ЗГ: Хонины махыг 250 төгрөгөөр хямдрууллаа

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

ЗГ: Хонины махыг 250 төгрөгөөр хямдрууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж буй юм байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийж, "Дарханы замын удаашралтай байгаа хэсэгт ЗХЖШ-ын үүрэг гүйцэтгэгч нарыг дайчлан ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргасан" гэв.

Үргэлжлүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийж байна.

Засгийн газрйн өнөөдрийн хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг танилцуулсан байна. 2021 оны эцсийн байдлаар багц I 95 хувийн гүйцэтгэлтэй, багц II 20 хувь, багц III 98 хувь, багц IV найман хувь, багц V ажил 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт Зэвсэгт хүчний жанжин штабыг хүч нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Мөн Дарханы замын бүтээн байгуулалт ашиглалтад орох хүртэлх хугацаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийг ахлахаар болсон байна.

ХОНИНЫ МАХЫГ 250 ТӨГРӨГӨӨР ХЯМДРУУЛЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:

-Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж, шийдвэр гарлаа. Гурил болон мах бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдэд 230 тэрбумын эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй зээл олгож, зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөс дэмжлэг болгож гаргахаар шийдвэрлэлээ. Энэ нь иргэдэд очих мах болон гурилын үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газраас гаргаж буй хүүгийн татаасын дэмжлэг гэж ойлгож болно.

Засгийн газар хүн амын хэрэгцээнд зориулж 12.7 мянган тонн мах бэлдсэн. Засгийн газраас нөөцийн хонины маханд 250 төгрөгийн хөнгөлөлтийг нөөц хөрөнгөөс гаргаж, мах бэлдсэн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөг буюу нийлээд 300 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Нөөцийн хонины мах 8300 төгрөгөөс 7950 төгрөг болж хямдарна. Мөн амралтын өдрүүдэд гулуузаар нь худалдаалахад 7750 төгрөг болж хямдарна.

Мөн 12 сая шүлхийн вакцин татан авсан. Вакцинжуулалт 55 хувьтай байна. Нийтдээ 15 мянга орчим мал тусгаарлалтад байна. Вакцины хугацаа ирэх сарын 4-нд дуусна. Зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд шүлхийгүй болно.

16 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНТЭЙ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРВОЛ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАХААР
ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ИРЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн бодлогыг чангатгаж байна. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, 22.1-д зааснаар торгох ялыг өөрчилж, авлига, албан тушаалын хэрэгт ял наймаалцах, хэрэг хялбаршуулсан журмаар шийддэг байдлыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр хасч байна. Мөн тодорхой албан тушаалтан бүрэх эрхийнхээ хугацаанд шалгуулдаггүй, халдашгүй эрхтэй албан тушаалтан байдаг.

Эрүүгийн хууль хүн бүрт адил, тэгш үйлчилдэг зарчмын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байна. Авлига, албан тушаалын хэрэгт нийтийн албанд ажиллахыг 20 жилээр хасч оруулж байна. Үүнээс гадна 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг олон нийт буруу ойлгож ирсэн. 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орвол хорих ял оногдуулахаар хуулийн өөрчлөлт оруулж ирж байна.

Цаашид өршөөл үзүүлэхгүй байх зүйл заалтыг тусгайлан оруулсан. Үүнд бэлгийн гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, хүрээлэн буй орчны зарим төрлийн хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дээр том зарчим орж ирж буй. Жижиг, том хулгай гэж ялгахгүй, хулгай бол хулгай. Тиймээс Эрүүгийн хуулиар зохицуулна.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.27/ болж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  •  Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Газрын тосны хайгуул ашиглалтын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж