Чуулган: "100-гаас дээш хүнтэй агентлаг бас л нүсэр шүү дээ"

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: "100-гаас дээш хүнтэй агентлаг бас л нүсэр шүү дээ"

14 : 46
2022-4-28

"100-гаас дээш хүнтэй агентлаг бас л нүсэр шүү дээ"

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар төсвийн тодотголын дагалдах хуулиудын зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна. Зарчмын зөрүүтэй 80 гаруй санал байгаа аж.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-400-гаас дээш хүнтэй агентлаг орлогч даргатай байж болно гэсэн заалтыг би хувьдаа дэмжихгүй байна. Учир нь би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар 16 жилийн өмнө ажиллаж байсан. Тухайн үед ЗГХЭГ-ын үндсэн орон тоо 92 байсан санагдаж байна. Бусад хүмүүсээ нэмээд 98 байсан. Тэр үед ажлын чиглэл нь маш олон талтай байсан. Дэд даргын орон тоо бол байсан. Одоо ч байна. Ингээд бодоод үзэхэд 100-гаас дээш хүнтэй агентлаг бас л нүсэр шүү дээ. 100 хүнтэй байхад л гурван дэд даргатай байсан. 100-аас дээш хүнтэй газар асуудал их үүсдэг. Агентлагууд дотоод, гадаад чиг үүрэг хэрэгжүүлдэг. Гадаад хамтын ажиллагаа их өндөртэй. Гаднын хүмүүс ирэхэд тамгын газрын даргатай уулзахгүй орлогч, дэд даргатай уулзах сонирхолтой байдаг. Олон улсад ч ийм л байдаг. 10-20 хүнтэй газар дэд дарга хэрэггүй. 400-гаас дээш гэвэл хэдхэн агентлагуудад зориулагдана. Тиймээс 400 гэхгүйгээр 100-гаас дээш хүнтэй агентлаг орлогч даргатай байхыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-100, 400 гэсэн хоёр тоо яригдаж байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг нээлттэй ажилласан. 100-гаас дээш хүнтэй агентлаг орлогч даргатай байх санал байнгын хороон дээр дэмжигдсэн. Нөгөө талдаа Засгийн газар хэмнэлтийн бодлогоо гаргаад, орлогч даргагүй явах хатуу бодлого барьж байгаа. Энэ хоёрын дунд ярьж байгаад 400 гэсэн тоо гаргаж ирсэн. 100, 400 хоёрын дунд дахин нэг хувилбар гаргаж ярьж болно шүү. 100 гэдэг нь учиргүй мэргэн тоо биш. Энэ хоёр тоо хэрэв унавал Засгийн газрын огт орлогч даргагүй байх хувилбараар явах эрсдэлтэй. УИХ-ын Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг нээлттэй ажилласныг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-400-гаас дээш хүнтэй агентлаг орлогч даргатай байж болно гэсэн заалт оруулж ирж байна. Энэ бол зарчмын хувьд зөв. 2019 онд өргөн барьж батлуулсан Төсвийн тухай хууль дээр норм, нормативыг барих асуудал ерөөсөө мөрдөгдөхгүй байгаагаас өнөөдрийн энэ асуудал үүссэн. Уг нь норм, нормативаа бариад явбал өнөөдрийн тэдээс дээш ажилтантай байгууллага дэд даргатай байхаас үл хамаарч зарчмаараа явах байсан. Тэгж байж хөдөлмөрийн үнэлэмж бодитой болно.

12 : 28
2022-4-28

"ОХУ-ын гаалийн байгууллагатай ачааны манифест цахимаар солилцож эхэлсэн"

УИХ-ын чуулганы нэгдсэн хурардаанаар үргэлжлүүлэн Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уншиж танилцуулав.

Тэрбээр “Нэгдсэн Үндэстний байгууллага Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын 2012 оны 68 дугаар чуулганаас “Бүс нутгийн худалдааг иж бүрэн, тогтвортой хөнгөвчлөх зорилгоор цаасгүй худалдаа, цахим өгөгдөл, баримт бичгийг хил дамнан зөвшөөрөх боломжийг бүрдүүлэх тухай” тогтоолыг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас өргөн хэмжээний судалгааг 2012-2013 онд хийсэн. Монгол Улс 2015 оноос энэ хэлэлцээрийг батлах хүртэл хэлэлцээний техникийн ажлын хэсэгт ажилласан.

Нэгдсэн үндэстний байгууллага Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын 2018 онд хийсэн судалгаанаас харахад Монгол Улс зөвхөн ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлбэл худалдааны зардлыг 10 орчим хувиар, харин хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээртэй хамтатган бүрэн хэрэгжүүлэхэд 30 орчим хувиар бууруулах тооцоо гарсан. Ингэснээр экспорт болон импортод зарцуулдаг хугацааг 55-60 хувиар бууруулах, экспортын хэмжээг 19 хувиар нэмэгдүүлэх жилд ойролцоогоор 133 сая ам.доллар хэмнэх дэлхийн үнийн гинжин хэлхээнд хамрагдах боломж нэмэгдэнэ. Түүнчлэн хил дамнасан цаасгүй худалдааны систем дэмжих хэд, хэдэн цахим систем Монгол Улсад байгаа ч агентлаг тус бүр дээр автоматжуулалтын түвшин харилцан адилгүй байгааг хүртэл үнэлсэн.

Монгол Улс хил дамнасан цаасгүй худалдааны хэлэлцээрийн зарим зүйл заалтыг түнш орнуудтай хоёр талаар тохирон хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, Гаалийн Ерөнхий газар ОХУ-ын гаалийн байгуулллагатай ачааны манифест цахимаар солилцож эхэлсэн. Цаашид статистикийн цахим мэдээлэл, урьдчилсан цахим мэдэгдлийг солилцох ажлууд яриа хэлэлцээний түвшинд явж байна. Иймд Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр тогтсон. Энэ хуулийн төсөлтэй уялдлуулан бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй” гэлээ.

11 : 30
2022-4-28

Ажлаа хийж чадахгүй бол боль!

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Хүнс, барааны үнийн өсөлт замаа алдсан. Төсвийн төсөөлөл дээр цалинг хэрхэн оруулж ирсэн бэ? LRT төсөл дээр төсвөөс мөнгө гаргаж болоод байх шиг байна. Харин иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлыг шийдэхгүй бол иргэд ядуусын эгнээ рүү бөөн бөөнөөрөө орж байна шүү.

Сангийн сайд Б.Жавхлан:

Тавдугаар сарын 1-нээс хойш УИХ-аар хэлэлцүүлэхээр 2023 оны төсөв, 2024-2025 оны төсвийн хүрээний төсөөлөлд цалинтай холбоотой асуудал орж ирнэ. Энэ удаагийн төсвийн тодотгол 2022 оных учраас цалингийн асуудал огт хөндөгдөөгүй. Гэхдээ энэ жил тавигдсан цалингийн бүх зардлын хүрээнд санхүүжилт саадгүй хийгдэж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарт хот, хөдөө гэж ялгалгүй санхүүжилтийг бүрэн хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Төсвөө алдагдалгүй баталж болдоггүй юм уу. Ажлаа сайн хийсэн юм шиг хүн амьтан загнаад байх юм. Ард түмний төлөөллийг загнадаг хэн бэ, та нар. Гараад хар л даа, ард түмний амьдралыг. Маш хүнд хэцүү байна. Ази дундаа хамгийн муу эдийн засагтай улс нь Монгол болчхоод байна. Гэтэл Хятадын эдийн засаг таван хувиар өсч байна. Өмнө нь зарцуулсан төсвийн тайланг тавьдаггүй. Ард түмний мөнгөөр юу хийсэн юм бэ. Та нарын тарган цатгалан ард түмний байгаа байдал эсрэг хамааралтай байна шүү. Ажлаа хийж чадахгүй бол боль л доо. УИХ-ын сонгуулийг дахин явуулъя. Хөгжлийн банкийг та нар яаж идэж уулаа. Ирэх онд хэчнээн тэрбумыг төлөх юм бэ.

Миний ойлгож байгаагаар 2022-2023 онд 1.5 тэрбум ам.доллар төлөх юм билээ. Үүнийгээ яаж төлөх вэ? Цаашдаа Монголд бага хүүтэй мөнгө зээлэх улс орон олдохгүй. Өдөр өдрөөр дефолт руу ойртож байна шүү. Ш.Адьшаа, Ц.Туваан гишүүний хэлдэг бүгд үнэн. Гэтэл тэдний асуусан асуултад ч олигтой хариулахгүй юм. Ер нь алдагдалтай компанийн 34 хувийг худалдаж авах хүн байх уу? Алдагдалтай компаниа хувьчилж, 66 хувийг нь иргэдэд өгөөч. Тэгж байж үр дүн гарна. Монгол Улсыг МАН ийм хэцүү байдалд оруулахыг харах үнэхээр гунигтай байна. Та нар ингэж пээдийхгүй шүү. Хичнээн удаа төсвийн тодотгол оруулж ирдэг юм бэ. Гурван удаа төсвийн тодотгол оруулж ирсэн түүх лав байхгүй шүү.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Харин та өөрөө хачин загнаж байна шүү. Төсвийн алдагдлын хувьд бид хуулийнхаа хүрээнд байна. УИХ-д жил бүр төсвөө тайлагнаж батлуулдаг. Та хэдхэн минут гаргаад хуулийг нь уншаарай. Гадаад өрийн хувьд, дунд хугацааны стратегийн хувьд маш сайн ажиллаж байгаа. Та асуудлыг хэт улстөржүүлж яриад байх юм. Хэрэв улс төржүүлбэл өнөөдрийн төлж байгаа өр хэний Засгийн газрын үед, аль нам төр барьж байх үед үүсгэсэн өр билээ. Түүнээс болоод өнөөдөр бид хэцүү байдалд орсон шүү. Улс төржүүлбэл цаг их орно, Д.Ганбат гишүүн ээ. Өнгөрсөн нэгдүгээр сард тэтгэвэр нэмье гэж байхад та дэмжиж байна гэж хэлснээ хэдхэн сарын дараа мартсан хэрэг үү. Энэ удаагийн тодотголыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж хэмнэлтийн горимд шилжүүлсэн. Мөнгөний бодлогыг хатууруулсан учраас төсвийн бодлогыг уялдуулах шаардлага үүссэн. Та анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжээд явж байсан. Бас л мартсан бололтой. Төсвийн тодотгол хийх нь гайхуулаад байх зүйл биш хэдий ч цаг үеийнхээ нөхцөл байдалтай уялдуулж зөв хийж чадвал эдийн засаг тогтворжих боломжтой.

Тийм зорилгоор төсвийн тодотгол оруулж ирсэн. Төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг таныг дэмжинэ гэж найдаж байгаа ч та ухарчихдаг талтай шүү. Өмнө нь олон Засгийн газар УИХ-аар оруулж ирдэг ч дэмждэггүй байсан. Энэ удаа УИХ бүрэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Олон төрийн өмчит үйлдвэрийн газруудыг өмнөх уламжлалт буюу цүнх барьсан хүмүүст хувьчилдаг аргаар биш, Компанийн тухай хуулиар хяналтын багц болох 34 хувийг ил тод байдлаар бирж рүү гаргана. Сайн үр дүн гарна. Хөгжлийн банк 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр үүссэн чанаргүй зээлүүдийг үе үеэр нь хуваагаад харвал их сонирхолтой дүр зураг харагдана шүү, Д.Ганбат дарга аа. Бас л том улс төржсөн сэдэв.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

-2022 оны эдийн засгийн төсөөлөл ямархуу байна вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Энэ жилийн эдийн засгийн төсөөлөл олон улсын түвшинд ижил дүр зурагтай байна. Бид 2021 онд 2022 оны төсвийг хийж байхад цар тахлыг даван туулж, эдийн засаг цаашид өснө гэж тооцоолж байсан. Гэвч цар тахлын хүндрэлээс бид бүрэн гарч чадаагүй байна. Орос, Украины зэвсэгт мөргөлдөөний сөрөг нөлөөлөл хүчтэй орж ирсэн. Хятадын талаас хязгаарлалт хэвээр байгаа нь бидэнд маш том сөрөг нөлөө үзүүлж байна. Гадаад "шок" бидэнд илүү хүчтэй нөлөөлж байна. Дотоодоос шалтгаалах асуудал маш хязгаарлагдмал. Тиймээс эдийн засгийн өсөлтийг таван хувь гэж тооцсон өөдрөг төсөөллүүд буурсан. Хамгийн гол асуудал экспорт. Гол түүхий эдүүдийн үнэ бидэнд ээлтэй байхад экспортын боломжоо алдаж байгаа нь харамсалтай. Экспортууд хэвийн гараад эхэлвэл эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарах боломж байна.

Гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

10 : 49
2022-4-28

20 гаруй компанийг татан буулгана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах асуудал хөндөгдсөн. Энэ нь маш зөв. Гэхдээ хувьчлах компаниудын жагсаалтад төрийн өмчит  эрчим хүчний компаниуд багтжээ. Үүнийг би хувьдаа дэмжихгүй байна. Төрийн өмчийн дулаан, цахилгааны станцуудыг хувьчлах нь ард түмнийг хохироож байгаагаас өөрцгүй. Тухайлбал, олон жилийн өмнө Ховд аймгийн дулааны цахилгаан станцыг дотоод шугам сүлжээтэй нь хамт хувьчилсан. Хувьчлалын үр дүнд Ховдод өвлийн улирал бүр дандаа асуудал үүсч, ард иргэд хохирдог болсон. Орон нутгийн удирдлага болон ард иргэдээс хувьчилж авсан компанид асуудлаа тайлбарлахаар “20 тэрбум төгрөг өгөөд, дулааны цахилгаан станцаа буцааж ав” гэж хэлдэг. Ер нь олон улсад төрийн өмчит эрчим хүчний компаниудыг хувьчилсан тохиолдол байдаггүй юм билээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

Эрчим хүчнээс гадна нийтдээ 37 төрийн өмчит компанид бүтцийн өөрчлөлт хийнэ. Үүнийг маш олон жил ярьсан. Яагаад та нар олон нийтийн хяналтад орохоос айгаад байдаг юм бэ? Уг нь айх зүйл байхгүй. Олон улсын чиг хандлага ийм л байна. Засаглал сайжирч, хэмнэлтийн горимд шилжинэ. Үр ашиггүй хөрөнгө оруулалтууд багасна. 37 компаниас 11 нь эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэрийн газар. Үүнээс хоёрыг нь үлдээгээд, эрчим хүчний есөн компанийн 34 хүртэл хувьд IPO гаргана.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-37 компанийг бүхэлд нь би яриагүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар бол эрчим хүч. Мөн "Оюутолгой" ХХК, "Эрдэнэс-Тавантолгой" ХК зэрэг стратегийн ордуудыг хувьчлах боломжгүй юу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газрын хувьд сүүлийн жил гаруйн хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газруудын эдийн засгийн бүтцэд томоохон судалгаа хийсэн. Ер нь гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Стратегийн хувьд цаашид 100 хувь төрийн өмчит байх шаардлагатай ААН-үүдэд “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, мөн цахилгаан станцууд орно. 37 компанид бүтцийн өөрчлөлт хийснээр 66-аас доошгүй хувьд нь төр өөрөө хяналтаа тавина. Биржээр дамжуулж хувьцаа эзэмшигчдийн хяналтад оруулна. Мөн 20 гаруй компанийг татан буулгах, нийлүүлэх, худалдах буюу төр өөрөө авч явах шаардлагагүй ААН-ийн жагсаалтыг гаргасан.

09 : 36
2022-4-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж