"Нэг удаагийн хэмнэлтийг олон жил мөрдөх боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

"Нэг удаагийн хэмнэлтийг олон жил мөрдөх боломжгүй"

"Нэг удаагийн хэмнэлтийг олон жил мөрдөх боломжгүй"

2022 оны төсвийг хоёр дахь удаа тодотгох гэж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


Улсын төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийх гэж байна. Төсвийг өмнө нь хэт өөдрөгөөр харсан учраас өнөөдөр орлого тасрахад хүрсэн. Энэ удаад тодотгол хийхдээ өмнөх алдаагаа давтаж болохгүй байх. Ялангуяа богино хугацаанд үр дүнгээ өгөхгүй төслүүдийг царцаах, төр хэмнэлтийн горимд шилжих талаар ярьж байна. Тодотголд төр хэмнэлтээ хэр зэрэг тусгаж, оруулж ирсэн гэж харж байна?

-Засгийн газар, Сангийн яамнаас улсын төсвийг оновчтой төсөвлөх гэж хичээж байна. Гэхдээ Монголын хувьд түүхий эдээс хамаарсан онцлогтой. Иймд түүхий эд экспорт өндөр болохоор эдийн засаг савладгийг Олон улсын валютын сан, Дэлхийн банк 2010 оноос хойш удаа дараалан  сануулсаар ирлээ. Жишээ нь, бид жил бүр 30-40 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргаж байна. Энэ нь бидний л бодол байхгүй юу. Үүнийг худалдан авах уу, үгүй юу гэдэг нь биднээс хамаарахгүй. Худалдан авагч улсаас хамаарна. Хоёрдугаарт үнэ ханш. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ хэд хүрэхийг төдийлөн оновчтой таамаглаж чадахгүй байна.

Жишээ нь, БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо түүхий эдийн үнийг хэт өндөр өсгөхгүйн тулд дотоодын үнийн хяналт тавьж байна. Үүнийг бид урдьчилан мэдэхгүй. Ийм тодорхойгүй нөхцөлд айхтар өндөр зорилт тавьж болохгүй.

Үүнийг ОУВС анхааруулаад байгаа юм. Хоёрдугаарт, олж буй орлогоо зайлшгүй хуримтлуул гэдгийг мөн л олон жил сануулж байгаа. Үүгээр хүндэрсэн үед төсвийн алдагдлаа нөхөхөд нэмэр болно. Бүгдийг нь битгий зар л гэж анхааруулдаг. Харамсалтай нь бидэнд хуримтлуулсан зүйл маш бага. Иймд улсын төсвийн төлөвлөлтийг өмнө нь баталсан хуулиудын дагуу маш бодитой төлөвлөх ёстой. Хэт өөдрөгөөр төсөвлөж байгаа учраас дараа нь бид дахин дахин тодотгол хийх шаардлага гарч байна. Гол алдаа нь энэ.

Мэдээж улс төрчид, эдийн засагчид төсөвт дахин тодотгол хийхийг дэмжиж байгаа. Гэхдээ улсын төсөвт анх тодотгол хийхдээ л алдаагүй байх ёстой, өнөөдөр нэг ажлаа хоёр хийж байна гэсэн шүүмжлэл ч бас бий. Өмнөх тодотгол дээр хангалттай хэмнэлт, таналт хийх боломж байсан гэж харах хүмүүс ч байна?

-Аль ч улсад төсвөө төлөвлөхөд макро эдийн засгийн үзүүлэлт маш чухал. Монголын эдийн засгийн тухайд  сүүлийн 20 жилийн хугацаанд гурван жил өсч, дөрөв дэх жилдээ ямар нэгэн шалтгаанаар саарч байгаа. Энэ нь 2008, 2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал, 2015-2016 онд дэлхийд түүхий эдийн үнэ ханш унасан,  цар тахал, геополитик гэх зэрэг  шалтгаанаас үүдэн биднээс үл хамаарч Монголын эдийн засаг ийм мөчлөгтэй.

Ийм байтал бид дөрвөн жил дараалан эдийн засаг өсөх юм шиг төсөөлж байгаа нь буруу. Тиймээс бид 2022 онд 36 сая тонн нүүрс экспортолж, төсвийн зарлагаа 18 их наяд хүргэж, орлогоо 16.5 их наяд төгрөгт хүргэнэ гэж төлөвлөөд байгаа нь л алдаа. Үүний дотор л бүх яригдаж буй  соёлын төв, хөшөө дурсгал, бордюр солих зэрэг үрэлгэн зардлууд багтаад байна.

Эхлээд том дүр зургаа гаргахгүй бол доор нь эрэлт хэрэгцээ цуглуулах байдлаар гаргаж буй зардал нь эдийн засгийн хямралд хүргэж байна. Анхан шатны орон нутгаас ирж буй төсөв бүрийг нийлүүлж улсын төсөв зохиож болохгүй. Ийм байдлаар төсөв зохиож байгаа учраас оновчтой төлөвлөлтгүй, үрэлгэн төсөв болоод байна. Угтаа бол улсын төсөвт тодотгол хийхээс өмнө макро эдийн засгийн шалгуур үзүүлэлтийг хангасан уу, дор хаяж өр үүсгэхгүй байхад анхаарах ёстой. Монгол Улс ийм их өртэй нөхцөл макро эдийн засгийн үзүүлэлтээ тодорхойлсны дараа нь улсын төсвийг зохиодог. Үүнийг Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг хоёр бичиг баримтаар хязгаарыг нь тогтоосон. Гэтэл намар улсын төсвийг өргөн барихдаа өмнө нь тогтоосон хязгаараа эвдэж байна. Ийм учраас л дахин дахин тодотгол хийх тухай яригдаж байна. Хэрэв хязгаарыг баривал бидэнд төсвийн дахин тодотгох шаардлагагүй, зөв төлөвлөж болно. Товчхондоо, бид хуулиа мөрдөхгүй, эдийн засгийн судалгаан дээр үндэслэхээс илүүтэй улс төрийн зорилгын төлөө л анхаарч байна. Иймд хуулиа мөрдөх ёстой.

"АЖЛЫН БАЙР, ХАЛАМЖИЙН БОДЛОГЫГ ЗӨВ ЗАЛУУРДСНААР ТӨСӨВ ОНОВЧТОЙ БОЛНО"

Төсөвт тодотгол хийснээр 400 гаруй сая ам.долларын төлбөрийн тэнцэл сайжирч, 2.2 их наядын урсгал зардлыг хэмнэнэ гэсэн тооцоо бий. Төсвийн алдагдлын гол шалтгаан нь хүүхдийн мөнгө, халамжийг хавтгайруулсан гэж үздэг шүү дээ?

-Энэ тооцоог одоо биш намар л хийх ёстой байсан. Төсвийн тухай хуулийг үзвэл ирэх оны төсөв боловсруулах үйл явц дөрөвдүгээр сараас эхэлж байгаа юм. УИХ-ын хаврын  чуулганаар Төсвийн хүрээний мэдэгдлийг баталж, үүнд үндэслэн наймдугаар сард төсөв боловсруулж аравдугаар сард өргөн барьж байгаа.

Үндсэндээ улсын төсвийг тодотгох нь зургаан сар үргэлжилж буй төлөвлөлтийн процесс. Энэ хугацаанд бүх тооцоогоо хийх ёстой. Гэвч оновчтой бус болж байна.

Хоёрдугаарт, улсын төсөв алдагдалтай гарахад тэтгэвэрийн насныхан болон ажилгүйчүүдийн тоо өндөр зэрэг суурь шалтгаан бий. Иймд ОУВС-ын анхааруулаад байгаа ажлын байр гаргах бодлого үгүйлэгдэж байна. Нэн түрүүнд ажлын байрны бодлого хэрэгжүүлсний дараа л халамжаа бууруулна. Түүнээс биш халамжийг механикаар хасч болохгүй. Үүнийг орлох зүйл нь ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Эдгээрийг зөв залуурдаж  л улсын төсөв оновчтой болно.

Эдийн засагчийн хувьд 2022 оны улсын төсвийн алдаа, оноог нь хэрхэн дүгнэж байна. Ер нь ямар хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Улсын төсөв батлах үед өвлийн олимп болно гэдгийг сануулж л байсан. Харамсалтай нь 12 сарын турш нүүрсээ экспортлох юм шиг тооцож маш өндөр төлөвлөгөө батлуулсан. Наад зах нь ийм алдаа гаргамааргүй байна. Ийм байдлаар эрдэмтэн судлаачдын судалгааг бүрэн ашиглаж чадахгүй байна. Үүнийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийн аль альд нь л байгаа юм. Оруулж буй хуулийг урьдчилан судалсан байх ёстой. Үүнийг хийхгүй байна. Өнгөцхөн л судалж байна.

Бодлого, судалгаагүй шийдвэрээс л эдийн засаг доголдоход хүрч байна уу, эсвэл?

-Богино хугацаанд харж байна. Энэ тухай олон улсын байгууллагууд хүртэл шүүмжилдэг. Өмнө нь баталсан хуульд заасан судалгаа шинжилгээ хийх, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг маш өнгөцхөн хийж байна. УИХ-ын хоёр дахь чиг үүрэг нь хууль тогтоохоос гадна хэрэгжилтийг хангуулах ёстой. Энэ дагуу өмнө нь баталсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг УИХ хянах ёстой. Хамгийн чухал нь зардал нэмж буй асуудал. Энэ талаар УИХ хяналт тавьж байж хуулийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авахгүй бол урсгалаараа л байх болно.

"ХУУЛИА МӨРДӨХГҮЙ, УЛС ТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ УЧРААС ТӨСӨВ АЛДААТАЙ ГАРЧ БАЙНА"

Нөгөөтэйгүүр, Монгол Улс анх удаа Төрийн хэмнэлтийн тухай хуультай болж, төр хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх гэж байна. Хууль хэрэгжлээ гэхэд төрийн албаны машин, тансаг хэрэглээг хумих нь эдийн засагт бодитоор дэмжлэг болох уу. Уг нь эдийн засгийн бүтцээ өөрчлөхийг Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас сануулаад удлаа. Одоо л бүтцээ өөрчлөхөд анхаарч эхлэх хэрэгтэй биш үү?

-Энэ бол нэг удаагийн арга хэмжээ байх. Өмнө нь баталсан хууль тогтоомжуудаа сайн мөрдөх ёстой. Түүнээс биш нэг удаагийн хэмнэлт гэдэг зүйлээр бид олон жил явахгүй. Төсвөө төлөвлөх явцад Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын баталсан Хөрөнгө оруулалтын журам зэргийг чанд мөрдвөл эндээс л бодит хэмнэлт гарна. Зарчим нь төсвийг яаж оновчтой төлөвлөх вэ гэдэгт нь Төсвийн тухай хуульд хүртэл тусгасан байгаа шүү дээ. Чухал зардлыг нь урьдчилан тооцож төсөвт тусгах ёстой. Нөгөөтэйгүүр, төрийг нүсэр болгож байгаа нь УИХ, Засгийн газрын шийдвэр. Тооцоо судалгаагүй шийдвэрээс л өнөөдөр төрийг нүсэр болгож байна.

Ерөнхийдөө Төрийн албан хаагчийг үндсэн ажлыг нь хийлгэх үү, шинэ орон тоо гаргах уу гэдэг сонголтоос л хийх ёстой. Үр ашигггүй орон тоог бий болгож болохгүй. Энэ нь олон  салбарт ч харагдаж байна.

Эдийн засгийг уул уурхайгаас хараат бус солонгоруулах тухай олон жил ярилаа. Үүний тулд төр бүх зүйлд оролцохгүй байхыг ч эдийн засагчид зөвлөдөг. Таны бодлоор?

-Монголын хувьд эдийн засгийн өсөлтийн оргил үе 2019 он. Энэ үед эдийн засгийн өсөлт 6 орчим хувьтай байв. Түүхий эдээс хамааралтай нөхцөлд үүнээс илүү өсгөж чадахгүй, хязгаартаа тулсан. Худалдааны гол түнш нь БНХАУ. Тус улс руу нүүрс, зэс, төмрийн баяжмал, хүдэр зэрэг хүнд жинтэй, объём ихтэй бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. Дээр нь дэд бүтэцгүй, төмөр зам нь ч ашиглалтад ороогүй байна. Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг холболоо гэхэд үүгээр нүүрс тээвэрлэж Тяньжин боомтод хүрэх хүртэл бас л хол байна. Нэн түрүүнд  дэд бүтцээ хөгжүүлж, гуравдагч орон луу экспорт хийх хэрэгтэй. Дараа нь бүс нутгийн эдийн засгийн интеграц  буюу Зүүн Өмнөд Азийн орнуудыг холбосон олон улсын худалдааны сүлжээ байгууллагуудтай нэгдэж, холбооны гишүүн болсноор Монгол Улс экспортын барааны тарифаа бууруулах ёстой. Өнөөдрийн байдлаар бид Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс өөр бодитой үйлчилж буй хэлэлцээр Монголд алга. Зүүн Өмнөд Азийн эдийн засаг өсөлттэй, хямрахгүй байгаа шалтгаан нь бүс нутгийн эдийн засгийн интеграцтай. Энэ том зах зээл рүү бид холбогдох ёстой. Ийм бодлогыг хэрэгжүүлж бид эдийн засгийг тэлэх боломж гарна. Түүнээс биш Тавантолгой, Оюутолгой ордоор Монгол Улс  цаашид хөгжинө гэж огт төсөөлж болохгүй.

-Сүүлийн үед хувийн хэвшлийг төр дээрэмдэж, өмч хураах, төрийн мэдэлд авах үйлдлүүд гарсан. Энэ нь хувийн хэвшлээ дэмжих бодлогын эсрэг үйл ажиллагаа гэж харах хүмүүс ч байна?

-Хувийн хэвшлүүдийг дэмжих талаар олон улсын байгууллагуудаас бидэнд өгсөн зөвлөмж маш их. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татах тухай. Хувийн хэвшилд тулгуурласан эдийн засагтай байж илүү тогтвортой хөгжинө гэдгийг Дэлхийн банк болон бусад байгууллагуудаас байнга зөвлөдөг. Харамсалтай нь эдгээр зөвлөмжүүдийг мартдаг. Бусад улс орны жишгээс харвал хувийн хэвшлийг дэмжиж л амжилтад хүрч байна.

Гэтэл зөвхөн зээл олгосноор хувийн хэвшлийг дэмжиж байгаа юм биш. Бага хүүтэй зээл олгосон бол эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд гадаад худалдаа хилийн боомтын асуудалд дэмжлэг үзүүлэхгүй болохоор зээл нь эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй, аж ахуйн нэгжүүд нь бараагаа татаж чадалгүй илүү өрөнд орж дуусч байна.

Хувийн хэвшлийг дэмжихийн тулд өргөн цар хүрээтэй эдийн засгийн циклээр нь харахгүй бол зөвхөн зээл олгох биш. Үүнийг дутуу орхиод байна. Хоёрдугаарт, төр өөрөө аль болох өрсөлдөхгүй байх ёстой. Төрийн оролцоог аль болох бага байлгахын төлөө эрмэлзэх хэрэгтэй. Зайлшгүй оролцох ёстой цөөхөн салбарт төр оролцоогоо хангаж, бусад салбарт хувийн хэвшилд тулгуурлаж хөгжих ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж