УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Сангийн сайд Б.Жавхлан нар ам мурийгаад амжив.
Д.Ганбат гишүүний хувьд МАН-ыг ажлаа хийж чадсангүй гэж шүүмжилсэн бол Б.Жавхлан гишүүн "Хэрэв улс төржүүлбэл өнөөдрийн төлж байгаа өр хэний Засгийн газрын үед, аль нам төр барьж байх үед үүссэн өр билээ. Түүнээс болоод өнөөдөр бид хэцүү байдалд орсон шүү" гэж онцлов.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Төсвөө алдагдалгүй баталж болдоггүй юм уу. Ажлаа сайн хийсэн юм шиг хүн амьтан загнаад байх юм. Ард түмний төлөөллийг загнадаг хэн бэ, та нар. Гараад хар л даа, ард түмний амьдралыг. Маш хүнд хэцүү байна. Та нарын тарган цатгалан ард түмний байгаа байдал эсрэг хамааралтай байна шүү. Ажлаа хийж чадахгүй бол боль л доо. УИХ-ын сонгуулийг дахин явуулъя. Хөгжлийн банкийг та нар яаж идэж уулаа. Монгол Улсыг МАН ийм хэцүү байдалд оруулахыг харах үнэхээр гунигтай байна. Та нар ингэж пээдийхгүй шүү. Хичнээн удаа төсвийн тодотгол оруулж ирдэг юм бэ. Гурван удаа төсвийн тодотгол оруулж ирсэн түүх лав байхгүй шүү" гэв.
Сангийн сайд Б.Жавхлан хариуд нь "Харин та өөрөө хачин загнаж байна шүү. Төсвийн алдагдлын хувьд бид хуулийнхаа хүрээнд байна. УИХ-д жил бүр төсвөө тайлагнаж батлуулдаг. Та хэдхэн минут гаргаад хуулийг нь уншаарай. Гадаад өрийн хувьд, дунд хугацааны стратегийн хувьд маш сайн ажиллаж байна. Та асуудлыг хэт улс төржүүлж яриад байх юм. Хэрэв улс төржүүлбэл өнөөдрийн төлж байгаа өр хэний Засгийн газрын үед, аль нам төр барьж байх үед үүсгэсэн өр билээ. Түүнээс болоод өнөөдөр бид хэцүү байдалд орсон шүү. Улс төржүүлбэл цаг их орно, Д.Ганбат гишүүн ээ.
Төсвийн тодотгол хийх нь гайхуулаад байх зүйл биш хэдий ч цаг үеийнхээ нөхцөл байдалтай уялдуулж зөв хийж чадвал эдийн засаг тогтворжих боломжтой. Хөгжлийн банк 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр үүссэн чанаргүй зээлүүдийг үе үеэр нь хуваагаад харвал их сонирхолтой дүр зураг харагдана шүү, Д.Ганбат дарга аа. Бас л том улс төржсөн сэдэв шүү" гэсэн юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ