчихоогүй л байлтай.

“Хэдэн адсаганы төлөө хүн алах нь ээ” гэгчээр тойргийн мөнгөний төлөө гишүүд улсынхаа эдийн засгийг унагахаас бүр айж, ичихээ байж. Энэ бүгдээс дүгнэхэд манай парламентынхаа муу дээрээ муухай, муухай дээрээ шуналтай гэж!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж