LRT: Э.Бат-Амгалан VS Ч.Хүрэлбаатар

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

VS

LRT: Э.Бат-Амгалан VS Ч.Хүрэлбаатар

УИХ-ын чуулганаар өнгөрсөн Баасан гаригт /2022.04. 22/ 2022 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг оруулж ирээгүйд гишүүд ундууцаж, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцсэн юм. Ингээд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон Ч.Хүрэлбаатарын байр суурийг хүргэж байна. 


 

Э.Бат-Амгалан
УИХ-ын гишүүн:

-LRT төслийг хассан учраас хуулийг дэмжихэд хэцүү байна. Ч.Хүрэлбаатар та өөрөө техник эдийн засгийн үндэслэлийг унш аа. Битгий индэр ашиглаж иргэдийн толгойг угаагаад бай. 2.8 тэрбум ам.доллараар Засгийн газар бонд гаргах гэж байгаа аятай юм ярилаа. ТЭЗҮ нь хийгдээд дууссан. 926 сая ам.доллараар хийнэ. Үүний  510 саяыг Засгийн газар баталгаа гаргаж өгөх л асуудал яригдаж байна шүү дээ.  Гэтэл өрийн босго давлаа гээд хүмүүсийг айлгаад байх юм. Та ажлаа хий. Төсвийн байнгын хороо ард иргэдийн хүсч байгаа төсөл арга хэмжээг Засгийн газартай хамтраад хийх л ёстой. Ч.Хүрэлбаатар дарга бүх зүйлийг  болохгүй гэх юм. Та Сангийн сайд байхдаа Увсад маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж л байсан.  Хоёрын хооронд явцуу эрх ашгийнхаа үүднээс асуудалд битгий хандаад бай. Төрд дөрвөн удаа суусан. Одоо дахиад хоёр жил сууна гэнэ үү. Нийслэл хотын иргэд хүн биш, Увсын иргэд хүн юм уу. Больж үз та. Нийслэл хотын иргэдийн эрх ашгийг хангасан том бүтээн байгуулалтын ажил хийх гэхээр Увсын хэдэн нөхдөөс болж ажил урагшлахгүй байна. УИХ-ын индэрийг ашиглаж нийслэл хотын эрх ашгийг хохироох хэрэггүй.  Би нийслэл хотын иргэдийн эрх ашгийн төлөө л дуугарч байна. Өнөөдөр төсвийн байнгын хороогоор асуудлыг дахин хэлэлцэж төслийг оруулж ирэхгүй бол эсхүл Ч.Хүрэлбаатар даргыг төсвийн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөхгүй бол түр хорооны 24 гишүүн чуулганы хуралд суухгүй. Үүнийг албан ёсоор хэлье. 

Ч.Хүрэлбаатар
УИХ-ын гишүүн:

-Хотоос сонгогдсон гишүүд эмоцитой  ярьж байна. Танай увсынхан л гэнэ. Арай  ч ингэж ярьж болохгүй байх. Үнэндээ Монгол Улсын эрх ашиг уу, 3.6 сая иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих уу гэсэн  үндсэн зарчмын асуудал яригдаж  байна. Тийм биш бол яах гэж  бид Төсвийн тогтвортой байдал болон Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан юм. Төсвийн тодотголын хүрээнд  3.5 тэрбум ам.долларын Засгийн газрын баталгаа гаргах агуулгатай тогтоолыг оруулаад ирсэн. Та нар сайн уншаад үзвэл арван жилийн хугацаанд төсвийг төлөвлөсөн. 2032 он хүртэл жил бүр 420 тэрбум төгрөгийг энэ төсөлд зарцуулна. Бүгд өрийн босгод санаа зовж байгаагаа хэлдэг. Сонгууль дөхөхөөр Монгол Улсын нэг иргэн тэдэн сая төгрөгийн өртэй гээд ярьцгаадаг. Тэгсэн мөртлөө одоо хамаагүй. Хуулиа өөрчилж байгаад батална гэж дайрч байна. Яаж ингэж хэлж чаддаг юм бэ та нар. Монгол Улсын гадаад өр аюулын харанга дэгдэхэд ойрхон байгаа шүү. Ийм үед гадаад зээлд ач холбогдол өгөх ёстой.

Нийслэлийн түгжрэлд санаа зовохгүй хүн 76 гишүүн битгий хэл Монгол Улсын бүх иргэн санаа зовж байна. Тиймээс шийдлээ л зөв олох ёстой. Нөгөө яриад байсан дүүжин тээвэр хаана байна нийслэлийнхээн. УИХ зээлийг нь баталсан шүү дээ.  Ер нь хэн чанга ярьж, доромжилсных нь үгээр шийдвэр явна ч гэж байхгүй шүү. Хуулиа л дагана. Айлгаж, сүрдүүлж, шантааж хийдэг сэдэв ч бас биш. Хэрэв уг төслийг хэлэлцвэл төсвийн тодотгол хууль зөрчсөн болно. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэх асуудлаар хууль зөрчинө. Тиймээс Төсвийн байнгын хороо хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн. Гурван тэрбум төгрөг хэмнэхийн тулд гишүүд асуудал үүсгэж байна. Гурван тэрбум хэмнэх гэж байгаад 3.5 тэрбум ам.долларын баталгаа гаргах хэрэг үү. Тийм зүйл байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж