Сурвалжлага: Мөрийтэй тоглоомын сайтууд залуусыг хоослож байна

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Мөрийтэй тоглоомын сайтууд залуусыг хоослож байна

Сурвалжлага: Мөрийтэй тоглоомын сайтууд залуусыг хоослож байна

“Покерын сайтуудыг хүмүүс ажиллуулж, кодыг нь хүмүүс бичсэн учир бүх зүйл нь программчлагдсан. Хэн ялж, хэн ялагдахыг бараг л шийдчихсэн байдаг. Жижиг тоглогчдыг нэг их анзаарахгүй. Таван мянган төгрөгөө 20 мянган төгрөг болгоход нэг их асуудалгүй. Харин сая төгрөгтэй тоглогчид ороод ирвэл сайт нь өөрийнхөө “бот”-ыг тоглуулж, мөнгийг нь хамдаг. Зургаан хүний өрөөнд дөрвөн найзтайгаа сууж байгаад бүгд мөнгөө алдах жишээтэй. Ийм л булхай, луйвар ихтэй. Би л гэхэд сарын цалингаа алдаж байлаа” хэмээн тэрбээр ярив. Түүнийг Б гэдэг/ нэрийг нь нууцлав/. Нэг хэсэг онлайн покерт донтож, хамаг мөнгөө барснаа ч нуусангүй. Тэр төрийн өмчит компанид инженерээр ажилладаг. Түүний хэлснээр, онлайн покерын сайтууд бүгд бусдыг “шулах” гэсэн  зорилготой байдаг аж.

Түүн шиг сохор аздаа найдаж, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн залуучууд сүүлийн жилүүдэд олширсон. Тэдний шунал, хүслийг анзаарсан хэсэг этгээд, зарим нэг олны танил хүмүүс төрөл бүрийн бооцоот сайт, онлайн покер тоглоомын сайт нээж, хөлжиж эхлэв. Энэ төрлийн бизнес манай оронд хууль бус. Хэрэвзээ мөрийтэй тогловол торгуулахаас гадна шоронд суух ялтай.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд:

  1. Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог, хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

Гэвч бооцоот сайт, онлайн покер тоглоомын сайтууд хуулийг үл тоон, ил, далдаар үйл ажиллагаа явуулсаар байна. Энэ талаар өгүүлсэн "BET БА АЖЛААС ЗУГТАГСАД" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу

Цагдаагийн ерөнхий газраас энэ төрлийн гэмт хэргийн талаар тодруулахад “Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан, 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байгаа судалгаа гарсан.

Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа болон хэсэг бүлгээрээ нэгдэн мөрийтэй тоглож байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байна.

Одоогоор цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудад байршуулан мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоож, их хэмжээний мөнгийг битүүмжлэн, зохион байгуулагч нарыг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Иргэдийн мөнгийг ийнхүү "авлаж" эхэлсэн онлайн покер гэж юу болохыг сонирхохоор тус тоглоомын сайт руу хандалт хийлээ. Эхний орсон сайтад тоглох төрөл, бооцоо тавих мөнгөнөөсөө хамаарч нийт 135 ширээ байв. Нэг ширээнд 6-9 хүн тоглодог аж. Улны мөнгө нь 50 төгрөгөөс эхлээд 50 мянган төгрөг хүртэл гээд тэнгэр газар шиг ялгаатай.

Дансаа 5000 төгрөгөөр цэнэглүүлнэ. Харин дансан дахь мөнгө нь 10 мянган төгрөг хүрсэн тохиолдолд татаж авч болох аж.

Хандалт хийсэн хоёр дахь сайтын бүтэц, дизайн, интерфэйс нь ерөнхийдөө эхний сайттай ижилхэн. Нэг удирдлагатай хоёр сайт ч гэж болохоор аж. Нэг ширээний тоглолтыг харахад есөн тоглогч суужээ. Дөнгөж цэнэглээд тоглож байна уу гэлтэй 5000 төгрөгтэй тоглогч арав хүрэхгүй минутын дотор юу ч үгүй болоод, сүүлийн хөзөр дээрээ “all-in” хийж бүтэлгүйтээд, өрөөнөөс гарав. Яг үүн шиг олон зуун тохиолдол өдөр бүр гарч байгаа гэхээр харамсалтай.

 

Мөрийтэй тоглоом хүний цаг зав, эд хөрөнгө, амьдралын том дайсан.

"Нөхөр маань мөрийтэй тоглоомд дотносноос болоод бид салж байна. Хэдэн цагаар хамаагүй тоглоод суучихдаг.  Өөртөө байгаа бүх мөнгийг дуусгаад бусдаас мөнгө зээлэх нь бий. Өр ширэнд ч их орсон.  Машинаа хүртэл надад мэдэгдэхгүйгээр зарсан. Үүнээсээ болоод байнгын хэрүүл хийдэг байсан. Нөхөр маань мөрийтэй тоглоомд донтсон цагаас хойш манай  амьдрал сүйрсэн" гэж 40 гаруй насны эмэгтэй өөрт тохиолдсон зовлонгоо хуучилсан.

ХҮИС-д сурдаг оюутан У-гийн хэлснээр онлайн покер тоглох дуртай, заримдаа “ёндоорч”, хоолны мөнгөө олчихдог гэнэ. Тэрбээр “Байнга тоглодоггүй ээ. Хааяа таван мянгаар ганц цэнэглүүлээд тоглочихдог. Мэдээж алдах үе байна, онох ч үе байна. Зарим хүн олон өрөөнд зэрэг тоглож, хожих боломжоо ихэсгэдэг гэж сонссон. Би дээд тал нь 70 мянган төгрөг олж байсан. Гэхдээ олж байгаа нь нэг хувь, алдаж байгаа нь 99 хувь” гэлээ.

Донтох эмгэг гэдэг нь нэг зүйлийн хараат болно гэж СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга ярьсан юм. Тэрбээр “Тухайн зүйлийг хийхгүйгээр хэвийн ажиллаж, амьдрахад бэрхшээл учирна. Мөрийтэй тоглоом тоглох өөрийн зан үйлийг хянаж чадахгүй болоод эхэлвэл асуудалд орж байгаа юм. Ерөнхийдөө хүмүүсийг харж байхад эхлээд сонирхоод тоглодог. 50 мянган төгрөгөө 100 мянгөн төгрөг болгоод үзнэ. Бага сага хэмжээгээр алдаж, ононо. Ийм байдлаар мөнгөө өсгөөд алдана. Алдсан шархаа нөхөх гэж ороод дахиад алддаг. Ингээд зээл аваад, өр тавиад тоглож эхэлнэ” гэв.

Мөрийтэй тоглоомын онцлог нь богино хугацаанд хүнийг юу ч үгүй болгодог. Насаараа цуглуулсан хөрөнгөө алдахаас гадна төлж баршгүй өрөнд унадаг. Энэ нь дарамт болно, сэтгэл санаанд нөлөөлнө. Худлаа хэлж, хулгай хийн тоглоно.

Хэрэв та, эсвэл таны ойр дотны хүмүүс дунд мөрийтэй тоглоом болон бусад зүйлст донтсон хүн бий бол бол мэргэжлийн байгууллагад хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй ажээ. Ж.Гантулга эмч ярихдаа “Хүн өөрөө юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаагаа мэдэхгүй байж болно. Сэтгэц наркологийн донтолт судлалаар ажилладаг хүмүүстэй уулзах хэрэгтэй. Мөрийтэй тоглоомын тусламжтайгаар ажил амьдралаа дээшлүүлсэн хүн тун цөөхөн. Хүний амьдралыг дээшлүүлдэг, сайжруулдаг зүйл энэ биш. Мэргэжлийн түвшинд тоглодог хүмүүс өөр. Олон цагийн бэлтгэл, дадлага онолын мэдлэгийг хуримтлуулсан байдаг юм. Зүгээр сонирхогчийн түвшинд байвал хүний идэш л болно” гэлээ.

Цагдаагийн байгууллага чадах чинээгээрээ хууль бус мөрийтэй тоглоом, онлайн покерын сайтуудтай тэмцэж байгаа ч өдөр бүр шинээр хэдэн арван ийм төрлийн сайт нэр, загвараа өөрчлөн үйл ажиллагаа явуулж байна. Ялангуяа цар тахлын үеэр иргэд ажилгүй болж, мөнгө олох туйлын хүсэлтэй болсон. Үүнийг далимдуулан борооны дараах мөнгө шиг олон сайт нээгдэж, иргэдийн хүсэл дээр дөрөөлөн, өнөөг хүртэл хууль бус бизнесээ хийсээр байна. Арван жилийн жирийн нэг сурагчаас эхлэн ажил төрөлтэй, амьдрал ахуйтай залуус хүртэл онлайн покерт донтож, байгаа бүхнээ алдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж