Валютын хязгаарлалтаа цуцлаад, ханшаа зоргоор нь тавьчих!

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Валютын хязгаарлалтаа цуцлаад, ханшаа зоргоор нь тавьчих!

Валютын хязгаарлалтаа цуцлаад, ханшаа зоргоор нь тавьчих!

Валютын ханшийн өөрчлөлт улсын төсөв, компани, хувь хүний санхүүгээс эхлээд микро болон макро түвшний бүх үзүүлэлтэд нөлөөлдөг. Монголд ам.долларын ханш өсөх хэрээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, эргээд буусан түүхгүй. Жил бүр энэ талаар ярьдаг ч шийдэл олж чаддаггүйн буруутныг бодлого тодорхойлогчдоос хайх нь зүй биз ээ.

ОХУ болон Украины хооронд хямралт нөхцөл байдал үүсч, дэлхийн улс төр, геополитик, эдийн засаг дахин нэн хурцадмал байдалд шилжсэн. Энэ нь Монголоос холуур тойрсонгүй, тойрох ч боломжгүй юм. Далайд гарцгүй, зөвхөн уул уурхайгаас хамаарал бүхий эдийн засагтай, улсын төсөв нүүрс, зэсээс, харин шатахуун, эрчим хүч нэг улсаас, импорт ганц боомтоос хамааралтай Монгол Улсын хувьд туйлын хүнд сорилт болж буй.

Инфляцийн түвшин өндөр хэмжээнд буюу 14.2 хувьд хүрсэн. Үүнд тээвэр логистикийн байдал, ОХУ-аас авдаг шатахууны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65 хувиар өссөн зэрэг нөлөөлж, экспорт, импортын хэмжээ огцом өөрчлөгдсөөр байна. Тухайлбал, улсын импортыг бүтцээр авч үзвэл хойд хөрш ОХУ нийт импортын 32 хувийг эзэлж байгаа аж. БНХАУ-тай хийж буй 30.7 хувийн импортоор авч үзвэл ОХУ 2 гаруй хувиар илүү байв.

Хамгийн сүүлийн мэдээгээр, манай улс он гарснаас хойш 3.3 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад маш бага үзүүлэлт болж, экспортын энэхүү бууралт төсөв, санхүү, төлбөрийн тэнцэл, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөж буйг харуулав.

Оны эхний улирлын байдлаар нүүрсний экспорт өмнөх онтой харьцуулахад 16 дахин, төмрийн хүдрийн экспорт 4 дахин буурсан нь эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөний илрэл.

Засгийн газраас хямралыг даван туулах үүднээс Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсны дүнд батлуулсан.

Тус хуулийг батлахдаа эрх баригчид маш том алдаа гаргасныг эдийн засагчид шүүмжилж байна. Тодруулбал, энэхүү хуульд Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглох зохицуулалт орсон. Энэ нь эдийн засагт эргээд сөргөөр нөлөөлж, импорт гацаж, орлого тасалдах гол шалтгааны нэг болж буй юм. Тиймээс эдийн засагт илүү эрсдэл учруулах дээрх хуулийг цуцлахыг шаардах нэгэн ч байна.

Бодит жишээ татъя. Иргэн Бат дээрх хууль батлагдахаас өмнө урд хөршөөс бараа, бүтээгдэхүүнээ татан авчирч, зарж борлуулаад, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болжээ. Харамсалтай нь, тус хууль батлагдсанаас хойш бэлэн мөнгө байгаа хэдий ч 6000 ам.доллараас дээш валют хилээр гаргахгүй байх шийдвэрийн улмаас бараагаа хүссэн хэмжээгээр татаж чадахгүйд хүрсэн байна. Үүний зэрэгцээ харилцагч валютын хадгаламжаасаа хүссэн хэмжээгээр авч болохгүй гэсэн арилжааны банкуудын лимит буюу “хориг”-т орсон нь нөлөөлжээ.

Банкинд хадгалуулсан мөнгө тухайн иргэний хувийн өмч. Гэтэл иргэний эрхэд бүдүүлгээр халдаж, "валютын контрол" хийж буй нь байж болохгүй том алдаа болохыг эдийн засагчид хатуу шүүмжилж байгаа юм.

Монгол Улс урд өмнө ийм “валютын контрол” бараг хийж байгаагүйг учир мэдэх хүмүүс хэлж буй. Иргэддээ их ажил хийж, ам.долларын ханшийг тогтвортой байлгаж, 3000-д тогтоон барьсан гэж харагдах гэсэн юм байх даа гэж эдийн засагчид, санхүү, хөрөнгийн зах зээл дээр тоглогчид бодлого тодорхойлогчдыг гоочилж байна. Тэд валютын хязгаарлалтаа цуцалж, ханшийг зоргоор нь тавьчих хэрэгтэйг зөвлөж буй юм. Учир нь валютын ханшийг хатуу тогтоон барих нь эргээд эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулдаг билээ.

Эдийн засагч Б.Золжаргал "Монголын импортлогчид өдөрт 1 сая төгрөгтэй тэнцэх валютын худалдан авалт хийж байна. Манай банкууд хүний өөрийн мөнгөөр гүйлгээ хийх эрхийг хассан. Тун удахгүй барааны хомсдол үүсэх эрсдэл байна” гэсэн байр суурь илэрхийлсэн.

Д.Ангар эдийн засагчийн хувьд "Аж ахуйн нэгжүүд өдөрт 10-50 мянган ам.долларын шилжүүлэг хийх гэхээр арилжааны банкууд лимит тогтоочихсон. Тэгэхээр урьдчилгаагаа төлчихсөн, үлдэгдэл төлбөрөө төлөх гэж байгаа болон шинээр бараа, бүтээгдэхүүн захих гэж буй байгууллагууд төлбөр тооцоогоо гүйцэтгэж чадахгүйд хүрч байна.

Эдийн засагт ийн хүндрэл болон ойлгомжгүй байдал бий болгосноор зөвхөн аж ахуйн нэгжүүд дээр авч үзэхэд гадаад талдаа Монгол нэр хүндээ алдана. Тэгээд ч зогсохгүй бараа захиалахад өмнө нь өгсөн 10-40 хувийн урьдчилгаа төлбөрөө ч алдах эрсдэлтэй. Учир нь, хоёр ханштай болохоос өмнө зарим аж ахуйн нэгж төлбөрөө тухайн үеийн ханшаар төлчихсөн гэсэн үг.

Үлдэгдэл төлбөрөө өгөхгүй, өдөрт тодорхой хязгаартай валютын шилжүүлэг хийж байгаагаас болж компаниуд хохирох эрсдэл их байна. Миний хувьд ханш их, бага байх гэхээс илүүтэй нэг тогтсон ханштай байхыг чухалчилж байна. Нүүрсээ зарж чадахгүй, экспорт зогссон зэрэг асуудал их байгааг ойлгож байна" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Их хэмжээний валют хилээр гаргахгүй гэсэн төрийн харалган шийдвэр, банкуудын валютын "хориг"-ийн улмаас импорт гацаж, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляцийг улам хөөргөдөх бодит эрсдэл нүүрлэж буй. Үүнээс үүдэн инфляци 20 хувьд хүрвэл төр засаг барьж дийлэхгүйг эдийн засагчид онцгойлон анхааруулсныг энд дахин сануул юу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж