ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин допингийн шинжилгээнд бүдэрсэн уран гулгагч Камила Валиеваг өмөөрчээ. Тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт "Бээжин-2022" өвлийн олимпийн медальтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр Путин “Шударга бус, нэмэлт хориотой бодис, зальжин аргын тусламжтайгаар ийм төгс төгөлдөр байх нь туйлын боломжгүй зүйл. Уран гулгалтын спортод ийм замаар хүч нэмэгдүүлэх боломж байхгүй. Бид бүгд үүнийг сайн мэднэ. Бас ойлгож байна” гэж хэлжээ.
Камила Валиева зүрхний үйл ажиллагаа дэмждэг, тэсвэр хатуужил сайжруулдаг триметазидин гэх хориотой бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдсан. Өдгөө 15 настай түүний шинжилгээний хариу Бээжингийн олимпийн үеэр ил гарч, багагүй шуугиан тарьсан. Энэ хэрэгт РУСАДА буюу Оросын допингийн эсрэг агентлагийг чухал үүрэг гүйцэтгэсэн гэж гаднын хэвлэлүүд мэдээлж байна.
Камила Валиева өвөөгийнхөө зүрхний эмийг андуурч уусан гэж мэдүүлэг өгсөн.
Путин цааш ярихдаа “Бүх улс даяар төдийгүй дэлхийн өнцөг булан бүр дэх уран гулгалтын спортын хөгжөөн дэмжигчид Камилаг дэмжиж байна. Тэр өөрийн авьяас чадвар, хэцүү элементүүд, гоо сайхан, хүч чадал, энхрий байдал, мөн өөрийн хичээл зүтгэлээрээ энэ спортыг урлагийн түвшинд аваачсан” гэжээ.
"Бээжин-2022" өвлийн олимпоос Оросын баг тамирчид зургаан алт, 12 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэний дотор Камила Валиева уран гулгалтын багийн төрөлд алтан медалийн эзэн болсон. Түүний хувьд ганцаарчилсан төрлөөс алтан медаль авах бүрэн боломжтой байсан ч тэмцээний шийдвэрлэх өдөр хэд хэдэн алдаа гаргаж, улмаар дөрөвдүгээр байрт орсон билээ.
Холбоотой мэдээ