"Төвийг сахих хуулийг баталбал олон асуудлаас мултарна"

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

"Төвийг сахих хуулийг баталбал олон асуудлаас мултарна"

"Төвийг сахих хуулийг баталбал олон асуудлаас мултарна"

Цар тахал, олон улсын хямрал Монголын эдийн засагт хүндхэн цохилт болоод буй. Урд хөрш хаалттай, хойд хөрш нь зэвсэгт мөргөлдөөнтэй энэ үед хоёр улстай хил залгаа оршдог монголчуудын хувьд ачаа бараагаа татахаас эхлэн валютын хомсдол үүсч, үнийн хөөрөгдөлд дарлуулж байгаа нь нууц биш. Ялангуяа, ОХУ, Украин улсын хоорон дахь дайн  Монгол Улсад сүүдрээ тусгаж, нийгэм эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Энэ асуудлаар өнөөдөр /2022.04.26/  “ОХУ Украины асуудлаас үүдэлтэй Монгол Улсын эдийн засаг тулгарч буй сорилтууд” хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр валютын ханш, эдийн засгийн нөхцөл байдлын талаар салбарын төлөөллүүд  байр сууриа илэрхийллээ.


Эдийн засагч Б.ТҮВШИНТӨГС: 

– Монголбанк өнөөдрийг хүртэл валютын ханшийг интервенцээр зохицуулж ирсэн. Бид төгрөгөө барьж очоод ам.доллар авъя гэвэл авч чадахгүй байгаа. Энэ нь ам.долларыг чөлөөтэй урсгаж гаргахгүй хяналт тавьж, эдийн засагтаа үлдээх гээд үзээд байна. Ийм шинэ нөхцөл байдал үүссэн. ОУВС ийм хяналт хийхийг зөвлөдөггүй байсан. Ханш эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлээд чөлөөтэй тогтож байх ёстой. Ханш огцом суларвал ам.доллар байхгүй байна гэж ойлго гэж зөвлөдөг. Тиймээс ийм хяналт тавьж байгаагүй юм. Харин одоо ийм хяналт тавьж байна. Ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй.

Хоёрдугаарт, валютын ханш тогтвортой байна гэсэн ойлголт байхгүй. Манайхан ханш тогтвортой байхаар л санаа амраад байдаг.  Ийм ойлголт нийтлэг. Гэтэл гадаад валют хөрөнгийн нэг хэлбэр учраас инфляцитай адил хөдөлгөөнтэй байх ёстой.

Харин валютыг булингартуулж буй нэг ойлголт нь уул уурхайн салбар нь өөрөө валютын орлого их оруулдаг болохоор төгрөгийн ханшийг чангаруулах үүрэг гүйцэтгэж байдаг. Энэ нь хүмүүст валют тогтвортой байх ёстой гэж ойлгоод байх шиг. Валютын ханш савлахад Монголбанк нь хүртэл сандраад интервенц хийдэг. Уг нь ийм шаардлага байхгүй. Уг нь валютын зах зээл өөрөө өөрийнхөө үнийг тодорхойлдог байх ёстой.

ОРОС, МОНГОЛЫН ХООРОНД ТОХИРОЛЦСОН БҮХ ХЭЛЭЛЦЭЭР ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ

Олон улсын харилцааны судлаач, профессор Д.БАЯРХҮҮ: 

-Монгол Улсын эдийн засаг, хамтын ажиллагааг Украины дайны золиос болгож болохгүй. В.Путин Украины нутаг дэвсгэрийг бүрэн эзэмшилдээ авах гэсэн өндөр амбицаасаа татгалзсан цагт л дайн дуусна. Хэрэв энэ амбицаас татгалзахгүй бол дайн зогсохгүй. Ядахдаа 2014 оны өмнөх Украиныг эргүүлээд өгвөл энэ асуудал дуусна. Өөрөөр хэлбэл, нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэсэн үг. Хоёрдугаарт Украины ард түмэнд учруулсан сэтгэл санааны асар их хохирлыг ОХУ-аар төлүүлсний дараа.

Мөн ОХУ-ын удирдлага дээрэнгүй үзлээсээ татгалзах хүртэл олон улсын хориг зогсохгүй. Тэгэхээр Монгол Улс, ОХУ-ын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар 2022 онд эерэг бодитой ямар ч зүйл хүлээх аргагүй болсон.

Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ руу айлчлахад хамт бүрэлдэхүүнд багтаж байсан. Миний дүгнэлтээр хоёр улсын Ерөнхийлөгчийн ярилцаж тохиролцсон бүх хамтын ажиллагаа энэ онд хэрэгжихгүй. Цахилгаан станц, эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний 80 хувийг хангах зэрэг бүх хэлэлцээ хэрэгжих боломжгүй. ОХУ-ын эдийн засаг маш том санкцт байгаа тул бидэнд илүүлчлэх зүйл байхгүй. Бидний төлөө ажиллах албагүй. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг л  үзэн ядаж хорссон хүмүүс  төвийг сахих төрийн бодлогыг унагасан.

ОХУ, Украин дайнтай байгаа нь бидэнд маш таагүй үйл явдал. Дараа нь ОХУ, Казахстан дайтвал яах вэ. Улмаар Монгол үндэстэн дотроо хоёр хагарна. Тиймээс бид төвийг сахих л ёстой.

Төвийг сахих тухай хуулийг 2015 онд УИХ-ын Аюулгүй байдал, байнгын хороогоор хоёр удаа хэлэлцүүлж байсан. Тэр үед энэ хуулийг баталсан бол бид өнөөдөр хуваагдаж нийгмээрээ талцахгүй. Иймд уг хууль эргэн сэргэнэ гэдэгт итгэлтэй байна. Төвийг сахих хуулиа баталбал бид олон асуудалд бид эвгүй байдлаас мултарч болно.

ВАЛЮТЫН ХЯЗГААРЛАЛТ, ТЭЭВЭР СААТАХ АСУУДАЛ ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны УЗ-ийн гишүүн Х.ДЭЛГЭРЦЭЦЭГ: 

-Төрөөс хувийн хэвшлийг дэмжих тал дээр сайн биш. Бидний гол зорилго тээвэрлэлтийн зардлыг бууруулах вэ гэдэг асуудал. Үүнд хувийн хэвшлийнхэн ажиллахгүй биш анхаарч байгаа. Хоёрдугаарт, Орос, Беларусь улсын авто тээвэрлэгчдийг Европын орнуудаар нэвтрэхийг хориглосон. Гэтэл Монгол Улс руу явж буй нийт ачааны 80 хувийг Беларусь улсын тээвэрлэгчид хийдэг. Яагаад гэвэл тээврийн өртгийн хувьд харьцангуй дундаж. Тэгвэл бид дотоодын нөөц боломжоо ашиглах хэрэгтэй.

Хамгийн гол нь, тээвэр зуучлагч компаниудын өмнө тулгамдаж буй асуудал нь валют солилцоо. Үүнд Монгол банкны шийдвэрийн дагуу хоёр байгууллага зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийж байна.

Гэтэл тээврийн зардлыг бид ихэвчлэн гадаад руу валютаар шилжүүлэх шаардлагатай болдог. Харин харилцагч нараас авсан тээврийн зардал монгол төгрөгөөр байдаг. Бид ам.доллар худалдаж авъя гэхэд өдрийн нэг сая төгрөгийн хязгаартай. Энэ асуудал нь тээвэр саатаж болзошгүй байгаа нь маш хүнд нөхцөл. Бид харилцагч нарт тээврийн зардлаа валютаар төлөхийг зөвлөдөг ч Монголбанкнаас хэрэгжиж буй дүрмийн дагуу төгрөгөөр л төлөх шаардлагатай болж байгаа юм. Иймд уг асуудлыг төв банкнаас анхаарч тээврийн логистикийн компаниудад валют худалдан авах эрхийг нь нэмэгдүүлбэл илүү тустай байна.

БУСДЫГ ЗОЛИОСЛОДОГ ХАРГИС БОДДЛОГООСОО ТАТГАЛЗ 

Бизнесийн удирдлагын доктор, эдийн засагч Б.ЛХАГВАЖАВ: 

-Дэлхий бол 4-5 блок руу орно. Энэ маш хаалттай. Иймд олон улс хүйтэн дайны үе рүү буцна. Монгол Улсын хувьд гол асуудал нь бидний 30 тэрбум ам.долларын өрний 22-23 тэрбум ам.доллар нь хувийн аж ахуйн нэгжид байгаа. Үүний 22 тэрбум нь барууны хөрөнгө оруулалт. Үүнийг татаж эхэлбэл гамшиг болно. Гэхдээ бид улс төрийн хувьд бодлогоо тодорхой хэлбэл 22 тэрбумын асуудлаас гарах хэрэгтэй. Эдийн засагчид бөөрөнхийлөх гээд байна.

ОХУ, Украины дайн эхэлсэн доргионоор арилжааны банкууд ашигтай ажилласан шүү. Сүүлийн 20 жил валютын худалдааг арилжааны банктай хийдэг. Валютын биржтэй болох санааг дэмжихгүй, байгуулахгүй байсан гол шалтгаан нь Монголбанк арилжааны банк хоорондын ханцуй доторх наймааг үрэвслүүлээд байгаа юм. Нуулгүй хэлэхэд, арилжааны банкууд маш ашигтай ажилласан. Өнөөдөр банкууд  Засгийн газрынхаа өвөрт орсон. Та нарт ашигтай байж болно. Гэхдээ 2013, 2019 оны эдийн засгийн хямрал банкуудад үргэлж ашигтай тусдаг. 2013 оны эдийн засгийн хямралаар банк, барилгын салбарын аль нэг нь дампуурахад тулсан. Энэ үед барилгын салбар дампуурсан. Үүнтэй адил банкны систем цэвэр үлдэх гэж үргэлж золиос хийдэг. Ийм харгис бодлогоос татгалзах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж