ДЭМБ дахь байр сууриа эргүүлэн авахыг оролдож буй Тайвань

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

ДЭМБ дахь байр сууриа эргүүлэн авахыг оролдож буй Тайвань

ДЭМБ дахь байр сууриа эргүүлэн авахыг оролдож буй Тайвань

Тайвань ирэх сард болох 75 дахь удаагийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд (ДЭМА) оролцох итгэл найдвар тээж байна. Тайвань, Бээжингийн харилцаатай холбоотойгоор тэднийг олон улс дэмжсэн байр суурьтай байгаа юм.

ДЭМБ нь нийт 193 гишүүн оронтой. Үүнд Лихтенштейнээс бусад НҮБ-ын гишүүн орнууд болон НҮБ-ын гишүүн бус хоёр орон байдаг. Харин Дэлхийн эрүүл мэндийн ассамблей нь ДЭМБ-ын шийдвэр гаргах дээд байгууллага юм. ДЭМБ-ын бодлогыг тодорхойлох, ерөнхий захирлыг сонгох, санхүүгийн бодлогод хяналт тавих, тус байгууллагын санал болгож буй төсвийг хянаж батлах үндсэн чиг үүрэгтэй. ДЭМА нь жил тутам Швейцарийн Женевт ээлжит чуулганаа зохион байгуулдаг.

Тайвань улс 2009-2016 оны хооронд Бээжинтэй илүү сайн харилцаатай байсан бөгөөд ДЭМА-д ажиглагчийн статустай байв. 2017 оноос хойш ажиглагчийн статусаа эргүүлж авахаар эрмэлзэж буй хэдий ч Тайванийг олон улсын байгууллагад элсэх эрхгүй, салан тусгаарласан нутаг гэж үздэг Хятадын бодлогын дагуу уг хүчин чармайлт саад тотгортой тулгараад буй. Гэвч өнгөрсөн оноос тэдний статусыг эргүүлэн олгохыг ДЭМБ-д хандаж олон улс уриалах болсон. Гоминданы намын Ма Инжэугийн удирдлагад байсан Тайванийн статус Цай Ин Вэн удирдагчаар сонгогдсоноос хойш өөрчлөгдөх төлөвтэй болов.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей ирэх сарын 22-ноос 28-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд Тайванийн Гадаад хэргийн яам ажиглагчаар оролцохоор аль хэдийнэ бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жоан Оу хэлжээ. Энэ хүрээнд Тайванийн Гадаад хэргийн яам болон Эрүүл мэндийн яам хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн Тайванийн үйл хэрэгт тууштай бөгөөд идэвхтэй түлхэц үзүүлэхүйц олон улсын дэмжлэгийг цуглуулахын тулд холбоотнуудтай нягт уялдаа холбоотой ажиллахаа мэдэгджээ.

Тайванийг ДЭМА-д оролцох зайлшгүй шаардлагатай болгосон зүйл мэдээж Covid-19 цар тахал юм. Цар тахлын дэгдэлт болон холбогдох хүчин чармайлтаараа Тайвань олон улсын талархлыг хүлээгээд буй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Тайвань цар тахлын эсрэг харьцангуй амжилттай ажилласан нь ДЭМБ-ын анхаарлыг татах зорилготой гэж “SCMP” хуудас онцолжээ. Гэвч тус улс ДЭМБ-аас зохион байгуулдаг тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд хамрагдаагүй хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын Гадаад хэргийн сайд “Тайванийн 23.5 сая иргэний эрүүл мэндийн асуудалд хайхрамжгүй хандсан” гэж ДЭМБ-д гомдол гаргажээ.

ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ТАЙВАНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн 150 дугаар хурал энэ оны нэгдүгээр сард болсон. Уг хурлын үеэр Европын холбооны 27 гишүүн орон болон Тайпэйн холбоотон зургаан улс Тайванийг ДЭМА-н ажиглагчаар оролцохыг дэмжин үг хэлжээ. Гэвч энэ нь тодорхой амжилтад хүрээгүй аж. Дараа нь хоёрдугаар сард болсон виртуал дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британи болон Австралийн ерөнхий сайд нар Тайванийн хоолойд энх тайвныг тогтоохын ач холбогдлыг онцолж, тэдний оролцоог дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Данийн парламентаас Тайванийн ДЭМБ дахь ажиглагчийн статусыг дэмжсэн бол энэ сарын эхээр АНУ ч нэгдлээ. Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын удирдлага, нөөцийн асуудал эрхэлсэн орлогч Брайн Маккеон Тайванийг удахгүй болох ДЭМА-д ажиглагчаар оролцуулах талаар ДЭМБ-ын ерөнхий захиралд хандсан байна.

Дэлхийн анагаах ухааны нийгэмлэг буюу Олон улсын эмч нарын нэгдлээс энэ сарын 19-нд ДЭМБ-ын ерөнхий захиралд захидал илгээжээ. Уг захидалд Тайванийг ДЭМБ-д оролцоход дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. Японы Гадаад хэргийн яам мөн Тайванийг маш чухал түнш гэж тодорхойлоод, хоёр эргийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх хэрэгтэй гэж уриалав. Тэд дөрөвдүгээр сарын 22-нд Дипломат цэнхэр дэвтэртээ Тайванийг ДЭМБ-ын ажиглагчаар оролцуулахыг хүсч буйгаа бичжээ. Дипломат цэнхэр дэвтэр нь жил тутамд гадаад бодлого, үйл ажиллагаагаа тайлагнадаг дэвтэр юм. Мөн Литва улс жил бүр зохион байгуулдаг арга хэмжээнд анх удаа Тайванийн төлөө үг хэллээ гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Цай Ин Вэн 2016 онд засгийн эрхэнд гарч, "Нэг хятад" бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаар тэдний харилцаа муудсан. Бээжин бараг өдөр бүр Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү байлдааны онгоц илгээж буй. Түүнчлэн Тайпэйг олон улсын хэмжээнд тусгаарлахын тулд холбоотнуудаа уриалсаар байна. Ажиглагчдын үзэж буйгаар, Бээжин сүүлийн үед хүний эрхийн асуудал, Оросыг дэмжиж байгаа хандлага зэргээс шалтгаалаад дэлхий нийтийн хардлагын бай болоод буй. Тиймээс энэ далимд Тайвань ДЭМА-д оролцох боломж гарч ирнэ гэж үзэж байна. АНУ болон Европ, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотнуудад Бээжингийн эсрэг үзэл нэмэгдсээр байна. Дээрх улсууд Тайванийг дэмжиж буй бөгөөд ДЭМБ, Олон улсын иргэний нисэхийн байгууллага зэрэг улс төрийн шинж чанаргүй НҮБ-ын бүлгүүдэд элсэх боломжийг нь нэмэгдүүлж буй аж.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, ДЭМА-н 74 дүгээр хуралдааны үеэр нийт 14 дипломат холбоотон болон бусад есөн орон санал нэгтэйгээр Тайванийг ДЭМБ-ын шийдвэр гаргах байгууллагад оролцохыг дэмжсэн мэдэгдэл гаргажээ. Олон улсын ийм хүчтэй дэмжлэг нь цар тахлын үед Тайвань ДЭМБ-д хамрагдах нь хэчнээн чухал болохыг улам тодруулж байна. Мөн дэлхий дахины эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад тус улсын хүчин чармайлт хэчнээн их болохыг нийтээрээ хүлээн зөвшөөрч буйг харуулжээ. Холбоотнууд улс төрийн асуудлыг хэзээд эрүүл мэндээс дээгүүр тавих ёсгүй гэсэн байр суурьтай байна.

Эх сурвалж: SCMP, WIKIPEDIA, TAIWAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж