Хятадын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц Японы усан хилийн ойролцоо үзэгджээ. Тодруулбал, Японы баруун өмнөд хэсгийн Кагошима мужийн арлуудын ойролцоох усан хилээр уг хөлөг нэвтэрсэн гэж Японы Батлан хамгаалах яам өнөөдөр /2022.04.27/ мэдээлэв. Уг хөлөг онгоц нь Кучиноерабу арлын баруун талаас өчигдөр 23:00 цагийн үеэр Японы усан хилээр нэвтэрчээ. Улмаар шөнийн 02:10 цагийн орчимд Якушима арлаас өмнө зүгт усан хилээс эргээд гарсан байна.
Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Хятадын Тэнгисийн цэргийн хөлөг онгоц Японы хилээр нэвтэрсэн анхны тохиолдол болов.
Японы засгийн газар дипломат шугамаар Хятадад эсэргүүцэл илэрхийлжээ. Хятадын хөлөг онгоцууд Японы усан хилээр, тэр дундаа Сэнкаку арлуудын ойролцоо удаа дараа үзэгдэж, хил зөрчиж байв. Сэнкаку арлууд нь Японы хяналтад байдаг Зүүн Хятадын тэнгисийн бүлэг арлууд юм.
Хятадын хөлөг онгоц хилээр нэвтрэх үед Японы эргийн хамгаалалтынхан болон Далайн хамгаалах хүчнийхэн хяналт тавьжээ. Өмнөд болон зүүн Хятадын тэнгист Бээжингийн цэргийн хүч нэмэгдсээр байгаа нь бүс нутгийн бусад улс орнуудтай зөрчил үүсгэж, газар нутгийн эрх ашгийн хувьд давхцаж байгаа ажээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ