УЕП-ын хүсэлт ба асуулт, хардлага!

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

УЕП-ын хүсэлт ба асуулт, хардлага!

УЕП-ын хүсэлт ба асуулт, хардлага!

МАН-ын бүлгийн гурван гишүүний хамт Н.Алтанхуягийг халдашгүй бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. Спикерт ийм хүсэлт хэзээ мөдгүй ирэх нь Ерөнхий сайдын байр суурь болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн үг үйлдлээс ойлгомжтой байсан. УИХ-ын гишүүд наашаа харж уйлж, цаашаа харж инээж байгаад  “Шүүхээс үнэн зөвөө тогтоолгоод ир” гээд кноп дарцгаах нь  МАН-ын бүлгийн даргын хэлсэн үгнээс тодорхой уншигдав. Угаасаа сценарийг нь ингээд аль эрт зурчихсан. Тэгэхээр тэдний улс төрийн карьер энэ хүрээд өндөрлөх шинжтэй.

Г.ДАМДИННЯМ ЯАГААД СУГАРЧ ҮЛДЭВ?

МАН гучдугаар Их хурлаараа авлига албан тушаалын хэрэгтэй хатуу тэмцэхээ зарласны дараа Хөгжлийн банкийг тонож идсэн хулгай, луйврын хэрэг олон нийтэд ил болсон.  Тус банкнаас гаргасан 1.6 их наядын зээл чанаргүйд тооцогдож, тэдгээр зээлдэгчдийн дийлэнх нь МАН болон тэдний хамаарал бүхий хүмүүс. Ямар ч байсан Хөгжлийн банкийг тоносон хэрэгт арав орчим хүнийг буруутган цагдан хориод  хоёр сар болж байна.

Хэрэгт холбогдогчдыг мөрдөн шалгах ажиллагаа АТГ-т үргэлжилж буй агаад гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр нэр дурдагдсан  гишүүдээс гадна С.Бямбацогт, Ч.Ундрам, Г.Дамдинням нарыг ч мөн шалгаж  байгаа юм.  Харин тэдний асуудлыг УЕП яагаад  авч үлдсэн нь хачирхалтай хийгээд хардлага төрүүлж байна.

Г.Дамдинням нь  Г.Амартүвшин, Х.Ганхуяг нартай хамтран Хөгжлийн банкнаас “Вертекс майнинг партнер” компанидаа 33 тэрбумын зээл авсан гэх асуудалд нэр холбогддог. Атал хоёр найзынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос оруулсан хэрнээ “хэрэгт хамтрагч” Г.Дамдиннямыг авч үлдсэн шалтгаан юу байв. Улс төрийн хүрээнд түүнийг Сү-гийн фракц гэж ярьдаг. Магадгүй Л.Оюун-Эрдэнэ Сү-гийн фракцтай одоогоор дайн зарлах сонирхолгүй байгаа байх.

Харин Г.Амартүвшингийн хувьд хатан эхийн дургүйг багагүй хүргэсэн, үүнээс болоод хорхойтой араанд нь зуугдсан гэх яриа МАН-ын цагаан байрнаас сонсогдох болоод удаж байгаа. УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэс л тэд наанаа эв найрамдалтай мэт цаанаа хонь, чоно болсон гэдэг.  Тэгвэл Х.Ганхуяг нь АН-ын угшилтай, ардаа ямар нэгэн фракцигүй учраас туг тахихад хялбар байсан байх. Ё.Баатарбилэгийн хувьд “НВЦ” компаниас авлига авсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон гэх мэдээлэл бий.  Түүний нэрийг УЕП-оос оруулж ирдэг нь Ардын намын наяад оныхноос нь далаад оныхондоо өгч буй сануулга гэж хэлж болно. “Ах нар зүгээр байгаарай” гэсэн анхааруулга.

Н.АЛТАНХУЯГИЙН АСУУДАЛ НЬ ЮУ БАЙВ?

УЕП-оос гишүүдийг түдгэлзүүлэх санал УИХ-ын даргад хүргүүлэхээс хэдхэн цагийн өмнө Н.Алтанхуяг хэвлэлийнхнийг цуглуулж, АТГ-аас яллагдагчаар татсан тухайгаа дуулгасан. Түүний хэлснээс харвал Хөгжлийн банктай холбоогүй, огт өөр асуудлаар мөрдөн шалгаж байгаа бололтой.  Мэдээж, хуулийнханд эргүүлэн татах үндэслэл олдсон учраас түүний нэрийг Ардын намын гишүүдийн хамт оруулж ирсэн биз. Арай ч бас "хүн олдвол хэрэг тохчихно" гэж АТГ үзээгүй биз. Гэвч АТГ-д итгэхэд хэцүү, эрх баригчдын могойд барьдаг мод болсон гэх шүүмжлэлд өртдөг. Хэрэвзээ, Н.Алтанхуягийн амаараа хэлсэн Хөгжлийн банктай холбож шалгаагүй нь үнэн юм бол өөр ямар асуудлаар түүний эрхэнд "халдах"-ыг хүссэн байж болох вэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол”-той холбоотой нүүрсний гэх том хэрэг удахгүй дэгдэхийг сануулсан.  Бүр тодруулбал, “Тавантолгойн нүүрсний экспортын дундаас 60-70 ам.долларын зөрүү хусдаг бүхэл бүтэн бүлэглэл байгааг”-г Л.Оюун-Эрдэнэ ил тод зарласан нь санамсаргүй амнаасаа унагачихсан үг биш нь ойлгомжтой.  Энэ асуудлыг цэгцлэхэд манай улсын ДБН хоёр дахин тэлнэ гэсэн нэлээд том мөнгий хулгай луйврын тухай хөндсөн гэсэн үг.  Тэгэхээр Н.Алтанхуягийг энэ хэрэгт холбож шалгасан байж мэдэх л юм.  Н.Алтанхуягийн хувьд АН-ын бүлгийг түшихээс өөр арга үлдсэнгүй. Гэхдээ АН-ын бүлгийнд түүнийг авч үлдэх санаа байсан ч сачий хүрэхгүй. Ардын намын үнэмлэхүй олонх Н.Алтанхуягийн эсрэг санал өгөх нь гарцаагүй. Иймээс Н.Алтанхуягийн Төрийн ордонд суух хугацаа тун удахгүй дуусгавар болж магадгүй байна.

А.АДЪЯАСҮРЭН ЯАГААД "АЛГА БОЛЧИХСОН" БЭ?

Хэрэвзээ, Н.Алтанхуягийг нүүрсний бүлэглэлтэй холбон шалгаж байгаа бол А.Адъяасүрэн ч айдастай суугаа нь лав.  Учир нь, Ерөнхий сайдын нүүрсний бүлэглэлтэй холбон нэр цохож хэлсэн ганц хүн нь А.Адъяасүрэн. Олон нийтэд нэрийг нь зарласны дараа тэрбээр ордонд харагдахаа больсон. Нөгөө талаар түүний өмнөх хэргийг прокурорын байгууллагаас эргэн сэргээсна саяхан мэдээлсэн бий. Тэрбээр нүүрс тээвэрлэх “С” зөвшөөрөл авахын тулд авлига өгсөн гэх хэргийг Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхаа дараа цагаатгасан байдаг.

Түүнийг түдгэлзүүлэн шалгах асуудал УИХ-д хэзээ орж ирэх вэ гэсэн хүлээлт улс төр сонирхогчдын дунд бий. Энэ удаад  А.Адъяасүрэнгийн нэрийг оруулаагүй нь  экс Ерөнхийлөгчтэй холбоотой гэх хардлага байна. Үнэндээ, А.Адъяасүрэнг УИХ-аас явууллаа гэхэд түүний оронд  Х.Баттулга ороод ирвэл яах вэ гэсэн айдас Ардын намынханд байгаа бололтой.

НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХ УУ?

Гишүүнээс нь түдгэлзүүлэх нь шүүхээс үнэн, зөвөө шалгуулаад ир гээд явуулж байгаа асуудал. Хэрэвзээ шүүх буруугүй гэж үзвэл буцаад УИХ-д орж ирнэ. УИХ-ын тухай хуулийн 9.7-д "Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно" гэж зааж өгсөн.

Харин  шүүх гэм буруутай гэвэл гишүүнээс нь эргүүлэн татаж, тухайн тойрогт нөхөн сонгууль явуулна гэсэн үг.  Гэхдээ шүүх хэргийг нь шийдэхгүй яваад байвал УИХ-ын ээлжит сонгуультай ч золгож мэднэ. Ийм тохиолдол парламентад байгаа. Жишээ нь, өмнөх парламентын үед секс скандалын хэрэгт нэр холбогдож, өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдсөн Д.Гантулгын тойрогт нөхөн сонгууль огт явуулаагүй.  Түүнчлэн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Н.Номтойбаярыг сонгуулийн сурталчилгааны үеэр  ялласан зэргээс харвал ах нараасаа сурсан арга тактикийг Ардын намын дарга нар ашиглаж магадгүй юм.

Үндсэндээ, УИХ-д 62 суудалтай Ардын нам бүлгийнхээ арван гишүүнээр туг тахьсан ч үнэмлэхүй олонх хэвээрээ үлдэнэ, чанарын ялгаа ердөө байхгүй. Харин ч авлигатай манай, танай, хүний өөрийн гэлтгүй тэмцэж байгаа гэх итгэл үнэмшил төрүүлэх нь Л.Оюун-Эрдэнийн ч, Д.Амарбаясгалангийн ч хүсэл.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж