Рианнагийн стилистээр “Fenty House”-ийн дэд захирал Жахлеел Уивер ажилладаг. Тэрбээр Рианнаг жирэмсэн болсныг мэдээд маш их баярлахын сацуу сандарсан гэж “Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ. “Би түүний өмнөөс маш их баярласан, учир нь түүний хувьд гэр бүл хэчнээн чухал болохыг би мэднэ. Гэхдээ юу юунаас илүү сандарч байна” гэжээ.
Жирэмсний эхний саруудад Рианна дэлхий нийтэд шинэ мэдээгээ задлахад бэлэн биш байсан учир өөрчлөгдөж буй биеийг нь далдлах даалгавар Уиверт өгсөн байна. Уивер харин түүний жирэмслэлтийг нуухыг хүсээгүй аж. Загварын ертөнцөд жирэмсэн эмэгтэй хувьсал хийж байсан тохиолдол тун цөөн. Рианна энэ хэв маягийг эвдэж чимэг зүүлт, богино цамц, доор суудалтай жинс өмдийг "сурталчилав". Нэгдүгээр сард Рианнаг жирэмсэн гэдгээ зарлах үед нэгэн оёдолчин түүний хувцасанд суналттай материал ашиглахыг санал болгожээ. Харин Уивер хариуд нь “Би хэзээ ч суналттай материалыг хүлээн зөвшөөрөхгүй. Рианна ч ингэж хэлэх байсан” гэж хатуухан хэлсэн. Энэ нь хэт энгийн уйтгартай гэж тэр дүгнэсэн байна. Гэдсээ ил гаргасан жирэмсэн эмэгтэй тийм хачин сонин гэж би бодохгүй байна гэж Уивер хэлжээ.
Рианна жирэмсэн гэдгээ зарлахдаа л хувцаслалтаараа шуугиан тарьсан. Тухайн үед Рианна 29 мянган ам.долларын үнэтэй “Chanel”-ийн хөвсгөр хүрэм, 1200 ам.долларын үнэтэй бүс сэлтээр гангарсан байсан. Ингээд тэрбээр өөрийн хамгийн дуртай Рианнагийн жирэмсэн дүр төрх болон хувцаслалтын цаадах түүхийг хуваалцлаа.
Анх жирэмсэн гэж зарласныхаа дараа Рианнагийн оролцсон хамгийн том арга хэмжээ бол “Fenty beauty Universe” юм. Жирэмсэн болоогүй байхдаа уг арга хэмжээнд “Attico” брэндийн гялтганасан захтай цамц, өмд өмсөхөөр төлөвлөж байжээ. Гэвч төлөвлөгөө бүтэлгүйтэж, зөвхөн түүнд зориулан Уиверийн захиалгаар урласан хувцсыг өмссөн.
Түүний дараа нь “Fenty beauty”-ийн шинэ бүтээгдэхүүний нээлтийн ёслолд Рианна оролцсон. Уг ёслол дээр “Coperni” брэндийн топ болон урт бошинз өмссөн нь мөн л анхаарал татав. Уивер болон түүний туслах Амир Дайи нарт Рианнагийн гэдсийг очир эрдэнийн шигтгээтэй гинжээр чимэглэх санаа төржээ. Тиймээс тэр даруй “Messika” брэндэд захиалга өгч гурван ч төрлийн гинж хийлгэж авсан байна. “Тэр яг л лусын дагина шиг харагдаж байсан. Энэ хорвоо дээр шинэ хүнийг авчирна гэдэг хэчнээн том бэлэг билээ дээ. Биеийнхээ тэрхэн хэсгийг яагаад улам тодруулж болохгүй гэж” гэж Уивер хэлжээ.
Жэй зи, Бейонсе нар Оскарын шагнал гардуулах ёслолын дараа үдэшлэг зохиосон. Уг үдэшлэгт Рианна оролцсон бөгөөд “Valentino” брэндийн хар торон даашинзаар гангарчээ. Үдэшлэгийн эхэн хэсэгт Рианна “Amina Muaddi” брэндийн өндөр өсгийт өмссөн байсан ч орой болох үеэр “Миний пүүз хаана байна” гэж сураглан, цагаан өнгийн “Vans” пүүзээр сольсон. “A$AP Rocky” уг пүүзийг “Vans”-тай хамтран гаргасан юм байна.
Одоо харин Уиверын хамгийн дуртай Рианнагийн жирэмсэн дүр төрхийг сонирхуулья. Рианна хоёрдугаар сард Лос-Анжелесийн “Giorgio Baldi”-д оройн зоог барих үедээ галзуу, чөлөөт хэв маягаар хувцаслав. Уг хувцаслалтад “Cavalli” брэндийн 2000 оны загвар болох барын эрээн хүрэм, “Dior”-ын гар цүнх, “Fendi”-ийн топ, “Awake”-ийн цэрэг ногоон малгай багтжээ. “Яг л 2000 онд эргэж очоод клубт орж байгаа мэт мэдрэмж төрүүлсэн хувцаслалт байлаа. Жинс өмдөн дээрээсээ шагайгаа тойруулсан оосор уясан нь зөвхөн Рианнагийн патентжуулсан загвар. Ингэснээр хөл илүү галбирлаг харагддаг. Би өөрийнхөө биеийг ийм сайн мэддэг хүнтэй урьд өмнө уулзаж байсангүй” гэж Уивер онцолсон байна.
Дараа нь Рианна Парисын загварын долоо хоногт оролцохдоо моделуудыг ажилгүй болгох дөхөв. “Дуулиан болно гэдгийг мэдэж байсан ч ийм хэмжээнд шуугина гэж би огт бодоогүй” гэж түүний стилист Уивер хэлжээ. Жирэмсэн хувцаслалт нэг л хэвийн уламжлалт байдаг тул эцсийн мөчид тэд бүх биеийг бүрэн харуулсан торон загварыг сонгожээ. Мөн “Amina Muaddi”-ийн лакан гутлыг сонгов. Түүний стилист Уивер хэлэхдээ, “Рианнагийн жирэмсэн үеийн хувцаслалт сэтгэл зүрхэнд минь маш онцгой мэдрэмж төрүүлдэг. Бүсгүйчүүд та нар гудамжинд гараад зүгээр л тийм ээ, би жирэмсэн гээд итгэлтэй зарлаарай” гэлээ.
Эх сурвалж: VOGUE
Холбоотой мэдээ