Эд хөрөнгө, эрдэм мэдлэг ямар ч хүнийг хүчирхэг болгодог. Дэлхийн томоохон баячууд өөрсдийн туршлагаа хуваалцахдаа хамгийн түрүүнд мэдлэгтэй байх чухал гэдэг. Гэхдээ заавал боловсрол бус, хувь хүн хэр амьдрал үзэж, дотоод сэтгэл зүй тань хэрхэн хөгжсөнөөс шалтгаалан амьдралын их сургуульд мэдлэг хуримтлуулсан байж болно. Мөн дэлхийн зарим баячууд гэр бүлийн бизнесээ өвлөн авснаар “шарк"-ын эгнээнд нэгддэг байна. Бид энэ удаа "ХҮМҮҮС" буландаа дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар тодорсон Кевин Дэвид Леманныг онцолж байна.
Кевин Девид Леманн гэж хэн бэ?
Өдгөө 19 настай Кевин Германд төрж өссөн байна. “Forbes” сэтгүүлийн 2021 оны сүүлээр гаргасан тэрбумтнуудын жагсаалтад Кайли Женнерийг ардаа орхисон тэрбээр 3.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Нийт хөрөнгөөрөө Доналд Трампыг давж гарсан байна. Түүний өв хөрөнгийн тал нь өвлөгдөж ирсэн гэж хэлж болно. Кевиний аав Гюнтер Леманн Германы хүнс болон эмийн сүлжээ сангийн эзэн юм. Эцэг хүү Леманн хоёулаа олон нийтийн сүлжээнээс хол байдаг ба өөрсдийн цахим хуудасгүй нь хачирхалтай. Леманны гэр бүлийн сүлжээ дэлгүүрүүд жилд 12 тэрбум ам.долларын эргэлтийн ашиг олдог байна.
Кевин Леманн өсвөр насандаа супер баячуудын эгнээнд нэгдэж чадсан цөөхөн тэрбумтны нэг гэж "Forbes" мэдээлжээ. Түүний аав Гюнтер Леманн хүүгээ 14 настай байхад “Drogerie Market” эмийн сангийн хувьцаагаа аль хэдийнэ шилжүүлсэн байв. Насанд хүрэх хүртлээ хөрөнгийг нь итгэмжлэгдсэн хүн удирддаг байсан ч Кевин Дэвид Леманн 2020 оны есдүгээр сард 18 нас хүрч, хөрөнгөө өөрөө захиран зарцуулдаг болжээ. Гюнтер Леманн 2017 онд хувьцаа шилжүүлэх талаар "Wirtschaftswoche"-д тайлбар хийхийг хүсээгүй аж. Мөн аав, хүү хоёрын аль нь ч компанийн бизнест идэвхтэй оролцдоггүй байна.
Гюнтер Леманн 1974 онд эмийн сангийн сүлжээний 50 хувийг худалдаж авснаар бизнесийн эх үүсвэртэй болжээ. Тухайн үед эмийн сангийн сүлжээний үүсгэн байгуулагч Гоц Вернер хоёр дахь салбараа дөнгөж нээж байсан ч бизнесээ өргөжүүлэх мөнгө түүнд дутагдсан байна. Тухайн үед Карлсруэгийн “Pfannkuch” хүнсний сүлжээний түнш байсан Леманн санхүүчээр ажилд оржээ. Тус компани Германы хотуудад тархсан 2000 жижиглэн худалдааны дэлгүүртэй, 41 мянга орчим ажилтантай аж.
Залуу тэрбумтан
АНУ-ын бизнесийн сэтгүүл “Forbes” олон арван жилийн турш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргаж ирсэн. Өнгөрсөн оны жагсаалтад ам.долларын нийт 2755 тэрбумтан багтсан. Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос энэ жилийн чансаанд "Тесла"-гийн эзэн Элон Маскийг дахин гүйцэж түрүүлсэн байна. Гэхдээ Кевин Дэвид Леманн мөн л энэ жагсаалтад хамгийн залуу гэх утгаар түрүүлж, Хятадын Ванг Зелонгийг ардаа орхижээ.
Мэдээж залуухан, хөрөнгөтэй түүний араас олон бсүгүй гүйдэг биз ээ. Гэхдээ Кевин одоогоор ямарваа нэгэн найз охингүй бөгөөд одоохондоо амьдралын хамтрагчаа хайх сонирхолгүй байгаа аж.
"Forbes" сэтгүүл эмийн сангийн сүлжээний өв залгамжлагч Дрожери Маркетийн хувьцаа эзэмшигч тэрбээр дэлхийн тэрбумтнуудын 925-д жагссан байна. Кевин олны нүдэнд тэр бүр харагддаггүй тул түүнийг судлах сэтгүүлчид их болжээ.
Өнгөц харахад Кайли Женнер, Кевин Дэвид Леманн хоёрт нийтлэг зүйл байдаггүй аж. Нэг нь 224 сая Instagram дагагчтай дэлхийн од. Тэд нэгнийхээ нэрийг сонсож ч байгаагүй гэж хэлж болно. Гэхдээ нэг нийтлэг зүйл бий. Тэд хоёул хэмжээлшгүй их баян, бас залуу.
Хамгийн залуу тэрбумтнуудын хоёрдугаарт аж үйлдвэрийн компанийн 1.3 тэрбум еврогийн үнэт хувийг өвлөн авсан, 24 настай Хятадын иргэн Ван Зелонг бичигджээ. Гурав, дөрөвдүгээр байрыг Норвеги ах дүү Александра, Катарина Андресен нар хуваасан. Хоёулаа хөрөнгө оруулалтын компани болох “Ferd” гэр бүлийн фирмийн хувьцааг эзэмшдэг бөгөөд тус бүр нь 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ.
Кевин Леманны хувьцаа эзэмшдэг “Drogerie Market” эмийн сүлжээ Герман дахь хамгийн том, амжилттай нь юм. Карлсруэ хотод байрладаг эзэнт гүрэн 1973 оноос хойш хөгжиж буй.
“Drogerie Market – Drogerie Market” нь Карлсруэ хотод байрладаг Германы эмийн сүлжээ бөгөөд 1973 онд Гётц Вернер үүсгэн байгуулсан. Өнөөдөр “Drogerie Market” 3700 орчим салбартай, 62000 ажилтантай. Энэ нь тус сүлжээг 2019 онд Европ дахь хамгийн том эмийн сангийн групп болгосон. Гүйцэтгэх захирал нь үүсгэн байгуулагч Гоц Вернерийн хүү Кристоф Вернер юм. Компанийн тал хувь нь өдгөө 18 настай Кевин Дэвид Леманн харъяалагддаг. Тэрбээр өөрийн эцэг Гюнтер Леманнаасаа компанийн хувьцааг авсан байна.
Эх сурвалж: DELHI MAGAZINE, WIKIPEDIA, FORBES
Холбоотой мэдээ