"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг гаргаад буй. Засварын ажил ирэх тавдугаар сараас эхлэх бөгөөд 7-14 хоног халуун усыг хязгаарлах юм байна.
Тус компани "Энэ жил засварын ажлыг аль болох шахаж, хурдан хугацаанд хийхээр ажиллаж байна. Тоолуурын заалтаар халуун, хүйтэн усны хэрэглээний төлбөр төлөгдөнө" гэж мэдэгдэв.
Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх ажлын хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Дэлхийн банкны санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8-р гол магистраль шугамуудыг үе шаттайгаар өргөтгөн шинэчилж буй.
Эдгээр шугамын насжилт хэтэрч, өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос үүдэн дулаан хангамж доголдох, тасалдах асуудлууд гарч байгаа тул 2025 он хүртэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэх юм байна.
2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтуудыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөн ирэх сарын 1-нээс эхлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.
Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулсан ба шинээр солигдох, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байна. Айл өрхийн хэрэгцээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийгдэхээс долоо хоногийн өмнө олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэх ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ