Хятад улс өнгөрсөн долоо хоногт Соломоны арлуудтай аюулгүй байдлын томоохон гэрээ байгуулсан. Уг гэрээ нь Хятад улс Номхон далайн өмнөд хэсэг дэх цэргийн түшиц газар болж байна гэдэг утгаараа АНУ болон түүний холбоотнуудыг айлгаж буй.
Тэгвэл Япон улс ч бас энэ гэрээнээс үүдэлтэйгээр Гадаад хэргийн дэд сайдаа өчигдөр /2022.04.25/ Соломоны арлууд руу илгээлээ. Тус улсын Гадаад хэргийн дэд сайд Кэнтаро Үэсүгигийн гурван өдрийн айлчлал нь АНУ-ын өндөр албан тушаалтнуудын айлчлалын дараа болж байна. Хэрвээ Хятад, Соломоны арлууд хоёрын аюулгүй байдлын хэлэлцээр нь АНУ болон холбоотнуудын ашиг сонирхолд заналхийлвэл Вашингтоны зүгээс арга хэмжээ авна гэдгээ анхааруулжээ.
Хятадын цэргийн нөлөө улам нэмэгдэж буйтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд Япон улс нь АНУ, Австрали, Энэтхэг, Франц, Их Британи, Герман тэргүүтэй түншүүдтэй аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цэргийн сургуулилалт хийх болсон.
“Энэхүү хэлэлцээр нь Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй” гэж Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши Баасан гаригт мэдэгдсэн. Түүнчлэн зүүн болон өмнөд Хятадын тэнгист улам бүр хүчирхэгжиж буй Бээжингийн цэргийн үйл ажиллагаа нь дэлхийн хамгийн ачаалалтай далайн замд аюул заналхийлж байна гэж Японы тал үзэж байна.
Энэ удаагийн айлчлалаараа Кэнтаро Үэсүги хоёр талын болон бүс нутгийн асуудлыг хэлэлцэх ажээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ