Дуурийн театрынхан бүл нэмж, хоёр ч шинэ найруулагчаа өлгийдөн авч буй сурагтай. Тэдний нэг Б.Мэндбаяр нь "Ганц цагаан шувуу" моно дуурийг тайзнаа тавьсан бол удахгүй С.Баттулга "Паяцы" дуурийг анх удаа театрын тайзнаа амилуулах гэж байна. Энэ дуурийн ганц эмэгтэй гол дүр Неддад Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа тоглож буй. Ингээд түүнтэй цөөн хором уран бүтээлийн яриа өрнүүлснээ хүргэе.
-Театрын уран бүтээлчид маань цар тахал гээд нэг хэсэг чимээгүй байлаа. Одоо гэрэл асч, ид ажил бужигнаж байна. Энэ удаа цоо шинэ дуурь амилуулах гээд уран бүтээлчид тун завгүй яваа сурагтай?
-Тийм ээ. Цар тахлын тархалт намжиж байгаад бид бүхэн баяртай байна. Гурван жил гэдэг бол уран бүтээлчдийн хувьд маш их хугацаа. Өнөөдөр бүх юм сайхан болж, театрын гэрэл дахин асч эхэллээ. Зөвхөн уран бүтээлчид гэхгүйгээр үзэгчид тайзаа санасан байна. Бидний тоглолтын билет дуусч, суудал дүүрэн байна. Үзэгчид маань бидэндээ алга ташилтаар урам хайрлаж, хайртай уран бүтээлчээ халуун дотноор угтан авч байна.
Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан ОХУ-ын театр урлагийн академи /ГИТИС/-ийг найруулагчаар төгсч буй хоёр залуу уран бүтээлчээ өлгийдөн авч байна. Тэд маань эх орондоо ирж, шинэ уран бүтээл тайзнаа амилуулж буй. Тодруулбал, найруулагч Б.Мэндбаярын хувьд хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлтэй хамтран “Ганц цагаан шувуу” гэдэг моно дууриар дипломын ажлаа хамгаалсан бол одоо С.Баттулга найруулагч хүн төрөлхтний сор болсон нэг бүлэг, хоёр үзэгдэлтэй, Руджеро Леонкаваллогийн “Паяцы” сонгодог дуурийг тайзнаа анх удаа тавих гэж байна.
Нэрт Л.Эрдэнэбулган найруулагч амьдралынхаа 60 жилийг театрын тайзнаа зориулсан бол дараагийн жарныг найруулах эрэгтэй, эмэгтэй хоёр найруулагч төрөн гарч байна.
-Дуурийн театрт уран бүтээлийн нэгэн шинэ үе, шинэ салхи сэвэлзэж эхэлжээ?
-Театрт маань 1990-ээд оноос хойш удирдаач, найруулагчийн орон тоо байхгүй болсон. Энэ бол төрийн бодлого алдагдсантай холбоотой. Шинэ уран бүтээлч болгонтой шинэ салхи, шинэ уур амьсгал орж ирдэг.
Бид өмнө нь Руджеро Леонкаваллогийн сонгодог бүтээлийг тайзнаа тоглож байсангүй. Тийм учраас уран бүтээлчдийн чихийг сортос хийлгэж чадлаа. Анх чихэнд дасахгүй нэг л эвгүй байсан бол одоо бэлтгэл хийгээд ирэхэд маш гоё сонсголонтой болж байх жишээтэй.
-Таны хувьд дуурийн театрын эмэгтэй гол дүр. Тэр утгаараа энэ удаа Недда хэмээх үзэсгэлэнт бүсгүйн дүрд тоглож буй. Дүрийнхээ тухай ярихгүй юу?
-“Паяцы” дуурь нь бодит түүхээс сэдэвлэсэн уран бүтээл. Л.Эрдэнэбулган найруулагч энэ дуурийг “Хэрмэл жүжигчин” гэж орчуулсан байдаг. Харин гол дүр болох Недда гэдэг эмэгтэйн хувьд маш үзэсгэлэнтэй сайхан жүжигчин бүсгүй. Хар нялхаасаа их ядуу тарчиг өссөн бөгөөд түүнийг явуулын театрын дарга өсгөж, өөрийн мэргэжлээ зааж өгч том од болгодог. Гэтэл тэр бүсгүй нас биед хүрч, өөр хүнд хайр сэтгэлтэй болно. Энэ дуурьд хайр сэтгэл, талархах сэтгэл, уйтгар гуниг, тэмцэл, атаа жөтөө, бүгдийг өгүүлэх болно.
Би хувьдаа Неддаг буруутгахгүй байна. Сонгодог бүтээлүүдэд ихэвчлэн хайрын гурвалжин үүсдэг бол энэ дуурьд хайрын дөрвөлжин үүсдэг. Олон эрэгтэй дүртэй бөгөөд ганц эмэгтэй дүр нь Недда юм.
Товчхондоо уран бүтээл болгоны цаана хүний амьдрал явж байгааг үнэнээр сөхөж гаргаж ирж буй. Энэ дуурь маань энэ амралтын өдрүүдэд тавигдана.
-Таны авга ах дуурийн театрт дуучин байсан гэдэг. Яагаад дуучин, тэр дундаа дуурийн дуучин болохоор шийдсэн бэ?
-Аавын маань хамаатан ах дуурийн театрт “нарийн хоолойт Намжил” гэж хүн байсан юм. Миний хувьд анх Соёл урлагийн их сургуульд орохдоо дуучин болно гэж элссэн. Гэхдээ дуурийн дуучин болно гэж бодоогүй. Гэтэл миний мэргэжлийн багш М.Найдалмаа багш намайг энэ мэргэжилд дурлуулж, дуурийн урлаг бол бүх урлагийн нийлмэл урлаг гэдгийг ойлгуулж өгсөн хүн. Энд хөгжим, дуу, бүжиг, тайз, хувцас гээд бүх юм байна. Дуурийн дуучин болоход М.Найдалмаа багш минь нөлөөлсөн.
Ерөөсөө миний дуурийн дуучин болохоор шийдсэн нь “Чио чио сан” дууриас эхлэлтэй. Намайг оюутан байхад М.Найдалмаа багш энэ дууриар "Оюутан" театрт лекц концерт хийсэн. Тэгэхэд монгол хэл дээр дуулсан юм. Би үг болгоныг нь ойлгож, дуулаад уйлна гэдгийг амьдралдаа анх удаа харсан.
Багш сүүлийн үхлийн ариг дуулахад яг л тайзан дээрээ амьдарч байгаа нь багшийн нулимсаар харагдаж байсан. Тэр цагаас хойш би дуучин, дуучиндаа дуурийн дуучин болно гэж өөртөө амласан. Дуурийн дуучиндаа заавал “Чио чио сан” дуулна гэж шийдсэн.
Багш маань Монголын дуурийн анхны “Чио чио сан”. Миний хувьд шавь нь болж, “Чио чио сан” дуурийн Эрвээхий хатны дүрээр гадаад, дотоодод их явсан. Энэ дүрээрээ олонд танигдаж байгаа болохоор маш их хайртай.
-Дуурийн эх орон Италид суралцаж байсан үеэ дурсахгүй юу?
-Анх 1997 онд СУИС-иа төгсөөд, Дуурь, бүжгийн эрдмийн театртаа таван жил ажилласан. 2002 онд Итали руу явсан. Тэнд Венецийн консерваторид суралцаж байгаад бакалавр, магистраа төгсөөд, хэдэн жил дуулж байгаад ирсэн. Тэнд гайхалтай сайхан хоолойтой, Ла Скала театрын гоцлол дуучин М.Печиле гэж эмэгтэй байсан. Гавьяат жүжигчин Х.Үнэнхүү ах, бид хоёр тэр хүний шавь. Багш маань “Хаанаас ийм мундаг хоолойтой дуучин төрөн гарч байна вэ. Би тэр нутгийг үзмээр байна” гээд анх Монголд ирж байлаа.
Өнөөдөр олон улсад Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Ч.Бадрал тэргүүтэй уран бүтээлчид Монголынхоо нэрийг гаргаж, цуурайтуулж байна.
Алтан үеийнхэн маань бидэнд энэ урлагийн суурийг гүнзгий тавьж, хүрдийг маань сайн эргүүлж өгсөн гэж боддог. Тэрний дараагаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Долгор, Ч.Мөнхшүр хэмээх гайхалтай хүмүүс театрын урын санг арвижуулж, 1990-ээд оны хэцүү үед театраа хаахгүйгээр өөрийн гэсэн дэг сургуультай болгосон. Энэ бүх хүмүүст л талархах ёстой болов уу. Бид өнөөдөр театраа дэлхийн стандартад нийцүүлэхээр хичээж явна.
-Дуурийн урлагаар жилд хэчнээн залуус их сургууль төгсдөг вэ?
-Монголд өнөөдөр дуурийн дуулаач бэлтгэж буй таван их, дээд сургууль байна. Жишээлбэл, СУИС, Монгол улсын консерватори, Сити их сургууль гэх мэт. Хоёрдугаарт, авьяас гэдэг бол гарч ирж л байдаг. Багш нар маань хэчнээн нас нэмсэн ч гэсэн дэг сургууль гэдэг юмыг бий болгосон. Залуус дуулдгаараа дуулж, гардгаараа гарч ирж байна. Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар эх орноосоо бүрмөсөн явчихаагүй.
Тэд очир эрдэнэ шиг авьяасаа зүлгэсээр байгаад эх орондоо ирнэ. Одоо ч байнга эх орондоо ирж, очдог. Тэр хүмүүс Монгол Улсынхаа соёлыг сурталчлан таниулж, тэндээс сурсан зүйлээ эх орондоо зааж, сургаж, үлгэр дууриалал болж байна. Энэ бол нэг шат ахихын шинж болов уу гэж боддог.
-Дуурийн театр үзвэрийн хуваариа гаргасан. Цаашдаа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-Дуурийн театр өөрийн үзвэрийн хуваариа гаргачихсан. Мөн дараа жил тавигдах уран бүтээлээ хийж байна. Италийн суут хөгжмийн зохиолч Жакомо Пуччиний “Турандот” дуурь тавигдах гэж байна. Энэ дуурийн уран бүтээлчид дүрийнхээ хуваарилалтыг авч, бэлтгэлээ хийгээд эхэлсэн.
Тийм болохоор театрынхан ажил ихтэй л байна. Энэ жил гоцлол дууны ангийн 70 жилийн ой аравдугаар сард болох бол мөн театрын маань 60 жилийн ой тохионо.
Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА
Холбоотой мэдээ