Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан гишүүдийн асуудлыг УИХ тав хоногт багтаан шийдвэрлэнэ. Энэ талаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.
ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБОГДСОН УЛСТӨРЧДӨД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
-Энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ. Миний хувьд уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх үеэр нэр бүхий гишүүдийн асуудалд гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, баримт, мөрдөн шалгалтын хүрээнд урьдчилсан байдлаар тогтоогдсон баримт прокуророос оруулж ирсэн байна уу, үгүй юу гэдэг дээр хөндөж асуултаа асууна.
Хүнийг гэм буруутай эсэхийг шүүх эцэслэж тогтооно. Прокурор мөрдөн шалгалтын хүрээнд урьдчилсан байдлаар гарцаагүй, хөдөлшгүй, итгэл дүүрэн гэмт хэрэг үйлджээ гэх баримт тогтоогдоод, нотлогдсон тохиолдолд УИХ-д оруулж ирж буй гэж ойлгож байна. Гарцаагүй, хөдөлшгүй баримт байгаа эсэхийг тодруулж, танилцаж байж эцсийн шийдвэрээ гаргана. Ямар ч баримтгүй хардлагаар оруулж ирж байна уу, эсвэл гарцаагүй баримт байгаа эсэхийг мэдэж байж кноп дарна. Хөгжлийн банктай холбогдсон улстөрч бай, бусад зээлдэгч нарын асуудалд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа. Хөгжлийн банкийг хянан шалгах түр хороо байгуулагдаж, даргаа сонгосон. Зургаан сарын хугацаатай ажиллана. Гэхдээ хугацааг дахиад зургаан сараар сунгах тогтоол гаргах бодол байгаа. Хэн ч бай өрөө төл гэдэгт асуудалд хатуу байр суурьтай байгаа.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООС ОРУУЛЖ ИРСЭН ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛИЙГ СОНСОНО
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
-Улсын ерөнхий прокуророос нэр ороод ирвэл гишүүд саналаа нууцаар гаргадаг. Нууцаар гаргах нь нөлөөнд орохгүй байх буюу нэг намын танил, найз нөхөд гэж хэлэхгүйгээр механизмыг нь хуульд зааж өгсөн. Энэ нь Халдашгүй байдлын дэд хороо авч хэлэлцээд, дараа нь Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж, УИХ-ын чуулганаар нууцаар санал хураадаг. Миний хувьд Улсын Ерөнхий прокуророос оруулж ирсэн түдгэлзүүлэх үндэслэлийг сонсоно. Үндэслэл, үйл бүхий баримт байж бид түдгэлзүүлэхийг зөвшөөрөх эсэхээ хүн бүр дотроо бодож, байнгын хороодоор яригдах ёстой. Үүнтэй холбоотой ямар нэгэн материалтай танилцсан зүйл байхгүй байна. Ер нь ийм мэдээлэл орж ирсэн гэдэг албан бус мэдээлэл авсан. Хөгжлийн банкны чиглэлээр шалгах шаардлага байгаа. Миний хувьд Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж байна.
ХЭРЭГ НЬ НОТЛОГДСОН, ШАЛГАГДАЖ БАЙХАД ЗААВАЛ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДАЛ ШААРДЛАГАГҮЙ
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-Би парламентын засаглалыг хүчтэй байгаасай гэж үздэг. Тийм ч учраас гишүүдийг түдгэлзүүлэх асуудал бол ихэвчлэн үйлдэл дээрээ гэмт хэрэг хийсэн хүмүүст энэ асуудлыг зохицуулахаар оруулж ирсэн. Тэгэхээр энэ хүмүүс нэгэнт хийсэн хэрэг нь нотлогдсон, шалгагдаж байхад заавал түдгэлзүүлэх асуудал шаардлагагүй гэж үздэг. Ер нь парламентын засаглал илүү бат бөх байж бид бүхэн илүү тусгаар тогтнолын асуудлаа сайн авч явах ёстой. Мэдээж буруутай зүйл байвал гишүүд хариуцлагаа хүлээх ёстой. Гэхдээ өөрсдийгөө авч үлдчихээд сөрөг хүчний хүнээ явуулдаг ийм ёс зүйгүй үйлдэл ардчилсан оронд байж болохгүй.
Холбоотой мэдээ