Аун Сан Су Чи-д авлигын хэргээр 11 жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

Аун Сан Су Чи-д авлигын хэргээр 11 жилийн хорих ял оноолоо

Аун Сан Су Чи-д авлигын хэргээр 11 жилийн хорих ял оноолоо

Цэргийн засаглалтай Мьянмарын шүүх удирдагч асан Аун Сан Су Чиг авлигын хэрэгт буруутай болохыг тогтоож, хэд хэдэн удаа болсон нууц шүүх хурал эцэслэв. Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи 2021 оны хоёрдугаар сараас хойш цэргийн хяналттай гэрийн хорионд байгаа юм. Хунтын дэглэмт шүүх өдгөө 76 настай түүнийг сонгогчдыг хууран мэхэлсэн, авлига авсан зэрэг хэд хэдэн эрүүгийн гэмт хэрэгт буруутгажээ. Аун Сан Су Чи болон хүний эрхийн бүлгүүд шүүхийн шийдвэрийг буруушааж байна.

Нийслэл Ней Пи Тау хотод болсон шүүх хуралдааныг хаалттай явуулж, Аун Сан Су Чигийн өмгөөлөгчид сэтгүүлчдэд үг хэлэхийг хориглосон байна. Цэргийн дэглэмт шүүх өнгөрсөн Лхагва гаригт Аун Сан Су Чиг Мьянмарын хамгийн том хот, бүс нутаг болох Янгон хотын экс даргаас 600 мянган ам.доллар буюу 477 мянган фунт стерлингийн хахууль авсан хэрэгт буруутай гэж үзжээ.

Аун Сан Су Чиг шүүхээс өмнө таван жил хорих ял оноосон байсан ба сэтгүүлчидтэй уулзахыг хориглосон байна. Сүүлийн шүүх хурал дээр хэд хэдэн зүйл анги нэмэгдсэн тул нийт хоригдох хугацааг 11 жил болгож тогтоожээ. Арванхоёрдугаар сард түүнд цэргийн ажиллагааг эсэргүүцсэн үзэл санааг өдөөж, нийгмийн эрүүл мэндийн дүрмийг зөрчсөн хэргээр ял оноосон. Мөн нэгдүгээр сард Су Чиг гэртээ хууль бусаар дамжуулагч радио байрлуулсан, Covid-19-ийн дүрмийг зөрчсөн хэргээр буруутгаж байв. Су Чи авлигын өөр 10 хэрэгт холбогдож буй бөгөөд тус бүр дээд тал нь 15 жилийн ялтай, сонгуулийг луйвардсан, албан ёсны нууцыг зөрчсөн гэх үндэслэлээр нэмж буруутгаж байгаа аж.

Мьянмарт ардчиллын бэлгэ тэмдэг хэмээн өндрөөр үнэлэгддэг хатагтай Су Чиг бүх насаар нь хорих ялаар шийтгэхийн тулд хунтын дэглэм зохиомол хэрэг үйлдсэн гэж түүний дэмжигчид үзэж байна. Хэрэв дээрх бүх хэрэгт буруутгавал Аун Сан Су Чи 190 гаруй жилийн хорих ял авах юм.

Иргэний эрх, ардчиллын бүлгүүд, түүнчлэн НҮБ-аас Мьянмарын шүүхийн үйл ажиллагааг хуурамч үзэгдэл гэж буруушааж байна. “Human Rights Watch” үүнийг хуурамч хэргээр нууц ажиллагаа явуулдаг шүүхийн цирк гэж нэрлэсэн.

Хунтын дэглэм төрийн эрх авснаас хойш Аун Сан Су Чиг дэмжигч 1000 гаруй хүнийг баривчилж, 1800 гаруй хүнийг хөнөөсөн байна. Мөн энгийн 8000 гаруй иргэн эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр тодорхойгүй хугацаагаар баривчлагдсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж