Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас иргэний баримт бичгийг устгадаг гэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах:
-Нийгмийн сүлжээнд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор мэдээлэл хийе. Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн сангаас мэдээлэл устгах боломжгүй. Тухайн иргэнтэй холбоотой түүх Цахим мэдээллийн сан, Иргэний бүртгэлийн архивт хадгалагддаг. Иймээс хувийн мэдээлэл Улсын бүртгэлийн сангаас устгагдах боломжгүй гэдгийг албан ёсоор хэлье. Улсын бүртгэлийн сан төрийн тусгай байгууллагын хяналтад үйл ажиллагаа явуулдаг.
Жилд 16 мянга орчим гэрлэлт бүртгэдэг. Харин гэрлэлт дуусгавар болсон бүртгэл 4000 орчим хийгддэг.
Т.Ганболд, Х.Янжингаажид нартай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөд бага зэрэг төвөгтэй байна. Учир нь, эдгээр иргэдийн мэдээлэл хязгаартай бүлэгт хамаарагддаг. Гэхдээ цахим орчинд Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгасан, ташаа мэдээлэл яваад байгаа учир товч мэдээлэл өгөх нь зүй гэж үзсэн.
Тэд 2016 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Гэвч иргэн Т.Ганболд гэрлэлтээ хууль бус гэх үндэслэлээр манай байгууллагад 2021 оны аравдугаар сард гомдол гаргасан. Түүний зүгээс "Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлт бүртгүүлж байгаагүй" гэж мэдүүлсэн. Гомдлынх нь дагуу улсын байцаагчийн дүгнэлт гарч, гэрлэлтийг хүчингүй болгосон. Манайх тус гэрлэлтийг хууль бус, хүчин төгөлдөр биш гэж үзсэн" гэв.
Холбоотой мэдээ