Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн NTV телевизэд өгсөн ярилцлагаас хүргэж байна.
-Үнийн өсөлт буюу инфляци улсын хэмжээнд 14.4 хувь байна. Нийслэлд үүнээс давчихсан байна. Тэгэхээр үүний гол шалтгаан юу вэ. Засгийн газрын буюу эрх баригчдын хийж чадах, үнийн өсөлтийг бууруулах боломжтой хэсэг нь аль вэ?
-Гуравдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индекс буюу бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотод 15.8 хувьтай гарсан. Үнэ ноднинтой харьцуулахад дунджаар 14.4 хувиар өссөн гэсэн үг. Үүн дотор үнэ нь 200 хувь өссөн бараа байгаа, үнэ нь өсөөгүй бараа ч бий. Судалгаагаар нэг өрх дунджаар сард 373 төрлийн бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг. Биднээс хамааралтай буюу Монгол Улсын зүгээс хэрэгжүүлж, үнийг тогтворжуулах боломжтой бараанууд юу вэ гэвэл дотоодод үйлдвэрлэдэг мах, гурил зэрэг бараа бүтээгдэхүүнүүд байж болох юм гэж харж байна.
Импортын бараа, бүтээгдэхүүнүүд гадаад зах зээлээс шууд хамааралтай учраас үнэд нь шууд нөлөөлөх боломжгүй, хүлээж л авдаг улс гэсэн үг. 14.4 хувийн инфляцийн талыг буюу 51 хувийг импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт эзлээд байна. Үүн дотроо нефтийн бүтээгдэхүүний үнэ 48 хувийн өсөлттэй байна. Ноднин 1450 төгрөг байсан АИ 92 бензиний үнэ 2400 төгрөг рүү дөхсөн. Яагаад гэвэл гадаад зах зээл дээр нефтийн үнэ ерөнхийдөө 1.5 дахин өсчихөөд байгаа. Тэгэхээр бид импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх боломжгүй. Харин дотоодод үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдалгүй байлгах арга хэмжээ авч болох юм. Дээрээс нь эрэлтийн гаралтай инфляци байвал үүн дээр төсөв, мөнгөний бодлогын хүрээнд зайлшгүй арга хэмжээ авч, үнийн өсөлтийг тогтворжуулах шаардлагатай гэж онолын хувьд үздэг.
-Үнэ өсч буйн 40 хувь дээр бид ямар нэгэн бодлого, зохицуулалтын арга хэмжээ авах боломжтой гэж ойлгож болох уу?
-Тийм. 373 бүтээгдэхүүний 200-г нь бид импортолдог. Үлдсэн 173 орчим нь дотоодод үйлдвэрлэдэг боловч сав баглаа боодлоос эхлээд импортын орцууд бий. Мөн бүхий л түүхий эд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр нефтийн бүтээгдэхүүний орц байдаг. Яагаад гэвэл бензин, машинаар тээвэрлэдэг, зардал ордог учраас тэр. Тэгэхээр дотоодод үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний үнэд импортын болон нефтийн бүтээгдэхүүний үнэ шингэж байна гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт батлагдсан хуулийг харвал үнийн өсөлтийг мах, гурил, шатахуун дээр тогтворжуулах хууль гарсан гэж харж байгаа. Гэхдээ иргэд ойлгох ёстой.
Бидний сонгосон эдийн засгийн зарчим бол чөлөөт зах зээл. Энэ хууль үнийн огцом өсөлтийг л аль болох сааруулах болохоос биш яг нэг түвшинд барина гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл үнийг нэг түвшинд барьвал бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх эрсдэлтэй. Жишээ нь, талхны үнийг 1600 төгрөгөөс дээш гаргаж болохгүй гээд үйлдвэрлэгчид заагаад өгчихвөл зардал нь 1600 төгрөгөөс давбал талх зарах болгондоо алдагдал хүлээх тул үйлдвэрлэхээ больчихно. Ингээд хомсдол үүсэх эрсдэлтэй учраас энэ хуулийн хувьд олон улсын хямралт нөхцөл байдлын үед аль болохоор зах зээлд бүтээгдэхүүний тасалдал гарахгүй байх дээр илүү нөлөө өгөх болов уу гэж харж байна.
-Манай инфляци сүүлийн 3 жил нам дор, ерөнхийдөө бодлогын зорилтын түвшинд байж байгаад энэ жил ковид болон ОХУ, Украины асуудал гээд хоёр том хүчин зүйлээс болж савлаж байна. Олон улстай харьцуулахад үнийн өсөлт ямар түвшинд байна вэ?
-Хөгжиж буй улсуудыг харахад сүүлийн 40 жилд болоогүй үнийн өндөр өсөлт явж байна гэсэн статистикууд гарч байна. АНУ-д инфляци 8.4 хувь, Европын холбооных 7-8 хувь, ОХУ-д 10 хувь давж, Туркт 20-30 хувь давжээ. Манайх мөн нэлээн өндөр өсөлттэйд орж байна. Яагаад гэвэл импортын хараат байдал их. Мөн гол худалдааны түнш БНХАУ-д цар тахлын эсрэг хилийн хориг хатуу баримталж байгаа нь инфляцид дам нөлөө нь илүү өндөр байна.
Бүс нутгийн хэмжээнд харахад хүнсний инфляцийн өсөлтөөр манай улс 18 хувь буюу бүс нутагтаа нэгдүгээрт явж байна. Тэгэхээр инфляци яалт ч үгүй бидний хувьд анхаарах асуудал юм. Яагаад гэвэл ядуурлын шугам гэдэг нь хэрэглээн дээр үндэслэдэг. Бараа, бүтээгдэхүүний үнэ дунджаар өсөөд байх тусам тэр үнийн өсөлтийг дааж чадахгүй, ядууралд өртөх хүн амын эзлэх хувь өндөр байдаг учраас УИХ, Засгийн газар дээр хууль хүртэл гаргаж байна гэж ойлгож байна.
Ярилцлага бүтнээр нь үзэх: https://www.facebook.com/NTVNewsMN/videos/512700680397866
Холбоотой мэдээ