Парламент тэднийг түлхэж хаях уу, түшиж үлдэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Парламент тэднийг түлхэж хаях уу, түшиж үлдэх үү?

Парламент тэднийг түлхэж хаях уу, түшиж үлдэх үү?

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа өнгөрсөн Даваа гаригт өргөн барьсан. Тиймээс энэ асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан юм. Гэвч, өдөржин хуралдсан хуралдаанаас гишүүд шийдвэр гаргаж чадсангүй. Хуралдааны үеэр нэр бүхий дөрвөн гишүүнээс нэг нэгээр нь дуудаж тайлбар авсан.

Халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүн Ерөнхий прокуророос оруулж ирсэн үндэслэлийг хангалтгүй гэж үзэн, өнөөдөр нэмэлт тайлбар гаргаж өгөхийг хүссэн билээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Энхболд эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдаа ирж оролцоогүй тул дөрвөн гишүүний асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо дүгнэлт гаргах боломжгүй хэмээн Ц.Мөнх-Оргил гишүүн тайлбарласан.

Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлт гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжих болон эс дэмжих гэсэн дүгнэлт гардаг. Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлт гарсны дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм. Харин ангийн нөхөд нь тэднийг түшиж авах уу, түлхэж хаях уу гэдгийг шийднэ.

Гишүүдийн тайлбарыг хүргэж байна.

"33 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЖ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН"

УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:

-Би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. “Вертекс майнинг” гэх компанид давуу байдал үүсгэж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан гэж Ерөнхий прокурор тайлбарлалаа. Уг 33 тэрбумын зээл одоо 16 тэрбумын үлдэгдэлтэй, 9.6 тэрбумыг зээлийн хүүд төлсөн байдаг. Мөн анх байсан барьцаа хөрөнгө нь хэвээрээ байж байна. Тиймээс яаж хохирол учруулсан нь тодорхой биш байна. Хөгжлийн банкны зээл олголтод гүйцэтгэх захирал дангаараа шийдвэр гаргадаггүй. Шийдвэр гаргалтад 16 хүн оролцдог. Тус банкны ТУЗ-ийн шийдвэр гарвал гүйцэтгэх захирал түүнийг дагах үүрэгтэй.

"ЕСӨН ЖИЛИЙН ӨМНӨХ ХЭРГЭЭР ЯЛЛАГДАГЧААР ТАТСАНД ГАЙХЛАА"

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замын асуудалд холбогдуулан, өнгөрсөн Баасан гаригт намайг яллагдагчаар татсан тогтоол гарсан юм билээ. 2013 онд Тавантолгой чиглэлийн хар замд Ухаа худагийн нүүрс зөөдөг машинууд явдаг байсан. Орон нутгийн Тавантолгойн машинууд шороон замаар явдаг байсан.

Нүүрсний үнэ 2013 онд 30 ам.доллар болтлоо уначихсан, зардлаа багасгах шаардлага гараад, тэр үеийн Тавантолгой, орон нутгийн Тавантолгой компани нийлж байгаад Эдийн засгийн яамнаас “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компанид худалдаж авч өгье. Ингэснээр тээврийн зардал, хураамж хямдарна. Маш их мөнгө цуглана. Цугласан мөнгөнөөс өнөөх мөнгөө төлчихье” гэсэн тогтоол орж ирсэн. Замыг нь “Эрдэнэс Монгол”-д өгөөд, дараа нь мөнгөө төлөөрэй гэсэн агуулгатай тогтоол гаргасан хэргээр яллагдагч болгож байна.

"Гуя дагаж хүзүү" гэдэг шиг юм болж байна. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд хийж байсан хүн оролцож байна. Есөн жилийн өмнөх Засгийн газрын шийдвэрээр яллагдагч болгоно гэдэг утгагүй. Намайг юугаар нь яллагдагч болгочхоод байгааг Ерөнхий прокурор та хэлээч гэсэн чинь хуралдаан зохион байгуулагч Ерөнхий прокуророос асуулт асууж болохгүй гэсэн. Ядаж юунд буруутгагдаад байгаагаа мэдэх чинь хүний эрх биз дээ.

"ХУДАЛ ГҮЖИРЛЭГТ ХАРИУ ҮГҮЙ, БИ БУРУУГҮЙ" 

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:

-Халдашгүй байдлын дэд хорооны хуралд орлоо. Хурлын дэгийн дагуу намайг Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор прокурорын байгууллага авлига, албан тушаалын гэмт хэрэгт буруутгаж байна гэсэн асуудал оруулж ирсэн байна. Би Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдэд тайлбар мэдүүлэг өглөө. Яллагдагчаар татсан хуулийн зүйл заалтыг сайн мэдэхгүй байна. Хуралдааны дэгээр би асуултад хариулах үүрэгтэй юм байна. Тиймээс надаас асуулт асуулаа. Би буруугүй.

“ВЕРТЕКС МАЙНИНГ ПАРТНЕР УЛСАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛААГҮЙ”

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ: 

-2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж сонгогдсон. Үүнээс өмнө улс төрд нөлөө бүхий болон төрийн албанд ямар нэг албан тушаал эрхэлж байгаагүй. АТГ-аас миний хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн 2019 онд Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Гэвч тухайн үед хувиараа бизнес эрхлэгч иргэн байсан. Мөн тухайн зээлийг анх олгоход зориулалтын дагуу, барьцаа хөрөнгийн шаардлага хангасан байсан. Одоогийн байдлаар гэрээнд зааснаас илүү төлөлттэй байгаа нь их хэмжээний хохирол учруулсан гэсэнтэй нийцэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж