БАЙР СУУРЬ: Монголчууд өөрсдийгөө хүлж, боломжоо алдсан

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Монголчууд өөрсдийгөө хүлж, боломжоо алдсан

БАЙР СУУРЬ: Монголчууд өөрсдийгөө хүлж, боломжоо алдсан

Цар тахал, хилийн хориг, дайны нөлөөгөөр тээвэр логистикийн асуудал эдийн засагт хүндхэн цохилт болж байна. Үүний гол шалтгаан дэд бүтэц. Төмөр замгүй, хилийн боомтын гацаанаас үүдэн ачаа тээврийн урсгал өнөөдөр ч зогсонги байна гэхэд хилсдэхгүй. Нэг үеэ бодвол өдөр бүр тогтмол 14 галт тэргээр 750 чингэлэг тээврийг татан авч байгааг холбогдох албаныхан мэдээлж буй.

Бодит байдал дээр хилийн цаана Тяньжин боомт дээр импортын чингэлэг ачаа дунджаар 50-80 хоног хүлээгддэг 2021 оны дүр зураг одоо ч өөрчлөгдөөгүй байгаа нь нууц биш болохыг бизнес эрхлэгчид шүүмжилж байна. Дээр нь урд хөршийн хилийн хориг суларч амжаагүй байтал ОХУ, Украины дайны улмаас аж ахуйн нэгжүүдэд олон улсын хориг, ам.долларын өсөлт, валютын хомсдолын хязгаарлалт зэрэг нь ачаа тээвэр гацах шалтгаан болжээ. Мөн гадагш урсах валютын зардал жилээс жилд өсөн нэмэгдэхийн хэрээр импортын бараа, бүтээгдэхүүнээс хэт хамааралтай болж байгаа нь инфляцийг хөөрөгдөж буй юм.

Статистикаас харахад, инфляцийн өсөлтийн 50.9 хувь импортын барааны хязгаарлалтаас үүссэн гэсэн дүн бий. Үнийн өсөлт иргэдэд хамгийн том дарамт болж буй.

Наад зах нь, саван, угаалгын нунтгаас авхуулаад хувцас, гутлын үнэ өмнөхөөсөө хэд дахин нугарч, халаас "тэмтрэх" болов. Иймд төр, хувийн хэвшил, ТББ-ууд нэгдэж, өнөөгийн хүндрэлтэй асуудалд гарц хайв. Энэ үеэр салбарын төлөөллүүд дараах байр суурийг илэрхийллээ.


ХАНШИЙН ЗӨРҮҮ, ХОРИГООС БОЛЖ ТЭЭВЭР ГАЦАЖ БАЙНА

“Хар анар” ХХК-ийн захирал С.ГАНБОЛД: 

-Бид дотоодод 300 км, ОХУ-д 6000-7000 км тээвэр хийж байна. Бүгд валютаар гүйлгээ хийж байгаа ч оросуудаас тээврийн хөлсөнд авсан орлогын мөнгийг банкууд олгохгүй байна. Нэг бол маш хямд ханшаар худалдан ав гэдэг. Үгүй бол авч чадахгүй. Тиймээс бидэнд тээвэр хийхэд алдагдалтай болж байгаа юм.

Өнөөдөр банк рублийг 48 төгрөгөөр зарж, 20 хэдхэн төгрөгөөр авч байна. Бүх мөнгөө алдах болохоор ханшийн зөрүүний улмаас гадаад харилцагч нар тээвэр хийж чадахгүйд хүрч байна. Ер нь арилжааны банкууд ямар ч шилжүүлэг хийхгүй болохоор худалдан авалт хийж буй компаниуд ачаагаа авч чадахгүй байна.

ОХУ-д экспортын хоригтой холбоотой экспортын бүрдүүлэлт удаж байна. Дээр нь тус улсад тээвэр хийхэд ямар ч карт уншихгүй, бэлэн рубль авъя гэхэд банк нь зарахгүй байна. Дахиад рубль шилжүүлэхээ болилоо. Энэ маш том асуудал болж байна. Цар тахлын улмаас тээвэр гацсан. Хил нээгдэх нь үү гэж хүлээж байсан. Мөн ОХУ дайны байдалд шилжиж бүгд хаагдсан. Банкны системийн сүлжээнээс ОХУ-ыг хассанаас болж манай худалдан авагчид шилжүүлэг хийж чадахгүй, ачилтууд бүгд саатаж байна.

МОНГОЛЧУУД ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИЖ ЧАДААГҮЙ

Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.МӨНХБОЛД: 

-Олон улсын судлаачдын гаргасан прогнозоос харвал тав ба түүнээс дээш жил тээвэр логистикийн асуудал үргэлжлэх төлөвтэй байна. Монголчууд бидний хувьд үүсч буй нөхцөл байдлаас шийдлээ олж харах ёстой. Үүний тулд эрхзүйн орчноо эргэж хармаар байна. Монголын эрхзүйн орчинд эдийн засгийн агуулга байхгүй.

Жишээ нь, хилийн боомтуудыг хөгжүүлнэ гэдэг ч Хилийн тухай хуулиар хилийн ойролцоо аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хилийн гадна хил хамгаалах байгууллагын төлөөлөл байна гэдэг. Ёстой "Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй" гэдэг шиг. Ийм байж бид яаж хилийн боомтыг хөгжүүлэх гээд байгаа юм бэ.

Экспортоо хэрхэн нэмэгдүүлэх гэж байгаа юм бэ. Энэ асуудлаас л эхэлмээр байна. Даанч монголчууд бид аминчхан үзэлтэй. Бусадтай хамтарч, бусдад үйлчилгээ үзүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Уг нь манай улсаар дамжуулан маш том урсгал явуулах боломжтой. Зөвхөн Монгол Улсын эрх ашгийг харж, бусадтай харьцдаг. Энэ нь биднийг улам буланд шахаж байна. Өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны яам юу хийсэн юм бэ. Юу ч хийж чадахгүй. Бид түүхээ яривал 1990 оноос хойш энэ асуудалтай тулгарсан. Тяньжин боомтоор ачаагаа авдаг болсноос хойш өчнөөн жил өнгөрлөө.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас хилийн боомтуудыг чөлөөлөх маш олон зөвлөгөө өгсөн. Юу ч хийгээгүй. Яагаад гэвэл дарга нар нь солигддог, ажил урагшилдаггүй.

Энэ байдал биднийг хөгжүүлэхгүй байна. Бид өөрсдийгөө л хүлсэн. Бидэнд асар их боломж байсан. Одоо ч байгаа. Боломжуудаа л ашигла. Монголчууд тэвчээртэйгээр нэгнээ сонсч сурмаар байна. Бид ярьж байгаа мөртлөө хоорондоо ойлголцохоо больсон. Хамгийн аюултай нь энэ. Сонссоны эцэст тэс ондоо зүйл ярьж байна. Өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй, дэд бүтэц хөгжөөгүй, далайд гарцгүй биднийг хөндлөнгөөс хэн ч харсан юу ч хийж чадахгүй. Элон Маск ч юу ч хийж чадахгүй.

ГУРАВДАГЧ УЛС РУУ ГАРЦ НЭЭХ, ТЭЭВРИЙН ШИНЭ МАРШРУТ НЭЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал Э.ЕСҮХЭЙ: 

-Цар тахлаас үүдэн хилийн хязгаарлалт, олон улсын хорио цээрийн нөхцөлд бид ажилласан. Covid-19-ийн тархалт хумигдсан ч БНХАУ-тай худалдааны чиглэлд өөрсдийн боломжоор ажиллаж байна. Энэ асуудал Монголд төдийгүй дэлхий дахинд тулгамдаж байна. Харин ч бид БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Энэ хүрээнд урд хөрш манай улсын экспортыг аль болох хамгийн боломжтой хувилбараар нэвтрүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж байна.

Өнөөдөр Европын холбооноос Монгол руу татаж байгаа бараа, худалдаа наймааны тухайд, ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотой бага зэргийн гацалт үүссэн. Иймд ОХУ, Украин, Польш улсад сууж буй Монгол Улсын Элчин сайд нар хил дээр очиж, газар дээр нь ажиллаж байна.

Нөхцөл байдлыг бидэнд өдөр бүр мэдээлж байна. Бидний хувьд тээвэр зуучийн компаниудыг сүүлийн үеийн мэдээллээр хангаж, дэмжих чиглэлээр ажиллаж байна. Гадаад харилцааны яамнаас тээвэр зуучлалын холбоо, төрийн бус байгууллагууд, авто тээврийн компаниудтай холбоотой ажиллаж байна. Бодит байдал дээр санхүүгээрээ бэрхшээлээ үүрч байгаа аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг авсан. Гадаад харилцааны яамны чиг үүрэгт хамаарах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байна. Жишээ нь, олон улсад үүсээд буй асуудалд тээвэрлэлтийг сайжруулах зорилгоор гуравдагч улсуудтай тээврийн хэлэлцээр нэмж байгуулах, улс орнуудтай тээврийн зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх, ногоон даатгалын асуудлыг хөнгөвчлөх, тээвэр зуучдын компаниудыг хүртээмжтэй болгох, тээврийн шинэ маршрут нээх зэрэгт анхаарч байна. Эдийн засгийн коридорыг нэмэгдүүлэхэд санал дэвшүүлж ажиллаж байна.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУДААС БАРАА ТАТАХАД ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.ДӨЛГӨӨН: 

-Цар тахал, олон улсад үүсээд буй шинэ нөхцөл байдлаас болж Монгол Улсын хувьд далайн боомт, тээврээс татах ачаа бараа хүндрэлтэй, саад бэрхшээлтэй байна. Үүнтэй зэрэгцэн хувийн хэвшлийн авто тээвэрлэгч нар Европын холбооноос бараа, бүтээгдэхүүнээс тээвэрлэх гарц гаргалгааг өөрсдийн шугамаар хамтын ажиллагаатай байгууллагуудтай хэлэлцээр эхлүүлсэн байна. Үүнд, Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамнаас шаардлагатай зохицуулалтуудыг олон улсын гэрээнд тусгаж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Мөн Европын холбооны авто тээвэрт дайнаас үүдэн Европын холбоо, ОХУ-ын хооронд олон хориг тавьж байна. Энэ бол гол хүндрэл болсон. Үүнээс гадна хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг дахин шинэчлэх шаардлагатай.

Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна цөөн тооны бараа, бүтээгдэхүүнийг хөгжүүлж, үндэсний брэндээ экспортлох боломж бий. Жишээ нь, ноос ноолууран бүтээгдэхүүнийг агаарын тээврээр тээвэрлэхэд цаг хугацаа алдахгүй, бага жинтэй, зардал багатай, олон улсад өрсөлдөхүйц бараа, бүтээгдэхүүн болно шүү дээ. Далайд гарцгүй орнуудад Венийн үйл ажиллагааны хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрт эдийн засгийн төрөлжүүлэлтийн асуудал тэргүүлэх чиглэл болсон.

Далайд гарцгүй улс орнуудын тухайд дийлэнх нь Монголтой адил уул уурхай, түүхий эдэд суурилсан эдийн засагтай. Тийм болохоор эрдэс баялгийн салбараас гадна хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, солонгоруулах шаардлагатай. 

Нөгөөтэйгүүр, дээр дурдсан шиг овор хэмжээ багатай бараа, бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой. Жишээ нь, Швейцарь, Австри, Луксембург бүгд л Европын хөгжсөн, далайд гарцтай улс. Тэд цөөн тооны чанартай барааг өндөр чанартай үйлдвэрлэж, олон улсын зах зээлд гаргаж байна. Тухайлбал, Швейцарь цаг овор хэмжээ багатай, олон улсын зэх зээлд өрсөлдөж байна. Үүнтэй адил боломж бидэнд ч бас бий.


Салбар салбарын төлөөллүүд дээрх байр суурийг илэрхийлсэн юм. Тээвэр логистикийн асуудлаар өчигдөр "Монгол Улсын худалдаа, тээвэр логистикийн салбарт тулгарч буй хүндрэлтэй асуудлууд, цаашдын гарц гаргалгаа” сэдэвт уулзалт өчигдөр болсон. Энэ уулзалтад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын бүх төлөөлөл оролцож, асуудлаа хэлэлцсэн. Энэ үеэр Монгол Улсын гадаад худалдааны эргэлт өссөөр 2021 онд 16.1 тэрбум ам.долларт хүрч, 2000 оноос хойш 16 дахин нэмэгдээд буйг онцолсон билээ.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж