
Энэ оны эхний хагас жилийн байдлаар шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 14.8 хувиар, ял шийтгүүлэгчид 24.5 хувиар тус тус буурсан бол иргэний хэрэг 5.5 хувиар өсчээ. Ер нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаа иргэний хэрэг жил ирэх тусам өсч байгаагийн дотор хөдөлмөрийн эрх зүйн маргаан нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал 2008 оны байдлаар хөдөлмөрийн эрх зүйн маргаан 682 гарч байсан бол 2009 онд 967 болж 41.7 хувиар өсчээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн онтой харьцуулбал 13.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Энэ төрлийн маргааны олонхи нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай асуудал байна. Тухайлбал, 2008 онд нийт Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн 682 хэргийн 439 буюу 64.3 хувь нь, 2009 онд ийм төрлийн нийт 967 хэргийн 640 буюу 66.1 хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэрэг байв. Нийслэлд 2009 онд ажлаас үндэслэлгүй халагдлаа хэмээн 286 хүн шүүхэд хандсан бол орон нутгаас Баян-Өлгийд 33, Орхонд 26, Хөвсгөлд 29, Дархан-Уулд 23, Увсад 22 хүн шүүхэд ийм нэхэмжлэл гаргасан нь бусад аймгуудтай харьцуулахад хамгийн олон байна. 2008 оны байдлаар ийм төрлийн нэхэмжлэл гаргасан нийт хүний 132-ыг нь буюу 30 хувийг шүүх ажлаас үндэслэлгүй халсан байна гэж үзэж ажилд нь буцаан тогтоожээ.
Н.Түвшин