Асуудал үүсэхээр НӨАТ хөнгөлнө гэдгээ боль

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

LiveАсуудал үүсэхээр НӨАТ хөнгөлнө гэдгээ боль

Асуудал үүсэхээр НӨАТ хөнгөлнө гэдгээ боль

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.


 

13 : 19
2022-4-27

Асуудал үүсэхээр НӨАТ хөнгөлнө гэдгээ боль

 Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-Дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн ургамлын тос, дотоодын хүнсний үйлдвэрт боловсруулсан тосны ургамлыг НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль орж ирж байна. Ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлсөн мөртлөө ургамлын тосыг худалдаж авсан хүнсний үйлдвэрүүдийг чөлөөлөхгүй юм бол уг хуулийг батлах шаардлаггүй юм биш үү. НӨАТ дамжин суутгагддаг татвар. Монголын татварын системийн суурь нь. Хоёрдугаарт ААН-ийн орлогын албан татварын хөнгөлөлт дээр нэг аюултай заалт ороод ирсэн. Тухайлбал, Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй албан татвар төлөгч 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш нийслэл хотоос бусад аймагт шинээр бий болгосон хөрөнгөд өөрийн сонголтоор таван жилийн хугацаанд шулуун шугамын аргаар  элэгдэл тооцож болно. Татварын тухай хуулиар уул уурхайн бус салбар 25 жил, уул уурхайн салбар нь 40 жилээр элэгдэл тооцдог. 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс таван жилээр тооцвол өмнө нь 25 жилээр элэгдэлд тооцоод явж байсан ААН-үүд яах вэ.

Хоёр шилжилтийн хооронд маргаан үүсэх юм биш үү. Үүнээс гадна манай тойргоос хоёр хөрөнгө оруулалт хасагдсан байна. Увс, Хяргас нуурын тохижолт хаягдсан байна. 2020 онд хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсон. Үүний даргаа Увс нуурын хөвөөнд зарим өдөр 1500 орчим автомашин цугалдаг. Ойролцоогоор 6000-7000 хүн ирдэг гэх судалгаа бий. Хүмүүс ирээд буцахад их хэмжээний хог үлддэг. Тиймээс Увс, Хяргас нуурын хөвөөнд 10 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийвэл Увс аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Гэсэн ч энэ ажлыг та бүхэн хасчихжээ. Би төсвийн байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал гаргана. Нэмбэл хас гэдэг зарчмаар явж байгаа учраас энэ төслийг нэмж оруулахад юунаас хасах вэ гэдэг саналыг Сангийн яам бэлтгээрэй.

Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:

-ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд орсон нийслэл хотоос бусад хөдөө орон нутагт үндсэн хөрөнгө бий болгох асуудлыг дэмжих болсон шалтгаан нь төвлөрлийг сааруулах зорилготой. Төвлөрлийг сааруулахын тулд татварын цогц арга хэмжээ шаардлагатай. Хөдөө орон нутагт бизнесүүдийг хөгжүүлэхийн тулд үндсэн хөрөнгүүдийг бий болгох нь чухал. Одоогийн хуулиар 25 жилийн элэгдэлд тооцдог хугацааг зөвхөн орон нутагт тав дахин бууруулахаар байна. Өмнө нь байгуулсан хөрөнгийн элэгдэл үүнд хамаарахгүй. Нягтлан бодох бүртгэлээр хөрөнгө бүр тусдаа элэгдэлийн сантай. НӨАТ-ын хувьд 2023 он дуустал үргэлжилнэ. Уг хууль нь ургамлын тосны үнийн өсөлтөөс сэргийлэх зорилготой богино хугацааны арга хэмжээ.

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-НӨАТ-аар оролдохгүйгээр татвар, гаалийн татвараас чөлөөлж болоогүй юм уу. НӨАТ-аар байнга оролдоод байгааг ойлгохгүй байна. Асуудал үүсэхээр НӨАТ хөнгөлнө гэдгээ боль. НӨАТ-ыг тэглэх, бууруулах зэрэг нь үр дүн багатай шүү.

10 : 43
2022-4-27

"Дарга дагасан төсөв оруулж ирлээ"

Тогтоолын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.

Тэрбээр “Цар тахал болон ОХУ, Украин улсын хоорондох нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, инфляцийн түвшинд дарамт үзүүлж эхэлсэн. Улмаар 2022 оны төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсч төсвийн зарлагыг дахин хуваарилж зайлшгүй шаардлагатай зарим арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газар дотоод нөөц бололцоогоо дайчлан төсвийн бүх шатны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтсон. Мөн хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлогыг хамгаалах талаар төсвийн тодотголд тусгасан.

Үүнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг нэмэгдүүлнэ. Ингэснээр  цэцэрлэгт сугалаагаар элсэх явдлыг зогсооно.

2022 оны таваас арванхоёрдугаар сард  1 сая төгрөг болон түүнээс доош цалинтай хүмүүс  нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцсан даатгуулагчийг шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлнө. Төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, нийслэлийн төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө орон нутагт бизнес эрхлэгч, хувь хүн, ААН-үүдийг дэмжиж ажиллах зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд гурван хувийн ипотекийн зээлийг урьдчилгааг таатай нөхцлөөр олгож хөдөө орон нутагт бизнес эрхлэх эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгаатай бодлогоор дэмжинэ” гэлээ.

Үргэлжлүүлэн байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 


УИХ-ын гишүүн Д.Батлут:

Төсвийн тодотголыг хийхдээ яагаад томоохон хэмжээний буюу 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа орон нутгуудаас хасалт хийгээгүйг гайхаж байна. Үнэндээ төрийн захиргааны албан тушаалтнууд төсөв дээр тэгш бус байдал гаргаж дарга дагасан төсөв оруулж ирж  байна. Ийм байдлыг халж болохгүй юм уу? Хоёрдугаарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер нь зарлагдаад гэрээ нь байгуулсан ажлыг бас хассан байна. Цөөхөн хэдэн ажлыг улсын төсөвт суулгаад ажил хэрэг болгох гээд үздэг. Гэтэл хасчих юм. НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно гэхээр иргэд 47 мянган төгрөг авна. Энэ нь иргэдэд бодит дэмжлэг болж чадах уу? Таван сарын хугацаанд НДШ-ийн 50 хувийг буцааж олгоно гэхээс илүүтэйгээр НДШ-ийг хэрхэн бууруулах вэ гэдэгт анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-НДШ-ийн буцаалт нь нийгмийн даатгалын сантай холбоогүй. Улсын төсвөөс бага орлоготой иргэдэд үзүүлж буй богино хугацааны арга хэмжээ. Нэг сая төгрөгийн цалинтай иргэдэд 47-50 мянган төгрөг нь их, бага дэмжлэг үзүүлнэ гэдэг нь харьцангуй ойлголт. Нийгмийн даатгалын реформ нь тусдаа өөр асуудал.

Нийгмийн даатгалын сангийн зарлага нь орлогоосоо давсан. Алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрсэн.

Өнгөрсөн аравдугаар сард УИХ-д Нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Тэтгэврийн ерөнхий хуулийг эргэж татсан. Дараагийн долоо хоногт Засгийн газарт оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. НДШ-ийг бууруулна гэхээс илүүтэй хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжүүлнэ. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:

-Төсвийн тодотгол бүхэлдээ хэмнэлтийн горимд шилжсэн. Тиймээс нэн шаардлагатай биш төслүүдийг зогсооно. Үүнд, оффисийн барилга, наадмын талбай,  соёлын төв, спорт заал, усан бассейн, орон нутгийн тохижилт, конторын их засвар, нийтийн  эзэмшлийн зам талбай гэх мэт нийт 91 төслийн 101.6 тэрбум төгрөгийг хэмнэхээр тогтсон.

Ажлын явц, гүйцэтгэлтэй нь уялдуулан энэ онд ашиглалтад орох боломжгүй зарим төслүүд буюу 338 төслийн 415.3 тэрбум төгрөгийг ирэх онд шилжүүлсэн. Ингэснээр хөрөнгө оруулалтаас  516.9 тэрбум төгрөгийн төсвөөс хэмнэнэ. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-2024 онд ашиглалтад орох бүтээн байгуулалт бараг үлдсэнгүй. Хэмнэж байгаа нь зөв боловч нөгөө талдаа төсвийн орлого нэмэгдүүлэх ямар ажил хийх вэ? НӨАТ-аа төлдөггүй хасуулаад худалдан авалт хийдэг хүмүүс олон болжээ. Далд эдийн засгийг илрүүлэхэд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? Нэг автомашин Гашуунсухайтын боомтоор гарахад 90 сая төгрөгийн ашиг олдог. Эдгээрээс татвар авдаг уу? Өдөрт 300 автомашин гарна гэж тооцвол 27 тэрбум төгрөгийн орлого орж ирэхээр байна.

Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:

-Он гарснаас хойш  3.4 сая тонн нүүрс гарсан байна. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд өдөр тутам Хятадын талтай ярилцаж байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчит компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулна. 2022 оны төсөв батлах үед 250 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг дайчилна гэж оруулж ирсэн. Харин далд эдийн засгийг бууруулахын тулд олон цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.

2022 оны төсөвт далд эдийн засгийг бууруулах, баялгаас татварыг бүрэн авах чиглэлээр зорилт тавьж 600 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого олохоор төлөвлөсөн.

Хэмнэлтийн тухай хуулиар төрийн байгууллагуудын бичиг хэрэг дотоод зохион байгуулалтын ажлыг зохион байгуулж цахимжуулна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төрийн компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшуулал, гүйцэтгэх захирлын ТУЗ-ийн гишүүдтэй байгуулсан гэрээ, үр дүн, урамшууллыг судалж үзэхэд гэмгүй. Нийт борлуулалтын орлогын нэг хувийг гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүдэд хувааж  урамшуулал болгож өгдөг шүү.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Төсөв хэмнэх нь зөв. Гэхдээ хөгжлийг дэмжих томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардлыг хасчихсан байна. Жишээлбэл, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хөрөнгийг төсвийн тодотголоор хасчээ. 33 тэрбумаас дөрвөн тэрбумыг Засгийн газраас гаргах байсан  ч 500 гаруй сая төгрөг болж буурсан байна лээ. Зам, тээвэр хөгжлийн яам дуусах гэж байгаа замын хөрөнгө оруулалтыг татсан байна. Уг нь Багануур, Мөнгөнморьт сумыг холбосон 50 км замын ажил энэ жил дуусах ёстой байсан.  Зургаан тэрбумаас гурван тэрбум төгрөгийг нь хасчээ.

Ажлын хэсэг:

-Төсвийн тодотголоор Барилга хот байгуулалтын яамны сайдын багцаас 21.9 тэрбум төгрөгийн өртөгтэй 11 ажил хасагдсан. Санхүүжилт буурсан 58 төсөл арга хэмжээнээс 56.6 тэрбум төгрөгийг хэмнэнэ.  Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн хангамжын ажил 33 тэрбум төгрөгийн төсөвтэй. 2.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй байсан. Төсвийн тодотголоор төсөвт өртөг нь хэвээр санхүүжих дүн нь 480 болж буурсан.

Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Багануур Мөнгөнморьт сумыг холбосон 50 км замыг хасаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж