Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь болсон алтан мөрдэстнүүддээ “Монгол генералын өдөр“-ийн баярын мэндчилгээг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсад генерал хэмээх эрхэм цолыг олгож, хэрэглэж эхэлсээр өдгөө 78 дахь жил энэ онд тохиож байна. БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх генерал цол олгож эхэлсэн энэ өдрийг эх орныхоо халдашгүй дархан байдлын төлөө тангараг өргөн зүтгэсэн цэргийн дээд цолтнуудынхаа үйл хэрэг, эх орныхоо өмнө байгуулсан алдар гавьяаг мөнхжүүлэн, хүндэтгэл үзүүлэх, бахархан дуурайх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, тэдний цэргийн хэргийн өргөн мэдлэг, цэрэг амьдралын баялаг туршлагаас суралцах явдлыг эрхэм болгож ирсэн билээ.

Эрхэм генералууд маань үеийн үед, цагийн цагт туурга тусгаар Монгол Улсынхаа бүрэн эрхт байдлыг сахин хамгаалж, туг сүлд нь босоо залаат үндэс язгуураа мандуулан бадраах их үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан, хүн ардынхаа амар амгалангийн төлөө нэгэн насны хөдөлмөр зүтгэлээ зориулсаар ирсэн гавьяатайг түүхийн энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

“Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” гэж манай цэргийнхэн ярьдаг. Үнэхээр ч нэгэн үзүүрт сэтгэлээр төр, улсынхаа төлөө зүтгэсэн мянга мянган цэрэг эрсийн дундаас уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, өөртөө тавьсан өндөр зарчимч шаардлага, үйл хэргээрээ шалгарсан шилдэг хөвгүүдээ Монгол төр үнэлж, генералын алтан мөрдсийг соёрхон олгодог билээ. Дэлхийн түүхэнд нэр, алдраа мөнхөлсөн хурц ухаантай, эрэлхэг зоригтой, баатарлаг цэргийн аугаа жанжид Монголын түүхнээ цөөнгүй тодрон гарсан юм. Цэргийн түүх, цэргийн урлаг судлаач дэлхийн шилдэг эрдэмтэд өнөөдөр ч Монгол жанждын суут ухаан, цэрэг засах, захирах, байлдах урлагийг шимтэн судалж, зохиол бүтээлдээ тусгаж, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт дэвшилтэй хослуулан, стратеги судлалыг гүнзгий хөгжүүлэн улам боловсронгуй болгосоор байгаа нь бидний өвөг дээдсийнхээ суу алдраар бахархах үзлийг хөгжүүлж, “Би Монгол хүн” гэх омогшлыг үргэлж бадрааж байдаг. Өвөг дээдэс, ахмад үеийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжилж өдгөө ч манай эрхэм генералууд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад албаа нэр төртэй хааж, Монгол төрийн батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааны түшиг тулгуур, хөдөлгөгч хүч нь байсаар байна.

Өнөө жил “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан алтан мөрдэстнүүдийн эгнээг тэлж ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Г.Болор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртсэн. Монгол Улс түүхэндээ анх удаа эмэгтэй генералтай болсон нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулах, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хэрэгжүүлэх, даян дэлхийд энх тайвныг тогтооход эмэгтэй цэргийн алба хаагчдын оруулж буй хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлсний нэгэн тод илрэл хэмээн үзэх учиртай.

Эх орон, төр, ард түмнийхээ итгэл, хүндлэлийг хүлээж, улс Монголынхоо халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах үйл хэргийн манлай болсон эр цэргийн хийморь, эрхэм генералууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА БҮХНИЙГ МОНГОЛ ЦЭРГИЙН ДОГШИН ИХ ХАР СҮЛД ҮРГЭЛЖ ИВЭЭЖ БАЙХ БОЛТУГАЙ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж