Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан гишүүдийн асуудлыг УИХ тав хоногт багтаан шийдвэрлэнэ. Тиймээс УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, Халдашгүй байдлын дэд хороог маргааш хуралдуулахаар болсон. Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, шийдвэр гаргасны дараа Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах юм.
Халдашгүй байдлын дэд хороо дөрвөн гишүүнтэй. Ингэхдээ улстөрд олон жил суусан туршлагатай улстөрчдөөс бүрддэг. Үүнд УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг.
Уг дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалдаг. Ийнхүү дээрх гишүүд прокуроос орж ирсэн хэргийн гишүүдийн материалтай танилцаж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлдэг аж. Энэ талаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн албан бичиг ирүүлсэн. Тиймээс үүнтэй холбогдуулаад УИХ-ын хэлэлцэх асуудалд өөрчлөлт орж байна. Маргааш Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахаар болж байна. УИХ-ын хуулиар дээрх асуудал орж ирсэн тохиолдолд ажлын таван хоногт багтаан шийдэх ёстой. Харин Пүрэв гаригт Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, Баасан гаригт чуулганаар хэлэлцэнэ. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай зөвхөн Халдашгүй байдлын дэд хороо танилцдаг. Түүний дараа бусад байнгын хороо асуудлыг хэлэлцэнэ.
-УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Нэгдүгээрт, материалыг нь үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт, намаас хатуу байр суурьтай байгаа. Бүх юм хуулийн дагуу явна, бид өөрсдөөсөө шударга ёсыг тогтоох хэрэгтэй. Гэхдээ энэ асуудлыг хууль журмын дагуу ёс жудагтай шийдээд УИХ-д дүгнэлтээ танилцуулах ёстой. УИХ хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой. Нууц санал хураалтаар шийднэ. Ихэнх тохиолдолд гишүүд санал нэгтэй дүн гардаг. Хурал удаан үргэлжилдэг. Хаалттай болдог. Хоёрдугаарт, санал оруулж ирсэн хүмүүсийн бүх материалыг танилцуулдаг. Бусад гишүүд танилцах бололцоо байхгүй.
-УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Хуулийн дагуу Улсын Ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирдэг. Уг асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо болон бусад байнгын хороод хэлэлцээд УИХ-аар оруулдаг. Тав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Халдашгүй байдлын дэд хороо хурал зарлах байх. Авлига албан тушаалд холбогдсон гишүүд асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулж үнэнийг нь тогтоолгох хэрэгтэй. Хэрэв буруугүй бол эргээд орж ирэх нь нээлттэй. Халдашгүй байдлын дэд хороо нь мөрдөн байцаах, хэрэг материалтай нэг бүрчлэн танилцаж үзэх эрхтэй. УИХ-д таван удаа сонгогдсон гишүүний хувьд би ийм л байр суурьтай байна. Ямар нэгэн хэрэгт холбогдсон бол гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулах нь зөв.
МАН ДӨРВӨН ГИШҮҮНЭЭР “ТУГ ТАХИХ” УУ?
Прокуророос УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. Дээрх гишүүд Хөгжлийн банкны асуудалд нэр холбоотой. Ийнхүү ирэх Баасан гаригийн чуулган “халуухан” уур амьсгал дунд гишүүд нууц санал хураалт явуулж дээрх ангийн нөхдөө явуулах эсэхээ шийднэ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн хувьд шалгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, прокуророос нэр оруулж ирэхийг хүлээж байгаа гэсэн бол Х.Ганхуягийн тухайд улстөрд орохоос өмнө тус зээлийг авч байсан. Шалгуулахад бэлэн гэсэн мэдээллийг өгч байв. Харин Ё.Баатарбилэг гишүүн АТГ-т нэг удаа мэдүүлэг өгчээ. Тэрбээр жолоочоороо дамжуулан зээлдэгч "НВЦ" компаниас 100 сая төгрөгийн авлига авсан хэрэгт холбогдоод буй. Сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа “Өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж прокурорын тогтоолтой танилцсан. Намайг яллагдагчаар татсан байна лээ. Мэдүүлгээ өчигдөр хүргүүлсэн. Би мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах эсвэл зугтсан зүйлгүй. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас энэ талаар хамаагүй зүйл ярьж болохгүй гэсэн. Би "НВЦ"-ийн захирал Ц.Баатарбилэгийг танина. Бид хоёр олон жил нөхөрлөж байна. Ц.Баатарбилэг 2017 онд Хөгжлийн банкаас зээл авсан. Үүнд би нөлөөлөөгүй” гэлээ.
Тэгвэл УИХ дахь сөрөг хүчний гишүүн Н.Алтанхуягийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна.
Ийнхүү гишүүдийн нууц санал хураалтаар дээрх гишүүдийн хэн нь явахыг чуулганаар шийднэ. Гэхдээ хэн нь үлдэх вэ гэсэн тохироо МАН-д өрнөж буй биз ээ. Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай нэр холбогдсон хүмүүст хатуу хариуцлага тооцохоо амласан. Тиймээс МАН-ынхан дээрх гишүүдэд хариуцлага тооцох нь гарцаагүй биз ээ.
Холбоотой мэдээ