Төв Африкийн бүгд найрамдах улс биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон баталсан хоёр дахь улс болжээ. Тус улс нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг боловч очир эрдэнэ, алт, уранаар баялаг юм. Хууль тогтоогчид биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгохоор дуу нэгтэйгээр санал өгсөн гэж тус улсын ерөнхийлөгчийн албанаас мэдээлсэн байна.
Төв Африкийн бүгд найрамдах улс олон жилийн турш мөргөлдөөнтэй байгаа бөгөөд Оросын "Вагнер" группын хөлсний цэргүүдэд тусалж, Москватай ойр, холбоотой байдаг. Одоогийн байдлаар тус улсад франк буюу хуучин Францын мөнгөн тэмдэгт ашиглаж буй. Биткойн нэвтрүүлэх нь байгалийн баялаг ихтэй Төв Африкийн улсад нөлөөлөх гэсэн Орос, Франц хоёрын өрсөлдөөний нэг хэлбэр гэж ажиглагчид үзэж байна. Энэ алхам нь хуучин Францын мөнгөн тэмдэгтийн хүчийг сулруулна гэж үзжээ.
Ямар ч төрлийн криптовалютыг ашиглахад интернет шаардлагатай. Гэвч 2019 оны байдлаар Төв Африкийн бүгд найрамдах улсад амьдардаг хүмүүсийн ердөө дөрөвхөн хувь интернетэд холбогдсон байна гэж “World data” хуудаст мэдээлжээ.
Биткойныг албан ёсны мөнгөн тэмдэгт болгон баталсан анхны улс нь Сальвадор юм. Сальвадор улс 2021 оны есдүгээр сард ийм шийдвэр гаргаснаар санхүүгийн тогтворгүй байдлын эрсдэлээ улам нэмэгдүүлсэн гэж Олон улсын валютын сан шүүмжилсэн. Дэлхийн олон орон гэмт хэрэгтнүүдийн мөнгө угаалт гэх мэт шалтгааны улмаас криптовалют ашиглахаас зайлсхийж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ