"Прокурорт нэмж яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн байхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

"Прокурорт нэмж яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн байхгүй"

"Прокурорт нэмж яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн байхгүй"

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны талаар Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Хоёр үндэслэл байдаг. Нэгдүгээрт, мөрдөн шалгах байгууллагаас тодорхой ажиллагаа явуулж байгаа учраас зайлшгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргадаг. Хоёрдугаарт, мөрдөх байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоог олгохын тулд энэ хүсэлтийг гаргасан.

УИХ-ын дөрвөн гишүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр прокурор хянаж, үндэслэлтэй байна гэж үзсэн учраас яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан тогтоолтой УИХ-ын гишүүд танилцаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь Эрүүгийн хуулиар нууцлалтай байдаг учраас эд хөрөнгийн хохирлын тоо баримтыг хэлэх боломжгүй.

Би тухайн гишүүнийг гүжирдэж, гүтгэж байгаа талаар энд хэлэлцэхгүй. Хэрвээ өөрийгөө буруугүй гэж байгаа бол өмгөөлөгчөөрөө дамжуулж, мөрдөн шалгах байгууллагад ярих ёстой. Би болон та бүхэн ч шийдэхгүй. Нэмж орж ирэх УИХ-ын гишүүдэд хоёр асуудал бий. Хөгжлийн банктай холбоотой 29 хэргийн хэрэг бүртгэл байна. Энэ бол нотлох баримтыг цуглуулах үйл явц.

Өнөөдрийн байдлаар дөрвөн гишүүнийг яллагдагчаар татсан учраас түдгэлзүүлэх санал оруулж ирсэн. Одоогийн байдлаар мөрдөх байгууллага, прокурорт нэмж яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн байхгүй.

Бусад гишүүдтэй холбоотой Хөгжлийн банкны асуудал яригддаг ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл, УИХ-ын тухай хуулийн 9.8 зүйлээр УИХ-ын гишүүнийг нэгжих, баривчлах, үзлэг, нэгжлэг хийхээс бусад байцаан шийтгэх ажиллагаа явуулахыг хориглодог.

Хөгжлийн банктай холбоотой хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байхад УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгддөг. Бусад гишүүдтэй холбоотой үзлэг нэгжлэг хийх асуудал гарвал бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудал хөндөгдөнө. Тиймээс бусад гишүүдэд яг энэ үйл ажиллагааг хийхгүй бол бусад нотлох баримтын хүрээнд гэм бурууг нь шүүхээр шийдвэрлэх зохицуулалт байдаг. Бусад гишүүдийн бүрэн эрхийг яагаад түдгэлзүүлээгүй юм бэ гэхээр өнөөдрийн байдлаар  Эрүүгийн хуулиар 31 мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөрдөгч дангаараа хийдэг 13, прокурорын зөвшөөрөлтэй 18 байна. Тийм учраас нотлох баримтаар нотолсон тохиолдолд заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байх боломж бий. Мөрдөн шалгах байгууллагын санал ирээгүй учраас бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй. Би яг тоог нь хэлж мэдэхгүй. Тэглээ гээд ажлаа мэдэхгүй гэсэн үг биш. Шийдвэр гарсны дараа яах нь прокурорын байгууллагын ажил.

Хөгжлийн банкны асуудлыг маш олон жилийн өмнөөс шалгаж эхэлсэн. Нийт 42 хүнийг яллагдагчаар татсан. Бид тодорхой ажлуудыг хийж, эхнээс нь үр дүн гарч байна гэж харж байна. Хохирлыг тодорхой хэмжээгээр төлж эхэлсэн. Маш олон ажиллагаа хийдэг учраас цаг хугацаа их шаарддаг" гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж