"Гишүүдийн бүрэн эрх түдгэлзүүлнэ гэдэг эрх баригчдын жүжиг"

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

"Гишүүдийн бүрэн эрх түдгэлзүүлнэ гэдэг эрх баригчдын жүжиг"

"Гишүүдийн бүрэн эрх түдгэлзүүлнэ гэдэг эрх баригчдын жүжиг"

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ч.Отгочулуу, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар өнөөдөр /2022.04.28/ "4/11" мэдээллийн цагаараа ээлжит мэдээллээ хийлээ.


ИТХ-ын төлөөлөгч Д.ЭНХТУЯА:

-Нийслэлд  Улаанбаатарын хөрөнгө оруулалтын корпораци болон Улаанбаатар менежмент гэдэг хоёр компани бий. Эдгээр нь хотод хэрэгжиж буй томоохон төслүүдийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж гүйцэтгэнэ гэж анхны агуулгаар байгуулагдсан. Үүн дээр нэмж, сая яаралтайгаар Улаанбаатар шинэ бүтээн байгуулалтын компанийг байгуулж, НИТХ-аар оруулж баталгаажуулсан. Энэ компани төсвийн тодотголоор орж ирсэн хөнгөн галт тэрэг буюу LRT төслийн ажлыг хийх юм. Нийт 28.5 тэрбум ам.доллараар хотын түгжрэлийг шийднэ гэж буй.

Энэ асуудалд Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Өрийн тааз яригдах учраас нухацтай авч үзэх ёстой. Хотоос сонгогдсон 24 гишүүн үүнийг төсвийн тодотголд оруулж болохгүй" гэсэн. Үүнтэй Ардчилсан намын гишүүд санал нэг байна.

Өмнө нь "Дүүжин тээвэр" төслөөс жил бүр 500 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, хоёр жил ТЭЗҮ-ийг хийсэн. Энэ төслийг хэрэгжүүлэхээр нийт 60 сая ам.долларын зээлийг Францын Засгийн газраас авсан. Өнөөдөр сар бүр энэ зээлийн хүүг төлж байна. Энэ жил анх удаа хотын түгжрэл бууруулахад 420 тэрбум төгрөг тусгасан. Эхний ээлжид 18.1 км Яармагаас Сансар хүртэл хөнгөн галт тэрэг явуулахаар төлөвлөж байна. Дэлхийн олон хот энэ төслөөс татгалзаж байхад Монгол энэ их зардалтай төслийг хэрэгжүүлэх гэж буйг эсэргүүцэж байна.

АН-ны дэд дарга Ч.ОТГОЧУЛУУ:

-Улсын төсвийн тодотголыг Орос, Украины дайнаас шалтгаалан хэлэлцэн батлах гэж байна. Үнэндээ яг ямар нөлөө байгаа вэ, эсрэг ямар арга хэмжээ авах талаар огт хөндөөгүй. Энэ төсвийн тодотгол агуулга хэлбэрийн хувьд алд дэлэм зөрүүтэй байна. Ганц жишээ хэлэхэд, цлсын төсвийн орлогыг 30 хувиар нэмэгдүүлсэн байна. Үүнийг буулгах болов уу гэсэн, хэвээрээ байна. Бас төсвийн бодлого улсын макро эдийн засгийн чухал бодлого байдаг. Энэ бодлогыг хийхийн тулд нөхцөл байдлаа маш сайн ойлгосон байх ёстой. Гэвч эдийн засгийн нөхцөл байдлын талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байгааг дурдъя. Инфляци 14, ажилгүйдэл найман хувьтай байна гээд тайвшруулсан байдлаар энэ бодлогыг оруулж ирсэн. Гэвч бодит байдал дээр энэ статистик 30-аас дээш хувьтай байна.

Энэ төсвийн тодотголын хамгийн ноцтой зүйл нь өрийг их хэмжээгээр нэмэгдүүлжээ. Татвар төлөгчдийн ачааг улам нэмж, дансны аргаар заль зохиосон нь харагдлаа. Жишээлбэл, Дэлхийн банк Монголын Засгийн газрын өрийг эдийн засгийнхаа 92 хувьтай тэнцэж байна гэж дүгнэсэн атал Засгийн газар 50 хувь байгаа учраас 60 хувь болгоно гэж өрийн таазыг хуурамчаар гаргасан.

Ялангуяа Монголбанк болон арилжааны бусад банкууд дахь өрийг Засгийн газрын өр биш мэтээр оруулж байна. Зөвхөн Хэнтий аймагт гэхэд 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэнэ. Нийт төсвийн хөрөнгө оруулалт гурван их наяд орчим байдаг. Хэнтий аймагт иргэдэд мэдээлэх олон нийтийн төв олноор барихаар төсөв баталсан байна. Жилд 400 сая жуулчин хүлээж авна гэдэг боломжгүй. Гэтэл Хэнтий аймагт онгоцны буудал, Их хуралдай цогцолбор, орон нутаг судлах музей, Хан хэнтий чуулга, сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийг олноор байгуулах жишээтэй. Бусад аймгийн төсөвтэй харьцуулахад 2-3 дахин их байна. Мөн 331 тэрбум төгрөгөөр сумд руу зам барих гэнэ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал эрх баригч намын жүжиг байсан. "Туушин" зочид буудалд хуралдаж, бие биедээ цаас өгч авалцаад, Төрийн ордонд бөөн асуудал үүссэн. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга гишүүддээ хариуцлага тооцно гэж ярьсан. Гэтэл дундаасаа хариуцлага тооцох гишүүдийн тоо ч цөөрч, гурван гишүүн үлдсэн. Одоо эдгээр гишүүдийн асуудал ч гэсэн бүдгэрэх юм шиг байна.

Миний сонссоноор энэ мөнгөө сонгуулийнхаа хандивт өгсөн юм шиг байна. Бидэнд байгаа мэдээллээр бүрэн эрхээ түдгэлзүүлэх гурван гишүүн мөнгөө 2020 оны сонгуульд өгсөн сурагтай. Энэ үнэн бол ноцтой асуудал. Хөгжлийн банк, төрийн өмчит компаниудаас мөнгө босгосон дүр зураг харагдаж байна. МАН ийм л схемээр явдаг. Ингэж шударга ёсыг тогтоохгүй. Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдахгүй байгаа нь үүнтэй холбоотой гэж харж байна.

Өөрийнхөө тойрогт үр ашиггүй зардал тавьдаг, цадиггүй төр болж дууслаа. Тийм учраас энэ асуудлыг нэг талдаа гаргаж,  хариуцлага тооцох ёстой. Хэрвээ УИХ-ын гишүүдийг хуулийн үндэслэлгүй буруутгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж байгаа бол Улсын Ерөнхий прокурорт хариуцлага тооцох ёстой. Яагаад улс төрийн зорилгоор энэ асуудлыг оруулж ирж байна вэ. Ийм л зарчим байх нь зүйтэй. Үнэхээр гишүүд гэм буруугүй бол Ерөнхий Прокурорт хариуцлага тооцох нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж